Нил Армстронг таалал төгсчээ

Хуучирсан мэдээ: 2012.08.26-нд нийтлэгдсэн

Нил Армстронг таалал төгсчээ

"Нил Армстронг бол Америкийн агуу баатруудын нэг" хэмээн АНУ-ын ерөнхийлөгч Обама түүнийг нэрлэв

АНУ-ын ерөнхийлөгч Барак Обама сансрын нисгэгч-астронавт Нил Армстронгийг “Америкийн агуу баатруудын нэг” хэмээн нэрлэв. Сарны гадарга дээр анхлан хөл тавьсан Нил Армстронг наймдугаар сарын 25-ны өдөр буюу өчигдөр 82 насандаа таалал төгслөө. Цагаан ордноос өгсөн мэдэгдэлд “Армстронг болон түүний нөхдүүд хүсэл эрмэлзэл, санаачлага зүтгэлээр бүхнийг бүтээж, америкчуудын сэтгэлийн тэнхээг дэлхий дахинд харуулсан” хэмээн онцолжээ. “Сарны гадаргад хийсэн Армстронгийн анхны алхам бол хүн төрөлхтний хэзээ ч мартагдахгүй  ололт” гэдгийг Обама онцлов. “Зөвхөн өөрийн цаг үеийнх бус бүхий л он жилүүдийн Америкийн хамгийн агуу баатруудын нэг бол Нил” хэмээн тэрбээр мөн тэмдэглэжээ.

Ерөнхийлөгчийн сонгуульд Обаматай өрсөлдөх Митт Ромни Нил Армстронгийн дурсгалыг хүндэтгэн “Ер бусын эр зориг, шавхагдашгүй их хүчээр эх орноо хайрласэн энэ эрхэм хүний хөл хүрээгүй газрыг туулсан жинхэнэ баатар” хэмээгээд “Армстронг амьдралын минь эцсийн мөч хүртэл миний үлгэр дууриал байх болно” гэжээ.

Сансрын нисгэгч таалал төгссөнд гашуудлаа илэрхийлсэн АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн танхимын спикер Жон Бейнер “Тэр өөрийн нэгэнтээ очиж байсан тэнгэртээ халилаа” гэсэн бол “Жинхэнэ анхдагчийнхаа хувьд тэр өөрийн “жижигхэн алхмаараа” нийт хүн төрөлхтөнд өөртөө зорилго тавибал ямар агуу гавъяа байгуулж болдгийг харуулсан” хэмээн Пентагоны тэргүүн Леон Панетта онцлоод Армстронгийг NASA-гийн сансрын нисгэгчдийн отрядад нэгдэхээс өмнө Тэнгисийн флотод алба хааж, Солонгосын дайнд оролцож, шагнагдаж байсныг тэмдэглэжээ.

Армстронг 1969 оны долдугаар сарын 20-нд сарны гадаргад анхлан хөл тавьсан хүн болсон юм. Саран дээр буусныхаа дараа тэр “Хүний энэ жижигхэн алхам бүх хүн төрөлхтний асар том үсрэлт юм” гэсэн түүхэн үгээ хэлж байжээ.

Нил Армстронг наймдугаар сарын 25-ны өдөр 83 насандаа энэ сарын эхээр хийсэн титэм судасны мэс заслын хүндрэлийн улмаас ийн таалал төгслөө. Саран дээр буусан анхны хүнийг хаана, хэзээ нутаглуулах талаар зарлаагүй байна.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж