Шатрын УАШТ үргэлжилж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Шатрын УАШТ үргэлжилж байна

Шатрын насанд хүрэгчдийн улсын аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. “Говь” цогцолборт болж буй тэмцээний долоо болон наймдугаар өргийн тоглолт өчигдөр болж, тэргүүлэгчдийн байрлалд нэлээд өөрчлөлт орлоо. Эхний өдрүүдэд тэргүүлж явсан олон улсын мастер Ц.Батчулуун хоёр дахь хожигдлоо хүлээж хоёр байраар ухарч гуравдугаарт бичигдэх боллоо. Харин гараагаа тун сайн эхлүүлсэн спортын мастер М.Гүнбаяр найман өргийн дараах байдлаар зургаан оноотой тэмцээнийг тэргүүлэх болжээ. Тэрбээр наймын “даваа”-нд өнгөрсөн жилийн улсын аварга Н.Баттулгыг ердөө л 26 дахь нүүдлээрээ буулган авчээ. Түүний араас спортын мастер Б.Баярмандах 5.5 оноогоор нэхэж байгаа юм. Шатарчдын тоглолт яван чангарч байгаа нь тэмцээний явцаас харагдаж байна. Эмэгтэйчүүдийн хувьд А.Энхтуул байраа алдаж нэгээр ухарсан. Харин их мастер Т.Батчимэг, олон улсын мастер Д.Янжиндулам нар долоон өргийн дараа ижилхэн таван оноотойгоор тэмцээнийг манлайлж эхэллээ. Тэмцээн ирэх сарын 3-нд өндөрлөж, 2011 оны улсын аварга тодорно.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж