Шаргалжуутын рашааныг эртнээс нааш Дорлиг хайрхан аавтай, Лхам хайрхан ээжтэй, есөн тахилга, долоон амтай, ариун дагшин газар хэмээн тахиж шүтсээр иржээ. Ламын гэгээний цогчим гэсгүй рашааны орчимд жилд 2-3 удаа шалгалт хийж, зохих дэгийн дагуу рашаан усны ариун чанарыг сахиулдаг байсан түүхэн баримт бий. Энэ уламжлал саяхныг хүртэл хадгалагдаж, нутгийн зон олон рашаан усаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж иржээ. Гэтэл сүүлийн жилүүдэд Шаргалжуутын унаган төрх хөндөгдөж, дэлхийд ижилгүй амин ус ширгэх дээрээ тулаад байна.
Өнгөрөгч жилийн есдүгээр сард рашаан сувиллын улирал дуусахтай зэрэгцэн Лхамын рашааны орчим, 90 орт /амралтын байр/-ын хойно цэвэр ус гаргах зорилгоор хоёр газар өрөмджээ. Уг барилгын суурийг анх тавихад халуун рашаан гарч байсныг нутгийн зон хичнээн сануулаад ч тусыг эс олж, рашаан усанд нь эзэн суусан эрхтэн дархтнуудыг хазаарлаж чадаагүй байна. Эцэст нь их санасан газар есөн шөнө хоосон гэгчийн үлгэр “амилж”, цэвэр ус огт гараагүйгээр үл барам Лхамын рашааны “гол судсыг” тасалчихжээ. Өвлийн хүйтэнд хажуугийн зам руу халин урсч, мөсөн овоо болон хэр баргийн машинтныг гаргадаггүй асан Лхам ижийн ундарга бүрмөсөн татарсан байна. Нутгийн иргэд өрөмдсөн нэг нүхнээс сүү, нөгөө нүхнээс рашаан гарсан гэлцэж, Лхам ижийн нүдийг сохлоод, хөхийг хагалчихлаа хэмээн халаглаж суусан аж. Гурван зуу гаруй ундарга, булагтай рашааны дээд хэсэгт зурагтын антен зоосон нь ихэнх рашааны ундаргад нөлөөлсөн гэж нутгийнхан ярьж байна. Улсын тусгай хамгаалалттай бүсэд дур мэдэн өрөмдөж, хүссэнээрээ аашилж буй “Шаргалжуут” ХХК-ийн далд эзэнд юу ч үл нөлөөлөх “дархан цаазтай амьтан” гэнэ.
Шаргалжуутын халуун рашааныг өтөлснийг залуужуулж, өвдсөнийг илааршуулж, үхсэнийг амилуулдаг хосгүй амин ус хэмээн дээдэлж, сүсэглэн энгийн ардаас эхлээд ихэс дээдэс хүртэл эмнүүлдэг байсан баримт олон. Таван ухааны эцэг хэмээгддэг Ламын гэгээний анхдугаар дүр 108 рашааныг анх нээн язгуур махбодийг тодорхойлж, рашаан тус бүрийн анагаах онцлогийг боловсруулжээ. Хожим 1957 онд Орос Монголын хамтарсан эрдэмтдийн баг рашаан бүрээс дээж авч лабораторид шинжлэхэд гэгээнтнийхтэй яв цав нийцжээ. Тухайн үед баталгаажуулан шинэчлэн тавьсан рашааны пайзыг хэн ч өөрчлөх эрхгүй байтал Хүрэн цорготын рашааны пайзыг өөрчлөн тэс өөр рашаан дээр тавьсан тохиолдол гарсан гэнэ.
Энэ мэт эмчилгээний горим зөрчсөн ноцтой тохиолдлууд сүүлийн жилүүдэд байнга гарах болж. Тухайлбал, үе мөч шавшдаг 66 дугаартай рашааныг уухаар бичээд өгчихсөн байх жишээтэй. Рашаан сувиллаар, тэр дундаа Шаргалжуутаар мэргэшээгүй янз бүрийн эмч нар жил бүр солигдон очиж, тэндхийн эмчилгээний горим хяналтаас гарч буйг олон хүн анзаарч, дор бүрнээ гомдол тоочиж эхэлсэн байна. Анх Улаанбаатарт хүлээж авахаас эхлээд л иргэдийг чирэгдүүлдэг, эх захаа алдсан эрэмбэгүй үйлчилгээ олны аргыг бардаг ч бүх төрлийн өвчнийг анагаадаг, өөр хаана ч үгүй, өрсөлдөгчгүй рашаан учраас иргэд хэлсэн мөнгийг нь төлөөд, хүссэн хүсээгүй очиж байгаа нь бодит үнэн.
Амрагчид буцахтай зэрэгцэн жил бүр босч ирдэг нэгэн хачирхалтай сэдэв нь амралтын бохир. Төв байрнуудын бохир халин, машин зам даган урсч, Шаргалжуутын гол руу ордог гэнэ. Амралттай залгаа, гол дагуу нутагладаг айлын ойр орчим хүн амьсгалах аргагүй болж, жижиг гүүр тэр чигтээ бохирт будагдан голоор гарахын эцэсгүй болдог аж. Бохирлогдсон усаар Шаргалжуутын голын ай саваар нутаглаж буй хүн мал ундлаад зогсохгүй голоор дамжин Түйн гол, Орог нуурт ч хүрнэ. Энэ хүндрэл Шаргалжуут хувьчлагдсаны дараахь өвлөөс эхэлжээ. Төрийн өмчит хувьцаат компани байхад цэвэрлэх төхөөрөмж өвөл зунгүй ажилладаг, манадаг айлтай, хариуцсан эзэнтэй байжээ. Харин өдгөө хэдэн слесариас өөр хэн ч тоодоггүй. Нөгөө хэд нь ч ажлынхаа ачааллыг дийлдэггүй гэнэ. Энэ мөрөөр 2009 онд УМХГ-ын шалгалт ирж нэг хэсэгтээ анхаарлын төвд орж, овоо цэгцэрч байснаа удалгүй бахь байдагтаа оржээ.
Рашаанаа түшиглэн ажил амьдралаа залгуулсаар ирсэн Шаргалжуут тосгоныхон сүүлийн жилүүдэд нутгаасаа дүрвэх нь ихэсчээ. Шаргалжуут хувьчлагдсанаас хойш өмнө нь ажиллаж байсан ихэнх ажилтныг халж, одоо байгааг нь төрөл бүрээр хавчин, ажлын ачаалал, сэтгэл санаагаар дарамталж байна. Ганцхан жишээ татахад, уг сувилалд сахиулаар ажиллаж байсан С.Бат-Очирыг ажил амьдралаар нь хохироожээ. Түүний цалинг хөдөлмөрийн хууль зөрчин сарын 80.000 төгрөгөөр тогтоож, элдэв бусын шимтгэл нэрээр хассаар 45.000 төгрөг өгдөг байв. Сүүлдээ дарамт нь бүр ихэсч ажлынх хажуугаар бүтэн зургаан cap 700 хонь маллуулчихаад үндсэн цалинг нь ч өгсөнгүй. Нэхэл дагал болсны эцэст гурван сарын цалин гэж 60,000 төгрөг сарвайжээ. С.Бат-Очир аргаа баран, ажлаасаа гарч, Нийгмийн даатгалын сангаас ажилгүйдлийн тэтгэмж авахаар хөөцөлдтөл сүүлийн дөрвөн сарын шимтгэлийг байгууллагаас нь төлөөгүйгээс тэтгэмж олдсонгүй.
Түүний гэргий мөн компанид үүрийн гэгээнээс үдшийн бүрий болтол зарагдаж, хоёр гурван хүний ажлыг ганцаараа амжуулдаг ч олигтой цалин авахгүй. Ажил нь улирлын шинжтэй болохоор эднийх нутагтаа амьдрах аргагүй болж, суурин газар бараадахаар шийджээ. Энэ байдал Шаргалжуутад жил ирэх тусам гаарч, тосгоныхны ихэнх нь ажилгүй болж, “Шаргалжуут” ХХК-ийн удирдлагууд хааяахан үзэгдэхдээ ажилтнуудаа толгой түрийгүй загнаж, таньдаг хүнээ рашаанд оруулж, олон жил ажиллаж бугшсан гэх мэт хууль бус шалтгаанаар хэнийг ч гэсэн хөөгөөд явуулдаг байна. Энэ бүхний цаана хүний амьдрал, бүхэл бүтэн тосгоны хувь заяа байгааг тэд ер тоохгүй. Ажилтнууд хөдөлмөрийн хуулийг зөрчиж буйг нь хэлэхэд бид төрийн биш хувийн байгууллага тэр хууль чинь бидэнд хамаагүй хэмээн амыг нь тагладаг аж.
Дэлхийд ижилгүй рашаан, Монголын хууль, ард түмний хүсэл шаардлагыг уландаа гишгэн мөнгөний төлөө улайрагч нууц эзэн хэн бэ гэдэг асуулт Шаргалжуутынхны толгойны өвчин болж, түүнтэй нэгийгээ үзэхээр зэхэж байна. Олны дунд Шаргалжуутыг экс ерөнхийлөгч Н.Энхбаяр аав Намбартаа авч өгсөн гэх яриа бий. 2008 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар Н.Энхбаяр баянхонгорчуудтай уулзах үеэр дээрх асуудал хөндөгдөхөд тэр эрс үгүйсгэжээ. Одоо захирал нэртэй нүүдлийн шувуу шиг ирж буцдаг, байхаасаа байхгүй нь их Т.Түмэндэмбэрэл, түүний гэр бүлийн хүн Чулуунцэцэг нарыг түүний хамаатан гэх яриа ч чих дэлсэнэ. 2006 онд анх хувьчлагдахад нутгийн ардад рашаан ус та нарын өмч, бид зөвхөн аж ахуйг нь л хувьчилж авч байна гэж хэлж байж. Гэтэл Шаргалжуут хувьчлагдсанаас хойш нутгийн ард иргэд рашаандаа орох эрхгүй болж, хүсэлт гаргасан нэгнийг амрах эрхийн бичиг нэхээд л хөөгөөд явуулна. Энэ оны гуравдугаар сард С.Давааням тэргүүтэй нутгийн сэхээтнүүд сувиллын захиргаанд 100 гаруй хүний гарын үсэг бүхий гурван зүйл шаардах бичиг хүргүүлжээ. Рашааны бүсэд өрөмдлөг хийхгүй, олон давхар байшин барихгүй, нутгийн ардад рашаанаар үйлчлэх зэргийг тусгаж, дөрөвдүгээр сард болох ИТХ-д хариу өгөхийг шаарджээ. Гэвч өдий болтол хариу өгөөгүй байна.
Энэ жилээс сувиллын төлбөр хоногт нэг хүний 23.500-47.500 төгрөгний хооронд байгаа аж. Хамгийн энгийнээр тооцож үзэхэд сувилал сард хамгийн багадаа 450 сая төгрөг, зундаа тэрбум, тэрбумаар тооцогдох цэвэр ашиг олж байна. Шунал нь шулам болсон дээрэмчдэд цэвэр ашигтай бизнес бол яах аргагүй Шаргалжуут. Эм тан гэж нэг төгрөг ч гарахгүй, байгалиас заяасан амин ус, хад чулуу, шавраар эмчилчихнэ. Өвөлдөө ганц бургас шатаахгүй байрнуудаа рашаанаар халаачихна. Үүнийг далд эзэд анх хувьчилж авахдаа л бүрэн тооцож, Шаргалжуутыг шар галзуу шуналын золиос болон, мөнгө улаан нүд цагаан гээч болж байна. Өнгөрөгч зургаадугаар сард УИХ-ийн гишүүн Х.Баттулга Шаргалжуут тосгоныхонтой уулзах үеэр рашаан сувиллыг улсын өмч болгох эс бөгөөс баянхонгорчуудын мэдэлд шилжүүлэх асуудлаар ард иргэд саналаа хэлжээ. Эрхэм гишүүн “Энэ удаа би хуулийн дагуу ямар нэгэн амлалт өгөх эрхгүй. Харин их хуралд сонгогдож гэмээнэ асуудлыг дорвитой анхаарна” гэсэн нь хонгилын үзүүрт гэрэл харагдана гэгчээр Шаргалжуутынхны гол найдвар болоод байгаа ажээ.
ЭХ СУРВАЛЖ: "МОНГОЛЫН МЭДЭЭ" СОНИН