БНСУ-ын Кангвон мужийн Кангнюн хотноо “Олон улсын хүүхдийн урлагийн их наадам” саяхан болж өнгөрчээ. Найман орны 15 баг оролцсон энэ наадамд Төв аймгийн 5 сумын 15 сурагч, 3 багшийн хамт амжилттай оролцоод иржээ. Энэ удаагийн наадамд Төв аймгийн Борнуур сумын “Мөрөөдлийн одод” хамтлаг “Монгол бүжгийн чуулбар”, “Баяд” бүжгээр, Исгэрээний төрлөөр Баянцагаан сумын сурагч Б.Чулуундорж, гоцлол бүжгийн төрлөөр Зуунмод, Баяндэлгэр сумын сурагч Б.Мандухай, Б.Энхжаргал нар тун амжилттай оролцжээ.
Энэхүү Урлагийн наадам Далайн эргийн Гёнгпо хотхонд “Цовоо сэргэлэн эрч хүчтэй байцгаая” гэсэн уриатайгаар зохион байгуулагдсан байна. Наадмын арга хэмжээнд оролцогч багууд нь нээлтийн ёслол, бүх нийтийн парад жагсаал, галын наадамд оролцохоос гадна Солонгосын соёл түүх өв уламжлалтай танилцах зорилгоор соёл түүхийн үзмэр, музей үзэх, Кангнюн хотоос зохион байгуулсан үдэшлэгийн арга хэмжээнд оролцсон байна.
/ТӨВ/
А.МАНДИРМАА
/ТӨВ/