Абрамович Исинбаевагийн хүслийг биелүүлнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Абрамович Исинбаевагийн хүслийг биелүүлнэ

“Челси” клубын эзэн, ОХУ-ын тэрбумтан Роман Абрамович тулгуурт харайлтын шилдэг тамирчин Елена Исинбаевад зориулж, түүний төрөлх Волгоград хотын спортын ордныг шинэчлэн засварлахад шаардлагатай зардлыг бүрэн хариуцахаар болжээ. Олимп, тив, дэлхийн аварга Елена Исинбаева болон Роман Абрамович нар өнгөрсөн оны арванхоёрдугаар сард Швейцарийн Цюрих хотноо FIFA-2018, FIFA-2022 тэмцээнийг зохион байгуулах орныг тодруулах арга хэмжээний үеэр уулзсан аж. Энэ үеэр Исинбаева Волгоград хотын спортын ордонг сэргээн засварлах ажилд туслахыг хүссэн бөгөөд ноён Абрамович ч түүний хүсэлтийг уриалгахан хүлээн авсан гэнэ. Тус ордон өвлийн цаг маш хүйтэн байдаг учир бэлтгэл хийхэд хүндрэлтэй, мөн гүйлтийн зам нь хуучирсан гээд засварлах шаардлагатай олон зүйл байгаа аж.

Тулгуурт харайлтын хатан хаан гэгддэг Исинбаева энэ сараас эхлэн шинэ дасгалжуулагч Евгений Трофимовын хамт Волгоград хотод бэлтгэлээ эхлүүлээд байгаа юм. Трофимовын хэлснээр Елена ноён Роман Абрамовичид хандан санхүүгийн асуудалд туслахыг хүсч, тэр ч зөвшөөрсөн гэнэ. Улмаар Абрамивочийн хүмүүс саяхан Волгоград хотод зочилж, шаардлагатай мэдээллийг цуглуулж, тооцоо хийгээд явсан байна.

Елена Исинбаева 2005 оны арваннэгдүгээр сараас 2011 оны гуравдугаар сар хүртэл дасгалжуулагч Виталий Петровтой хамтран ажиллаж байсан юм. Петров өмнө нь Зөвлөлтийн домогт тамирчин, дэлхийн рекордыг 35 удаа шинэчилж байсан Сергей Бубкаг дасгалжуулж байжээ. Бараг есөн сарын хугацаанд уралдаан, тэмцээнд оролцолгүй нам жим байсан “Юбкатай Бубка” өнгөрсөн сард их спортдоо эргэн ирж, Москва хотноо болсон Оросын өвлийн уулзалт тэмцээнд 4,81 метрийн амжилт гаргасан юм. Одоо түүний гол зорилго 2012 оны Лондонгийн олимп гэнэ.

С.Цэлмэг
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж