Элчин сайд Т.Жанабазар итгэмжлэх жуух бичгээ барив

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Элчин сайд Т.Жанабазар итгэмжлэх жуух бичгээ барив

Монгол Улсаас Камбожийн Вант Улсад хавсран суух Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Т.Жанабазар 2012 оны 8 дугаар сарын 27-ны өдөр Пном Пень хотноо Камбожийн Цог Жавхлант Хаан Преа Бат Самдек Преа Боромнит Нородом Сихамони-д  Итгэмжлэх жуух бичгээ өргөн барьж, дараа нь хоёр орны харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар уулзаж санал солилцов.
     
Элчин сайд Т.Жанабазар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн мэндчилгээг уламжилж, Монгол Улс нь Камбожийн Вант Улстай тогтоосон уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаагаа бүс нутгийн хөгжлийн шинэ үйл явцтай уялдуулдан цаашид идэвхжүүлэн хөгжүүлэх эрмэлзлэлтэй байгааг нотлон илэрхийлэв.

Камбожийн Цог Жавхлант Ван Нородом Сихамони Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид чин сэтгэлийн хариу мэндчилгээг уламжилж, Камбож, Монголын ард түмнүүдийн найрсаг харилцааг хүндэлж явдагаа дурдаж, хоёр ард түмний хэлхээ холбоо, хамтын ажиллагаа цаашид өргөжин бэхжинэ гэдэгт итгэл төгс буйгаа илэрхийлж Элчин сайдад ажлын амжилт хүсэв.    

Итгэмжлэх жуух бичгээ барьсныхаа дараа Элчин сайд Т.Жанабазар Камбожийн Вант Улсын Үндэсний Ассамблейн дарга Хэнг Самрин, Ерөнхий сайдын орлогч бөгөөд Гадаад хэрэг, олон улсын хамтын ажиллагааны яамны сайд Хор Намхонг, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Лонг Висало зэрэг албаны хүмүүстэй уулзаж Монгол, Камбожийн харилцааг идэвхжүүлэн хөгжүүлэх тодорхой асуудлаар ярилцав гэж ГХЯ-ны ОНХГ-аас мэдээлэв.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж