Берлин Бээжин хоёр чухал яриа хэлцэл хийж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.31-нд нийтлэгдсэн

Берлин Бээжин хоёр чухал яриа хэлцэл хийж байна

Наймдугаар сарын 30-ны өдөр Бээжин хотноо Герман-Хятадын Засгийн газар хоорондын ээлжит зөвөлгөөн эхэллээ. Хятад бол Германы хувьд худалдааны чухал түнш нь байгаа ч хэлэлцээрт зөвхөн эдийн засгийн талаар яриагүй.

Бао-Баогийн үхэл нь хоёр орны харилцааны муу совин гэж арай болохгүй байх. Эцсийн эцэст том панда 34 настай байсан ба тэр хулсны баавгай наймдугаар сарын 22-нд Берлины амьтны хүрээлэнд төрөл арилсан юм. Харин Бао-Бао залуудаа дипломат тавцанд бэлгэдлийн мэдэгдэхүйц үүрэг гүйцэтгэсэн юм. Хятадад 1980 онд канцлер Гельмут Шмидт (Helmut Schmidt) айлчлахдаа тэр баавгайг  бэлгэнд авчээ.

"Пандагийн дипломат ажиллагаа"


Бао-Бао хоёр орны харилцааны бэлгэдэл байлаа

Он цагийн явцад Герман, Хятад хоёр "панда-дипломатын" хүрээнээс хальсан харилцаатай болов. Дипломат харилцаа тогтоосны дөч дэх жилд хоёр орны харилцаа нягт болсоны гэрч нь Засгийн газар хооронд зөвлөлдөөний институци юм. Ийм эрчимтэй санал солилцоог Герман Хятадаас гадна долоон оронтой л явуулж байдаг.

Наймдугаар сарын 30-ны пүрэв гаригт канцлер Ангела Меркель (Angela Merkel) тийм зөвөлгөөны хоёр дахь ээлжид оролцохоор Бээжинд хүрэлцэн ирлээ. Эхний ээлжийн уулзалтаар өнгөрсөн жилийн зургадугаар сард Хятадын ерөнхий сайд Берлинд ирэхдээ 13 сайдаа дагуулан ирж байсан нь түүний гадаад айлчлалын бүрэлдэхүүнээс хамгийн том нь байсан юм. Тэр хэлэлцээрийн явцад 20 тэрбум еврогийн болон бусад 14 гэрээ хэлэлцээр байгуулж байв.

Германы эдийн засгийн сонирхол

Хятадын хувьд, Герман улс Европ дахь худалдааны хамгийн том түнш ба Европ нь дэлхийн хэмжээний чухал түнш нь болдог. Хятад нь Германы худалдааны тав дахь том түнш ба Европоос гадна АНУ-ын дараа орох хоёр дахь том түнш болдог. Германы машинууд ба машин бүтээн байгуулалт нь Хятадад эрчимтэй өсч, зарим тохиолдолд хямралын улмаас Европт буурсан герман барааны эрэлтийг нөхдөг.

“Эдийн засгийн харилцан  ашигтай харилцаа нь тэргүүлэх чиглэл бөгөөд ажил үйлс бүтэмжтэй явж байна. Бага зэргийн саад тотгор байлгүй яахав” гэж Трир хотын хятад судлаач Себастьян Хайльман (Sebastian Heilmann) ярив. Саад тотгорт нь тэр зохиогчийн эрхийг хамгаалах тухай маргаан ба Германы үйлдвэрлэлд чухал газрын ховор металл зэргийг тэр оруулжээ.

Хайльманы яриагаар, аж үйлдвэрийн салбарт Берлин, Бээжин хоёр хөдөлмөрийн хуваарилалтаа хийж чадсан гэнэ. Герман өндөр технологи, экстра ангиллын аж үйлдвэрийн бараа бүтээгдэхүүнийг хариуцаж, Хятад нь дунд үнийн сегментын барааг голчлон шилжилтийн эдийн засагтай хөгжиж буй орнуудад гаргаж байгаа ажээ.

Бээжингийн энэ удаагийн зөвөлгөөнөөр багагүй найдварын тухайлбал нисэхийн үйлдвэрлэлийн Airbus концерн тавьж байна. DPA мэдээллийн агентлагийн мэдээгээр Хятадад Airbus ангиллын онгоц нийлүүлэх бас нэг гэрээг байгуулах бололтой. “Маш ирээдүйтэй Ази дахь томоохон зах зээл бол Хятад мөн” гэж концернд ярьдаг.

Германы канцлерийн хувьд ч эдийн засгийн харилцаа нь тэргүүлэх чиглэл байна. Хятадад айлчлах бүрдээ Ангела Меркель Германд Хятадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхээр  ярьдаг ба харин нийтэд мэдээлэхдээ хоёр талын харилцааны бүхий л салбарын талаар хэлдэг.

Германы сэтгүүлчдийн захидал

Гэлээ ч Берлин, Бээжин хоёр бүхий л асуудлаар санал нэг биш. Гадаад бодлогод нь ялгаа бий. Герман, Хятад хоёр Сирийн иргэний дайнд өөр өөр байр сууринаас ханддаг. Ираны цөмийн хөтөлбөрт ч мөн адил. Өмнөх зөвлөлдөөнөөр Ангела Меркель хэвлэлийн эрх чөлөөний сэдэв, Хятадын тэрслүү үзэлтнүүдийн талаар ярьж байлаа. Энэ удаа канцлер Хятадад ажиллах гадаадын сэтгүүлчдийн ажлын нөхцлийн талаар үг хэлэх гэнэ.


Гадаадын сэтгүүлчдийн ажлыг ингэж хаадаг

Үүний шалтгаан нь Хятадад ажилладаг Германы хэвлэлийн 26 сэтгүүлчдийн хамтын захидал болсон ба сэтгүүлчид энэ талаар дуугарахыг Меркелиэс хүссэн байв. Германы сэтгүүлчид тэдний ажиллагаанд хязгаарлалт хийж ажилд нь саад тавьдаг хэмээн гомдоллосон байна. 2008 оны олимпийн тоглолтоор гаргаж ирсэн журам албан ёсоор өөрчлөгдөөгүй ч гадаадын сэтгүүлчид ярилцлага авлаа гэхэд тэр хүнээс нь гадна хөдөлмөрийн хамт олноос нь эсвэл зохих байгууллагаас зөвшөөрөл авдаг болжээ.

Мөн тэдний захидалд өгүүлснээр “цагдаа ба тусгай албаныхан манай ажилд саад тотгор учруулан мөн “эмзэг” гэх сэдвийг нь хөндвөл виз сунгахгүй гэх зэргээр шууд заналхийлж байна. Ийм чангалалт “Арабын хаврын” дараа Хятадад “милрэг цэцгийн хувьсгал”-т уриалга гарч ирсэн өнгөрсөн жилийн хавар эхэлсэн гэж сэтгүүлчид бичжээ.

ХБНГУ-ын канцлерийн албан ёсны төлөөлөгч Штефен Зайберт (Steffen Seibert) сэтгүүлчдэд хэлэхдээ энэ сэдвээр Хятадын лидерүүдтэй өмнө нь ч ярьж байсан одоо ч ярих болно гэсэн байв. “Амьд, хөгжилтэй иргэний нийгэм ба бие даасан чөлөөт хэвлэл Хятад шиг орнуудад аюул гаргахгүй ба харин улам тэднийг баяжуулж өгнө” гэдгийг Ангела Меркель хэлэх болно хэмээн Зайберт нэмж хэлжээ.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж