“Атар” талхны үнийг 210 төгрөгөөр нэмэхээр болжээ

Хуучирсан мэдээ: 2012.08.30-нд нийтлэгдсэн

“Атар” талхны үнийг 210 төгрөгөөр нэмэхээр болжээ

“Талх чихэр” хувьцаат компанийн үйлдвэрлэн худалдаалдаг “Атар” талхны үнэ ирэх есдүгээр сарын 01-нээс эхлэн нэмэгдэхээр болжээ. Энэ талаар “Талх чихэр” компанийн гүйцэтгэх захирал Х.Батцоож өнөөдөр мэдээлэл хийлээ.

-Талх хэдэн төгрөгөөр нэмэгдэх вэ?

-Манай байгууллага ирэх есдүгээр сарын 1-нээс буюу ирэх бямба гаригаас эхлэн  “Атар” талхны үнийг 210 төгрөгөөр нэмж, 840 төгрөгөөр худалдахаар болж байна. Одоо бол “Атар” талхыг 630 төгрөгөөр худалдаалж байгаа. Бид өдөрт 30 мянган ширхэг “Атар” талх үйлдвэрлэдэг.

-Ямар учраас үнээ нэмэхээр болсон юм бэ?

-Мэргэжлийн хяналтын байгууллага болон иргэдийн зүгээс “нүцгэн”-ээр худалдаалж байсан талхыг уутанд савлаж, худалдаалах шаардлага, гомдлыг байнга ирүүлж байгаа. Энэхүү шаардлагын улмаас бид талхыг амьсгалдаг, хүнсний зориулалттай, анхдагч бүтээгдэхүүнээр хийсэн чанарын шаардлага хангасан уутанд савлаж худалдахаар болсон учраас үнэ нэмэгдэж байгаа юм.

-Талхны уут 210 төгрөг болдог гэсэн үг үү?

-Талхны уутыг 94 төгрөгөөр бид худалдаж авч байгаа. Талхыг савлаж худалдаалахын тулд хөргөж савлахад зориулагдсан тоног төхөөрөмж мөн хэрэг болно. Үлдсэн 116 төгрөг нь энэ төхөөрөмжийн үнэ, хүргэлт, ажилчдын хөлсөнд суутгагдаж байгаа юм. Энэ дашрамд, гурил болон бусад түүхий эдээс шалтгаалж талхны үнэ нэмэгдээгүй гэдгийг онцлох нь чухал байх. 

Д.ЖАРГАЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж