Нүүрс бас дахин нүүрс

Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Нүүрс бас дахин нүүрс

Ядуу монголчуудын аз шовой­жээ. Газрын хэвлий доорх их хэм­жээний нүүрсний нөөц нь Монголын хөгжлийн шинэ тулах цэг болоод байна. Нэгэн цагт үнэгүйдэж, нэг ширхэг шүдэнзнээс хямдхан байсан нүүрснээс мөнгө үнэртэж эхэллээ.  Мөнгөний үнэр авсан  харийн хөрөнгөтнүүд Монголын их баялгийн төлөө хэзээд бэлхэнээ илэрхийлэх бол­жээ.  Гадны хөрөнгөтнүүд ма­най орны газрын доорх нүүр­сийг сонирхож байна гэдэг мон­голчуудад мэдээж ашигтай. Зөв, холч бодлого барьж гэмээнэ  монголчуудад сая саяар нь ам.доллар юүлэх боломжийг нүүрс олгож байгаа юм. Монгол-дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч хэмээн зарласан “Coal Mongolia-2011” олон улсын чуулга уулзалт өнгөр­сөн хоёрдугаар сарын 24-25-ны өдрүүдэд Улаанбаатарт болсон юм. 

Дэлхийд нүүрсний нөөцөөрөө аравдугаарт жагсдаг,  коксжих нүүрс­ний чанар агуулгаараа тэргүүлдэг манай улсын хувьд дэлхийн эрчим хүчний шинэ тог­логч болох дардан зам харагдаж буй. Оюутолгой, Тавантолгой гэх томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн нь Монголд хөрөнгө оруулалт хийх, мөнгө босох бо­ломж байгааг харийнхан хэдийнээ олоод харж. Тиймдээ тэдний хүсэл, сонирхлын огтолцол нь  Төв Азийн Монгол болоод байна.

“Coal Mongolia-2011” чуулга уулзалтаар нүүрсний нөөц, бор­луу­лалт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт гээд олон чухал асуудлыг хөндсөн бөгөөд энэхүү арга хэмжээг Монголын талаас зохион байгуулсан билээ. Харин энэ удаад харийнхан Монгол нутагт үлдэж, Монголын нүүрсний та­лаар зөвлөлгөөнийг зохион байгуу­лахаар болсон байна. “Мон­голын нүүрс ба дэд бүтэц” нэртэй энэ зөвлөлгөөнд гадаадын 180 аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн аж. Энэхүү зөвлөлгөөн ирэх дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр болох юм. Тус арга хэмжээнд банк санхүүгийн болон нүүрсний олборлолт, борлуулалтаараа дэл­хийд тэргүүлдэг компаниуд оролцох юм байна. Тухайлбал, АНУ, ОХУ, Энэтхэг, Франц, Хятад, Англи, Испани зэрэг олон орны төлөөлөгчид Монголын нүүрсний салбарын талаарх зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Эндээс харахад харийнхний мөн­гөний шоо Монголд буусан гэдэг нь илт. Нүүрсний 2010 оны экспорт 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа улам нэмэгдэх төлөвтэй. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 90  сая тонн хүргэх боломжтой байгаа.  Монгол Улс өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлосноос 18 сая тонныг нь урд хөрш рүү гаргасан бөгөөд анх удаа нүүрснээс улсын төсөвт төвлөрдөг байсан мөнгө зэсийнхнээс давсан байна.  Монгол Улс өнгөрсөн 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бөгөөд зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экс­пор­тын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан төдий­гүй өмнөх оныхоос 571 сая ам.дол­лараар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тойм мэдээ дурдвал, манай орон газрын хэвлий дор 160 ор­чим тэрбум тонн нүүрсний боломжит нөөцтэйгөөс 30 тэрбум тонн одоогоор баталгаажжээ. Тэд­гээрийн дийлэнх нь коксжсон нүүрс. Нүүрсний салбараас ашиг олохын тулд монголчууд ачаа, тээвэрлэлтийн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байгаа аж. Одоогоор автомашинаар нүүр­сээ тээвэрлэж, Гашуун сухай­тын боомтоор гаргаж буй ч  эдийн засгийн үр нөлөө бага. Тиймээс нүүрс боловсруулах, нэ­мүү өртөг шингээсэн бүтээг­дэхүүн үйлдвэрлэх, энэхүү бүтээгдэхүүнийг тээвэрлэх асууд­лыг шийдэхэд бид бэлхэн гэдэг хариултыг гадаадынхан өгч буй. Харин монголчуудын зүгээс хамт­ран ажиллахад бэлхэн гэдгээ илэрхийлж байгаа юм.

Энэхүү зөвлөлгөөний дараа ирэх зургадугаар сард нүүрсний томоохон чуулга уулзалт болохоор товлогджээ. Уг чуулганаар мөн л нүүрсний борлуулалт, тээвэрлэл­тийн асуудлыг хөндөх гэнэ.  Мон­голын нүүрсний дийлэнх хувь урд хөрш руу экспортлоор гардаг. Гэхдээ маш хямдхан үнээр. Ердөө 90 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах, өөрсдийнхөө ба­раа бүтэгдэхүүнийг үнэд хүргэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ монголчууд зөвхөн яриад, яриад суух биш амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэх цаг ирээд буй. Ярь­саар байгаад цаг хугацааг алдвал монголчуудад дахиад ийм боломж олдоо ч бил үү.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж