Осама Бин Ладенийг яагаад амьдаар нь бариагүй вэ

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Осама Бин Ладенийг яагаад амьдаар нь бариагүй вэ

Дэлхийн №1 алан хядагчийг устгахад гар бие оролцсон АНУ-ын далайн цэргийн тусгай бүлгийн албан хаагч уг үйл явдлын талаар ном бичсэнээ хэвлүүлнэ гэдгээ зарласан нь Америкт дээр дооргүй дуулиан тарив. “Амаргүй өдөр. Осама бин Ладенийг устгах тусгай ажиллагаанд оролцсон хүний өчил” хэмээх нэртэй түүний ном Дэлхийн худалдааны төвийг алан хядагчид онгоцоор мөргөсөн өдөр буюу есдүгээр сарын 11-нд худалдаанд гарах ажээ. Номын зохиогч нэрээ нууцалсан боловч чухам хэн гэдгээ олигтой нууж чадалгүй илчлэгдсэнээр нэг талаас эрх баригчид түүнийг нууц баримт задруулсан хэмээн мөрдөж мөшгөх нь тодорхой болсон бол нөгөө талаас лалын алан хядагчид өшөө авна хэмээн заналхийлж эхэлжээ. Мөн Стивен Спилберг номоор нь кино хийнэ гэдэг сураг тарсан боловч энэ нь бол арай л дэгс байжээ.

Amazon.com сайт дээр гарсан номын товчийг үзвэл зохиогч Марк Оуэн бин Ладений байсан байшингийн гуравдугаар давхарт хамгийн түрүүнд гарсан хүмүүсийн нэг бөгөөд цуутай алан хядагчийн амьдралын сүүлчийн мөчид дэргэд нь байсан ажээ. Пакистанд явуулсан ажиллагааны нарийн ширийн төдийгүй АНУ-ын далайн цэргийн тусгай бүлгийн албан хаагчдын бэлтгэл сургуулилт, урьд нь хэвлэлд мэдээлэгдэж байгаагүй операциудын талаар энэ номд өгүүлснээ зохиогч мөн хэлсэн байна.  

“Penguin” хэвлэлийн газрын охин компани “Dutton” ийм ном гаргах гэж байгаа гэдгээ өнгөрсөн долоо хоногт зарласан нь Пентагоны анхаарлыг татсан бөгөөд нууц материалтай харилцдаг ямар ч цэргийн хүн нийтлэх гэж буй зүйлээ удирдлагадаа танилцуулж, юу нь болох, юу нь болохгүй талаар заавар авах ёстой байдгийг тэмдэглэжээ. Хэдийгээр зохиогчийн чухам хэн гэдэг нь тодорхойгүй байгаа ч хэрвээ нууц баримт үнэхээр задруулсан бол хэн ч байсан эрүүгийн хариуцлага хүлээх ёстойг Пентагоны төлөөлөгч мэдэгдсэн юм.    

Гэвч тодорхойгүй байдал удаан үргэлжилсэнгүй. “Fox News” телевиз “өдий төдий эх сурвалжийнхаа мэдээлэлд түшиглэн” зохиогчийн хэн болохыг тогтоосноо өнгөрсөн 23-ны өдөр зарлав. 36 настай Мэтт Биссоннетт гэдэг тэр хүн уг өдрөөс хойш хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр дурьдагдах тусам амьд бай болж байгаа нь улам ойлгомжтой болж байна. Сонинууд түүний төрсөн нутаг, сурсан сургууль, гэр орныхных нь талаар зогсоо зайгүй бичиж байхад “Аль Кайда” бүлэглэл албан ёсны сайт дээрээ түүний зураг болон хаанаас олж болохыг нь “Аллахын хүү Осама бин Ладеныг хөнөөсөн нохой” гэсэн тайлбартай зурагтайгаар нийтэлжээ. Мэргэжилтнүүдийн хэлж буйгаар бол М.Биссоннеттээс гадна түүний ах дүү, хамаатан садан, хамт ажиллаж байсан хүмүүс нь хүртэл аюулд учраад байгаа аж.    

“The Los Angeles Times” сонинд бичсэнээр бол М.Биссоннетт чөлөөнд гараад хувийн компани байгуулснаас гадна Афганистанд үйл явдал нь өрнөдөг “The Medal of Honor: Warfighter” хэмээх тоглоомны зэвсгийн зөвлөхөөр ажиллажээ. Бин Ладенийг хөнөөсөн операциас гадна 2009 онд Сомалийн дээрэмчдэд барьцаалагдсан АНУ-ын усан онгоцны ахмадыг чөлөөлөх ажиллагаанд түүний оролцсон нь одоо нэгэнт тодорхой болсон байна. Одоо АНУ-ын албаны хүмүүс түүний өөрийн асуудал болоод бичсэн номтой нь ид “зууралдаж” байгаа аж. Номын эх бичвэрийг олж авснаа Пентагон өнгөрсөн даваа гаригт мэдэгдсэн бөгөөд нууц мэдээлэл задарсан эсэхийг шалгаж байгаа ажээ. М.Биссоннетт өнгөрсөн жил цэргийн албанаас тэтгэвэрт гарсан ч АНУ-ын хуулиар бол нийтлүүлэх гэж буй зүйлээ Батлан хамгаалах яаманд шалгуулах ёстой бөгөөд ингээгүй нь түүнд иргэний журмаар хариуцлага хүлээлгэх хангалттай шалтгаан аж. Харин номд үнэхээр улсын нууц задруулсан бол түүнийг эрүүгийн хуулиар яллах нь гарцаагүй ажээ. Гэхдээ энэ нь цаг дээрээ тулахаар бас ч амаргүй талаар Батлан хамгаалах яаманд ажиллаж байсан Пэт Роувен хэвлэлд ярьжээ. Хэрвээ эрүүгийн хэрэг үүсгэн шалгавал шүүгдэгчийн өмгөөлөгч Цагаан ордон, Батлан хамгаалах яамны амиа тавьж хамгаалдаг олон нууц баримтуудтай танилцах бололцоотой болох бөгөөд энэ нь эрх баригчдын хувьд хүсээд байх зүйл биш нь мэдээж билээ.   

Бин Ладен яаж үхсэн тухай өгүүлсэн гэх энэ номын ирээдүйг тааварлахад хэцүү байна. Ирээдүй байтугай өнгөрчихөөд байгаа үйл явдлынх нь хувьд ч ойлгоход хэцүү зүйл бишгүй аж. 36 нас хүрчихсэн офицер хэчнээн идеалист байгаад энэ номыг гаргаснаар хэтэрхий хүчирхэг хүмүүсийн араанд зуугдана гэдгээ бодоогүй гэхэд хэцүү. “Fox News” телевиз нэрийг нь зарлахдаа түүнийг шууд үхэх аюул руу түлхэж байгаагаа мэдээгүй гэхэд бас хэцүү. Энэ номноос хариу нь олдож магадгүй тул олон хүний аазгайг хөдөлгөж буй хамгийн гол асуулт тэр олон хэцүүгийн цаана нуугдаж буй. “Осама бин Ладенийг яагаад амьдаар нь бариагүй вэ?”

Б.АМГАЛАН

Эх сурвалж: "ӨДРИЙН ШУУДАН" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж