Хонгорчууд шаардах бичиг гаргалаа

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Хонгорчууд шаардах бичиг гаргалаа

Хонгор сумын талаар хордсон, хордоогүй гэсэн олон мэдээлэл  байдаг ч хэн ч эцсийн хариу өгч чадахгүй байсаар байна. Өнөөдөр Хонгор сумын хордсон иргэдийн төлөөлөл, “Монголын үндэсний ногоон хөдөлгөөн ”-ий тэргүүн А.Саруул нар мэдээлэл хийлээ. Монгол Улсын Засгийн газар Хонгор суманд цианит болон бусад хорт химийн бодис  илэрснийг санаатайгаар нуун дарагдуулсан гэж тэд үзэж байгаа юм байна. Тэд хэлэхдээ “Хонгор сум хортой гэдгийг ДЭМБ хүлээн зөвшөөрсөн авч өнөөг хүртэл олон нийтэд энэ тухай  мэдээлэл өгөөгүй. Энэ нь  тодорхой албан тушаалтны санаатай үйлдсэн ноцтой хэрэг” гэлээ.
Хонгор сумын асуудалд  ДЭМБ-ын монгол мэргэжилтнүүд , Засгийн газар, УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа, ГХЯ-ны дэд сайд асан М.Энхмандах, Эрүүл мэндийн сайд асан Д.Туяа  тэргүүтэй хүмүүсийг буруутгаж байгаагаа онцлов. ДЭМБ-ын шинжээчид  “Хонгор сум нь Борнуур, Заамар сумыг бодвол мөнгөн усны архаг хордлого байхгүй гэж тодорхойлсоноос бус огт хоргүй гээгүй” гэсэн мэдээллийг  өнгөрөгч баасан гаригт  Хонгор сумын иргэдийн төлөөлөл, Ногоон хөдөлгөөнийхөнд өгчээ. Мөн эрүүл мэндийн сайд С.Ламбаа ч тус суманд хийсэн шинжилгээний дүнг ХХААЯ, ЭМЯ нуун дарагдуулсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн аж.  ДЭМБ-аас гаргасан тайланд тус суманд хүнцэл буюу арсек хэмээх хорт бодис,  кадми, мөнгөн ус зэрэг бодисууд байх ёстой хэмжээнээс даруй 0,5-24,5 дахин их байна гэсэн дүгнэлт гарсан. Мөн тайланд  сумын химийн хорт бодисын бохирдлыг бууруулах, арилгах, оршин суугчдыг  хамгаалах арга хэмжээ авах талаар зөвлөсөн байсныг өнгөрөгч баасан гаригт Хонгорынхон мэджээ. Өөрсдийн албан тушаалаа хамгаалах гэсэн үйлдлээс нь болж  60 гаруй хүн алтан амиа алдаж, олон эхийн ураг зулбаж,  зургаан сартайгаас эхлээд бүхий л насны иргэд хорт хавдар тусчихаад байна гэв. Хонгор сумын 2300 гаруй иргэний амь насыг гаргуунд гаргасан Монголын төр засаг, тухайн  орон нутгийн удирдлагад  хариуцлага тооцох, Хонгор сумтай холбоотой өмнөх хууль бус шүүх хурлыг хүчингүйд тооцох,нутгийн иргэдийг нэн даруй эрүүл хөрс, устай, дэд бүтцэд холбогдсон газарт нүүлгэн шилжүүлж, хүн амыг эрүүлжүүлэх ажлыг хийхийг шаардаж холбогдох байгууллагад хүргүүлж байгаа аж. Хэрэв шаардлагыг хүлээж авахгүй бол олон улсын шүүхэд хандана гэж мэдэгдлээ.  
Д.Гэрлээ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж