Дэлхийд нүүрсний нөөцөөрөө аравдугаарт жагсдаг, коксжих нүүрсний чанар агуулгаараа тэргүүлдэг манай улсын хувьд дэлхийн эрчим хүчний шинэ тоглогч болох дардан зам харагдаж буй. Оюутолгой, Тавантолгой гэх томоохон төслүүд хэрэгжиж эхэлсэн нь Монголд хөрөнгө оруулалт хийх, мөнгө босох боломж байгааг харийнхан хэдийнээ олоод харж. Тиймдээ тэдний хүсэл, сонирхлын огтолцол нь Төв Азийн Монгол болоод байна.
“Coal Mongolia-2011” чуулга уулзалтаар нүүрсний нөөц, борлуулалт, тээвэрлэлт, хөрөнгө оруулалт гээд олон чухал асуудлыг хөндсөн бөгөөд энэхүү арга хэмжээг Монголын талаас зохион байгуулсан билээ. Харин энэ удаад харийнхан Монгол нутагт үлдэж, Монголын нүүрсний талаар зөвлөлгөөнийг зохион байгуулахаар болсон байна. “Монголын нүүрс ба дэд бүтэц” нэртэй энэ зөвлөлгөөнд гадаадын 180 аж ахуйн нэгж оролцохоор бүртгүүлсэн аж. Энэхүү зөвлөлгөөн ирэх дөрөвдүгээр сарын 7-8-ны өдөр болох юм. Тус арга хэмжээнд банк санхүүгийн болон нүүрсний олборлолт, борлуулалтаараа дэлхийд тэргүүлдэг компаниуд оролцох юм байна. Тухайлбал, АНУ, ОХУ, Энэтхэг, Франц, Хятад, Англи, Испани зэрэг олон орны төлөөлөгчид Монголын нүүрсний салбарын талаарх зөвлөлгөөнийг зохион байгуулах гэж байна. Эндээс харахад харийнхний мөнгөний шоо Монголд буусан гэдэг нь илт. Нүүрсний 2010 оны экспорт 2009 онтой харьцуулахад 2,5 дахин өсчээ. Цаашдаа улам нэмэгдэх төлөвтэй. 2015 он гэхэд 50 сая тонн, 2025 он гэхэд 90 сая тонн хүргэх боломжтой байгаа. Монгол Улс өнгөрсөн жил 25 сая тонн нүүрс олборлосноос 18 сая тонныг нь урд хөрш рүү гаргасан бөгөөд анх удаа нүүрснээс улсын төсөвт төвлөрдөг байсан мөнгө зэсийнхнээс давсан байна. Монгол Улс өнгөрсөн 2010 онд нүүрсний экспортоос 877.6 сая ам.доллар олсон бөгөөд зэсээс 770.6 сая ам.долларын орлого олжээ. Нүүрсний экспортын орлого зэсийнхээс 107 сая ам.доллараар давсан төдийгүй өмнөх оныхоос 571 сая ам.доллараар өссөн үзүүлэлттэй гарсан байна. Тойм мэдээ дурдвал, манай орон газрын хэвлий дор 160 орчим тэрбум тонн нүүрсний боломжит нөөцтэйгөөс 30 тэрбум тонн одоогоор баталгаажжээ. Тэдгээрийн дийлэнх нь коксжсон нүүрс. Нүүрсний салбараас ашиг олохын тулд монголчууд ачаа, тээвэрлэлтийн асуудлыг хурдан шийдэх хэрэгтэй байгаа аж. Одоогоор автомашинаар нүүрсээ тээвэрлэж, Гашуун сухайтын боомтоор гаргаж буй ч эдийн засгийн үр нөлөө бага. Тиймээс нүүрс боловсруулах, нэмүү өртөг шингээсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, энэхүү бүтээгдэхүүнийг тээвэрлэх асуудлыг шийдэхэд бид бэлхэн гэдэг хариултыг гадаадынхан өгч буй. Харин монголчуудын зүгээс хамтран ажиллахад бэлхэн гэдгээ илэрхийлж байгаа юм.
Энэхүү зөвлөлгөөний дараа ирэх зургадугаар сард нүүрсний томоохон чуулга уулзалт болохоор товлогджээ. Уг чуулганаар мөн л нүүрсний борлуулалт, тээвэрлэлтийн асуудлыг хөндөх гэнэ. Монголын нүүрсний дийлэнх хувь урд хөрш руу экспортлоор гардаг. Гэхдээ маш хямдхан үнээр. Ердөө 90 ам.доллараар зарагдаж байгаа нүүрсийг дэлхийн зах зээлийн үнэд ойртуулах, өөрсдийнхөө бараа бүтэгдэхүүнийг үнэд хүргэх асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа гэнэ. Гэхдээ монголчууд зөвхөн яриад, яриад суух биш амьдрал дээр бодитоор хэрэгжүүлэх цаг ирээд буй. Ярьсаар байгаад цаг хугацааг алдвал монголчуудад дахиад ийм боломж олдоо ч бил үү.