Хуучирсан мэдээ: 2011.03.31-нд нийтлэгдсэн

Ченж үү, бирж үү?

Биржийн хууль санаачлах болсон шалтгаан

Нэг хүн амд ногдох малынхаа тоогоор тэргүүлдэг атлаа махан бүтээгдэхүүний үнэ нь харьцангуй өндөрт тооцогддог улс бол Монгол. Энэ нь сүүлийн хориод жилийн хугацаанд хөдөө аж ахуйн гаралтай түүхий эдийн бэлтгэлийн үйл ажиллагаа нь нэгдсэн зохион байгуулалтгүйгээс хязгаарлагдмал хүрээнд, хувь хүн, ченжүүдийн туршлага дээр тулгуурлан явж ирсэнтэй холбоотой.

Төвлөрсөн зах зээлээс хол, мэдээлэл муутай малчид, тариаланчид өөрсдийн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ хэрэглэгчид шууд худалдаалах боломж байхгүй тул бүтээгдэхүүнээ хямд үнээр голдуу ченжийн сүлжээгээр  борлуулахаас өөр аргагүй юм.  Үүнээс шалтгаалан иргэдийн гар дээр очиж буй махны үнийн өсөлтийн 60 хувь нь зөвхөн ченж буюу дамжуулан борлуулагчдын үйл ажиллагаанаас болж өсдөг аж. 

Түүнчлэн мал аж ахуйн гаралтай түүхий эдийг зах зээлд нийлүүлэх, худалдан борлуулах үйл ажиллагаа ямар ч зохион байгуулалтгүй байгаагаас эрүүл ахуйн баталгаагүй, гараас гарт дамжсан бүтээгдэхүүн хэрэглэгчдэд хүрч, элдэв халдварт өвчин эмгэг үүсэх нэг нөхцөл нь болдог талаар эрүүл мэндийн байгууллагынхан ч мэдэгдээд авсан.

Энэхүү асуудлыг өмнө нь олон улс орон туулсан бөгөөд мал, амьтан, ургамал, тэдгээрээс гаралтай түүхий эдийн зах зээлд учирсан дээрхи хүндрэл бэрхшээл, сөрөг үзэгдлийг “Бөөний худалдааны сүлжээний төрөлжсөн зах ажиллуулах, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний бирж байгуулах” замаар шийдвэрлэсэн байдаг байна. Английн ноосны бирж, Японы үр тарианы бирж, Хятадын бараа, түүхий эдийн биржийн түүх,  туршлагаас үзэхэд биржийг эхний ээлжинд Засгийн газрын оролцоотойгоор байгуулж, хөгжлийн явцад хувьчилдаг аж. Эдгээр шаардлагын үүднээс “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийг боловсруулсан аж.

Хуулиар юуг зохицуулах вэ?

Бирж нь зөвхөн арилжааг зохицуулах чиг үүргийг гүйцэтгэж харин арилжааны зуучлагч /брокер/ болон хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэгчдийн санаачлагаар бий болсон хоршоод нь бараа, түүхий эдийг чанарын шаардлагад нийцүүлэн анхан шатны тордолт хийж бирж дээр  арилжих үйл ажиллагааг цахим хэлбэрээр гүйцэтгэхээр хуулийн төсөлд тусгажээ.  Энэ нь хөрөнгийн хэмнэлттэйгээс гадна сумдад байгаа анхан шатны нэгж хоршоод цаг алдалгүй, ямар нэгэн шат дамжлагагүйгээр  биржийн арилжаанд оролцох боломж бүрдүүлэн өгчээ. Мөн Биржээр арилжих бараа, түүхий эдийн жагсаалтыг холбогдох төрийн захиргааны төв байгууллага батлах бөгөөд бараа, түүхий эдийг экспортод гаргахдаа  биржид бүртгүүлэх буюу биржээр дамжуулан арилжихаар заасан нь түүхий эдийн худалдааны  урсгалыг хянах, хууль бус экспортыг зогсоох, татвар төлөлтийг нэмэгдүүлэх зэрэг олон асуудлыг нэг зэрэг шийдэх боломжийг олгоно гэж үзсэн аж.

Хуулийн төсөлд Биржийн арилжаанд арилжааны зуучлагч брокер болон хоршоо оролцохоор тусгасан нь малчид, тариаланчдын хамтын нэгдлийг аль болох дэмжих,  бүлэг хоршоогоороо хамтран түүхий эдээ ангилж ялган нэмэгдсэн өртөг шингээж үнэд хүргэн орлогоо тогтворжуулах боломжийг бүрдүүлэх давхар санааг агуулсан ч гэж хэлж болохоор юм. Мэдээж уг арилжааг чирэгдэлгүй, шуурхай явуулах боломжтой болгохын тулд арилжааны зуучлагч /брокер/, хоршоод нь бараа, түүхий эдийг орон нутгаас шууд экспортлох тохиолдолд биржид цахим хэлбэрээр бүртгүүлж орон нутгаасаа гарал үүслийн гэрчилгээг авахаар заажээ. Эцэст нь хууль гарснаар малчдийн ч сэтгэл хангалуун, хэрэглэгчдийн ч сэтгэл хангалуун үлдэхээр л зохицуулахыг хүсч бай гаа аж. Хуулийн гол зохицуулалтууд ердөө л энэ.  

Энэ хаврын чуулганаар хууль батлагдах уу?

Хаврын чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл захирамж гарган баталжээ. Энэхүү дараалалд тодорхой 22 хуулийн төслийг жагсааж дарааллын дагуу чуулганаар хэлэлцүүлэхээр болжээ. Өнгөрсөн жилд буцаагдаж байсан “Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн төсөл нь энэ удаад харин ч урдуур жагслаа. Өөрөөр хэлбэл хэлэлцэх асуудлын гуравдугаарт энэ төсөл дугаарлагджээ.

Өнгөрсөн жил Байнгын хороон дээрээс буцаагдах болсон шалтгаан нь “Монгол мал” хөтөлбөртэй холбоотой бөгөөд энэхүү хөтөлбөртэй уялдуулах даалгавартай буцаагдсан юм.

“Хөдөө аж ахуйн гаралтай бараа, түүхий эдийн биржийн тухай” хуулийн төслийг Засгийн газар Улсын Их Хуралд өргөн мэдүүлж, Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны өнгөрөгч оны тавдугаар сарын 26-ны өдрийн хуралдаанаар хэлэлцүүлэн гишүүдээс гаргасан саналыг тусгахаар буцаан татаж авсан тэр. Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан дээр гишүүдээс гаргасан саналын дагуу “Монгол мал” хөтөлбөртэй уялдуулан гурван заалтыг шинээр нэмж, найман заалтад өөрчлөлт оруулан боловсруулж 2010 оны зургадугаар сарын 29-ны өдөр Улсын Их Хурлын гишүүд, төрийн болон төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулан хэлэл­цүү­лэг зохион байгуулж, гар­сан саналыг нэмж тусгасны эцэст дахин зүтгүүлж буй энэ. Өчигдөрхөн уг хуулийн төслийг хэлэлцүүлэгт бэлтгэх үүрэг бүхий Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн Байнгын хорооны Ажлын дэд хэсгийнхэн хуралдсан. Одоо Байнгын хороо, чуулганаар орно. Ингэхээр хууль тогтоогчдод мал аж ахуйн түүхий эдийг биржээр хэрэглэгчдэд хүргэх, эсвэл ченжээр хүргэх гэдгийг шийдэх л үлдсэн.   

Б.МАНДАХ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж