Ногоон нийслэлийн төлөө жагсана

Хуучирсан мэдээ: 2010.04.12-нд нийтлэгдсэн

Ногоон нийслэлийн төлөө жагсана

Энэ сарын сарын 14-ний өдөр “Эко парад” болно. Энэхүү жагсаалыг Байгаль орчин, аялал жуулчлалын яам, “Экологийн элч” клуб, Монголын байгаль орчны иргэний зөвлөлөөс санаачлан зохиож байгаа аж. Жагсаалд МУИС-ийн Экологийн боловсролын төв, Нийслэлийн хүнс, хөдөө аж ахуйн газар, Нийслэлийн агаарын чанарын алба хамтран оролцох юм.
 Энэ үеэр Ойн тухай хуулийн 28.1 дэх зүйл заалтыг сурталчилах бөгөөд  тус зүйлд “Аймаг, нийслэлийн Засаг дарга бүх нийтээрээ мод тарих сарын ажлыг жил бүр зохион байгуулж байна” гэж заажээ. Мөн “16 насанд хүрсэн иргэн бүр нэг, харин аж ахуйн нэгж, байгууллага таваас доошгүй мод тарьж ургуулах, услах, арчлах ёстой, Хэрэв өөрийн хүчээр гүйцэтгэх боломжгүй тохиолдолд зардлыг хандивлана”  гэж заасан байдаг.

“Эко парад”-ын үеэр ногоон туузтай экологийн элч, хүн бүр мод тарьж, байгаль эхдээ буян үйлдэхийг, ногоон нийслэлийн төлөө нэгдэхийг олон түмэнд уриалах аж. Жагсаал 14 цагаас Сүхбаатарын талбайгаас хөдөлж, Эрх чөлөөний талбай хүртэл алхах юм. Ингэхдээ “Ногоон нийслэлийн төлөө нэгдэцгээе”  илгээмжтэй 1000 ширхэг бөмбөлөг агаарт хөөргөж, Ойн тухай хуулийг сурталчилсан гарын авлага түгээнэ.
Эрх чөлөөний талбайд Эко наадам эхлэх ба Түмэн эх чуулга, Улсын драмын эрдмийн театрын уран бүтээлчдийн тоглолт болно. Мөн энэ үеэр модны тарьц, цэцгийн суулгац, үрийн үзэсгэлэн худалдаа зохион байгуулж, иргэдэд нэг дороос мод тарих талаар цогц мэдээлэл үйлчилгээг хүргэх юм.
П.Дэлгэр

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж