Шинэ төлөвлөгөөний дагуу ажиллахаар боллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Шинэ төлөвлөгөөний дагуу ажиллахаар боллоо

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаярын санаачилгаар Нийслэлд 2011 онд хэрэгжих инженерийн шугам сүлжээ, авто зам, тохижилтын ажлын нэгдсэн төлөвлөгөөг гаргасныг дагуу хийгдэх бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэхээр “Хот төлөвлөлт ба дэд бүтцийн хангамж” ажлын уулзалтыг Нийслэлийн Барилга хот байгуулалт төлөвлөлтийн газраас зохион байгууллаа.

Энэхүү уулзалтыг нээж Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр хэлсэн үгэндээ “Энэ жилээс эхлэн инженерийн шугам сүлжээнд хонгилын системийг нэвтрүүлнэ. 4-р сараас эхлэн УБ хотод шугам сүлжээ, зам барилгын бүтээн байгуулалтын ажил эхэлнэ. Өмнөх жилүүдэд шинэ тавьсан замыг шугам сүлжээ солих нэрийдлээр сүйтгэдэг байдал давтагдахгүй. Гаргасан графикийн дагуу ус, цахилгаан дулаан, замын компаниуд ажиллах болно” гэдгийг хэлсэн юм.

Ажлаа бодлоготой төлөвлөгөөтэй, бусад байгууллагатай уялдуулж бүтээн байгуулалтын ажлыг үр дүнтэй болгох 8 дахь уулзалт нь энэ юм. Уулзалт болгоноор хотын удирдлагуудын зүгээс сануулж хэлдэг хамгийн гол зүйл нь бусдын ажлыг үгүй болгож шугам солих, зам барих ажлыг хийхгүй. Хэн хэнийхээ ажлыг хүндэтгэх нь эргээд нийслэлийн иргэн бидэнд хэрэгтэй татвар төлөгчдийн мөнгийг үр дүнтэй зарцуулж байгаа хэрэг гэдгийг сануулж байна.

Энэ жилээс эхлэн инженерийн шугам сүлжээг барихдаа шинэ технологи нэвтрүүлж эхлэх гэж байна. Одоо манайд ашиглаж байгаа нэг шугам солих гэж газар ухаж тохижилт сүйтгэдэг биш. Харин хонгилын системтэй инженерийн шугам сүлжээг барьж эхлэх юм байна. Шинээр баригдах хорооллуудын инженерийн шугам сүлжээг иймэрхүү байдлаар хийнэ гэж хотын дарга танилцууллаа. Мөн түүнчлэн бүтээн байгуулалтын энэ их ажлын үеэр хөдөлмөр хамгаалал аюулгүй байдлыг номер нэгт тавих хэрэгтэй гэдгийг хэлсэн.

Дулааны ажлаас болж замын ажил хойшилдог нэг нэгийгээ сунжруулсан байдал гарах ёсгүй гэдгийг хотын дарга сануулж байлаа. Хот төлөвлөлт ба дэд бүтцийн хангамж сэдвийн дор зохион байгуулагдаж байгаа өнөөдрийн уулзалтанд энэ мэтчилэн хийгдэх ажлын төлөвлөгөөг ярилцаж, үүрэг чиглэлээ авсан үр дүнтэй уулзалт болсон юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж