Ерөнхийлөгч Мурси төлөөлөгчдийг гайхашруулав

Хуучирсан мэдээ: 2012.09.03-нд нийтлэгдсэн

Ерөнхийлөгч Мурси төлөөлөгчдийг гайхашруулав

Тегеранд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний саммит нь Ираны гадаад бодлогын том амжилт болох ёстой байв. Гэтэл олны анхаарлын төвд Египетийн ерөнхийлөгч Мурси байлаа гэж Германы хэвлэлүүд бичиж байна.

Sоddeutsche Zeitung сонин бичихдээ: Эхлээд бүгд л дажгүй мэт байв.
Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний саммитийн эхний хоногуудыг Ираны амжилт гэж
тооцож болохоор байлаа. Тэнд хэдэн арван төр, засгийн лидерүүд цугларч
зуу гаруй орноос төлөөлөгч иржээ. Египетийн шинэ ерөнхийлөгч Мухаммед
Мурси хүрэлцэн ирсэн нь 1979 оноос хойш Египетийн тэргүүн анх айлчилсан
хэрэг болж, Иран дэлхийн тавцнаа чухал тоглогч болох хүсэлтэйг харуулсан
хэрэг болов. Гэтэл Мурсигийн хэлсэн үг тэр сайтар найруулсан тоглолтыг
нь баллав.

Египтын ерөнхийлөгч Сирийн ерөнхийлөгч Ассадыг “дарангуйлагч” гэж
нэрлээд босогчдод туслахыг уриалав. Ираны цочролд орсон удирдлага мөн
түүнчлэн Энэтхэг, Тунис, Индонезийн болон бусад орны төлөөлөгчид шууд
довтолгооны гэрч болов. Ираны дэглэм нь Ассад нөхөр ба түүний уналтыг
яаж ийгээд зогсоохыг эрмэлзэж байгаа билээ.

Өмнө нь туршлага муутай, эв хавгүй яриагаараа доог болж байсан,
“Мусульман ахан дүүс” хөдөлгөөнөөс гарсан Мухаммед Мурси Тегеранд төрийн
жинхэнэ зүтгэлтэн болж буйгаа харууллаа. Тэрээр Эвсэлд үл нэгдэх
хөдөлгөөнд жинхэнэ удирдагч байхыг үзүүлэн бүх асуудлыг өөрийн нэрээр нь
нэрлэн тоочив. Сири, Палестины автономи, хөдөлгөөний Ойрхи Дорнодын биш
оролцогсодын зорилго, даалгаврыг хэлж өгөв. Энэ нь Египетийн нэр
хүндийг өргөсөн асуудал боллоо. Иранчууд харин Сирийн сөргөлдөөн дэх
эргэлзээтэй дүрээ нуух гээд боломжоо алдав гэжээ.

Энэ сэдвийг Frankfurter Rundschau сонин үргэлжлүүлэхдээ: Саммитийн гол
дүрийг Египетийн шинээр сонгогдсон ерөнхийлөгч Мухаммед Мурси бүтээлээ.
Уг саммитийн өмнө тэр жинхэнээсээ Тегеранд очих уу, тэр нь Каир,
Вашингтон ба Израильтай байгуулсан энхийн гэрээнд ямраар нөлөөлөх вэ
гэсэн маргаан их гарч байв. Иран, Египет хоёр 1979 оноос дайсагнасан
харьцаатай явж ирлээ. Одоо “Мусульман ахан дүүсийн” төлөөлөгч Мурси
Тегерантай исламын тэнхлэг байгуулж магадгүй гэсэн яриа ч гарч байв.
Гэвч Каир ба Тегераны ойртолтод тодорхой сонирхлууд давамгайлжээ. Каир
дахин бүс нутгийн тэргүүлэх хүчин болохыг хүсч байна. Үүний тулд түүнд
АНУ-тай сайн харилцаагаа хадгалах шаардлагатай гэхдээ хэтэрхий нягт
хамтын ажиллагааны зангилаагаа сулруулахыг үүнтэй зэрэгцүүлэн хийх болж
байна.

“Бид Египет-Израилийн харилцааны хүлээснээс суллагдах ёстой. Египет нь
АНУ-ын түншийн байхдаа Израильтай энхийн байдалд байхаас илүүтэйг өгч
чадна” гэж Египетийн нэр хүндтэй дипломатуудын нэг Набиль Фахми хэлсэн
байна. Саммитийн анхны өдөр Мурси дуулиантай үг хэлснээс юу санал болгож
байгаа нь ойлгомжтой болов. Тэр өөрийн үгэндээ Ассадыг “дарлагч” гэж
нэрлээд Сирийн ард түмний эрмэлзэлэлийг дэмжлээ. Тийм яриаг нөхөрсөг
орондоо ирээд сонсоно гэж бодоогүй байсан Сирийн төлөөлөгчид хурлыг
орхин гарцгаав гэж бичсэн байна   

Тегеранд болсон Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний саммит

Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний саммит наймдугаар сарын 26-нд Ираны нийслэл Тегеран хотноо нээгдэн наймдугаар сарын 31 хүртэл үргэлжлэв. Чуулганд 120 орны төлөөлөгчид тэдний тоонд 36 улсын төрийн тэргүүн нар оролцжээ. Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурси, Энэтхэгийн Ерөнхий сайд Манмохан Сингх, Куба улсын лидер Рауль Кастро нар тэнд ирсэн байв.

Хуралдаан зургаа хоногүргэлжилж эхлээд орлогч сайд нар, дараа нь Гадаад хэргийн сайд нар пүрэв гаригаас төрийн тэргүүн нар цугларсан байлаа. Иран Сирийн сөргөлдөөнийг зогсооход чиглэгдсэн санаачлагатайгаар оролцлоо. Саммитийг зохион байгуулсан Иран өөрийн нэр хүндээ өсгөх зорилготой байсан юм. Саммитийг нээсэн Ираны Гадаад хэргийн сайд Акбар Салехи төлөөлөгчдөд хандан Барууны хоригийн эсрэг тэмцэлд нь Ираныг дэмжихийг уриалсан аж. Саммит явуулж байгаа нь Ираны нэр хүндийн асуудал болсон юм. Саммитад НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Бан Ги Мун оролцсон нь хоёрдмол байдлыг төрүүлэв. АНУ ба Израиль үүнд  нь шүүмжлэлтэй хандлаа. Ерөнхий нарийн бичгийн даргын төлөөлөгч хэлэхдээ Эвсэлд үл нэгдэх хөдөлгөөний өмнө хүлээсэн хаиуцлагаа мэдрэн Бан Ги Мун урилгыг хүлээн авсан гэжээ.

Иран орчуулагчид Египетийн ерөнхийлөгчийн үгийг сольж дамжуулжээ

Египетийн ерөнхийлөгч Мохаммед Мурсигийн үгийг Араб хэлнээс перси рүү орчуулахдаа иран орчуулагчид “Сири” гэсэн үгийг “Бахрейн” болгон дамжуулсан тухай Францын Le Monde сонины сайтад нийтэлжээ.

“Египетийн хувьсгал нь арабын хаврын эхлэл болоод дараа нь хувьсгал Тунис ба Йеменд хийгдлээ. Өдгөө хувьсгал Сирийн дарлагч дэглэмийг ганхуулж байна” гэж Мурси хэлсэн. Харин Ираны телевизээр түүнийг дамжуулахдаа шууд орчуулагч нь “Сири” гэсэн үгийг “Бахрейн” болгон хэлжээ. Тийм маягаар Египетийн ерөнхийлөгчмийн үг Ираны хэвлэл мэдээллээр тараагджээ. Тегеран Башар Ассадын дэглэмийг дэмждэг бөгөөд үүний зэрэгцээ мусульман шиитүүдийн сөрөг эсэргүүцлийг дарж буй Бахрейныг Иран эрс шүүмжилдэг. Харин Ираны төрийн агентлаг ISNA, Мурсигийн Сирийг шүүмжилснийг дамжуулсан гэж Le Monde тэмдэглэхдээ харин Ассадын “дарлагч дэглэм” гэсэн талаар нь орхигдуулсан гэжээ. Мурсигийн үгийг засварласныг Ираны олон нийтийн сүлжээнд шүүмжилсэн гэдгийг Le Monde сонин өгүүлсэн байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж