Ж.Пуччинийн “Тоска” дуурь эгшиглэнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Ж.Пуччинийн “Тоска” дуурь эгшиглэнэ

Суут хөгжмийн зохиолч Ж.Пуччинийн “Тоска” дуурийг ирэх бямба гаригт буюу ирэх сарын 2-нд Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын тайзнаа тоглох гэж байна.

Тус дуурийн цомнолыг Ж.Жакоза, Л.Иллихи нар зохиож, анх 1900 оны нэгдүгээр сарын 14-нд Ром хотын “Костанци” театр тоглож байсан аж. Тухайн үед алдарт жүжигчин С.Бернартад зориулж бичсэн В.Сардугийн “Флория Тоска” жүжгээс сэдэвлэн цомнолыг бичсэн бөгөөд үйл явдал 1800 онд Ромд болох ба жирийн зураач Кавародосси шоронгооос оргосон эх оронч Анжелоттид тусалснаар бүх зүйл эхэлнэ. Ж.Пуччини тухайн үед В.Сардугийн “Флория Тоска” жүжгийг үзээд сэтгэл нь маш их хөдөлж, улмаар хөгжим бичиж дуурь болгосон гэдэг.

Энэхүү дуурь Ж.Пуччинийн хамгийн хүнд драмтай дууриудын нэг бөгөөд авьяаслаг, үзэсгэлэнтэй хэдий ч огцом сэтгэлийн хөдөлгөөнтэй хартай, гэнэн бүсгүй Тоска, хийсвэр, мөрөөдөмтгий, мэдрэмтгий, шулуун шударга Каварадосси, санаа муутай, хашир, харгис хэрцгий Скарпья нарийн дүрийг тус тусад нь маш тодорхой хөгжмийн аялгуугаар гаргаж ирсэн нь сонсогч, үзэгчдийн сэтгэлийг зуун жилийн турш байлдан дагуулсаар байна.

М.Урин
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж