Австралийн шигшээ “Машинууд”-ыг талбайд нь хожив

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Австралийн шигшээ “Машинууд”-ыг талбайд нь хожив

“Евро-2012” тэмцээний урьдчилсан шатны тоглолтуудтай зэрэгцэн өнгөрсөн шөнө хэд хэдэн нөхөрсөг тоглолт боллоо. Хамгийн сонирхолтой нь дэлхийн гурван удаагийн аварга Герман болон шинэ тив Австралийн багийн хооронд өрнөжээ. Мёнхенгладбах хотноо болсон тус тоглолт 2:1 харьцаатай зочин багийн ялалтаар өндөрлөж, Өмнөд Африкт болсон дэлхийн аваргын үеэр Германы шигшээд 4:0-ээр бут ниргүүлсэн “Соккерүүс” хариугаа авчээ. Германы “Машинууд”-ын дасгалжуулагч Йохим Лёв харьцангуй сул бүрэлдэхүүнээ талбайд гаргасан бөгөөд дөрөв гаруй жилийн хугацаанд энэ албан тушаалыг хашихдаа хамгийн муу ялагдлаа хүлээж, шийтгэл хүлээсэн нь энэ. Харин эсрэгээр Австралийн шигшээ багийн хувьд хамгийн бахдалтай ялалтуудынх нь нэг байлаа.

Тоглолтын 26 дахь минутад “Баейрн Мюнхен”-ий довтлогч Марио Гомез гоолдсоноор германчууд тэргүүлж эхэлсэн боловч 15 минутын завсарлагааны дараа Австралийн баг тоглолтыг эргүүлж, Дэвид Карни тэнцээний гоолыг оруулжээ. Энэ гоолоос хойш ердөө хоёрхон минутын дараа “Штутгарт”-ын хамгаалагч Кристиан Треш, Харри Кьюэлл дээр алдаа гаргаснаар Люк Уилкшир торгуулийн цохилтоос багтаа ялалт авчирсан байна.

Мөн энэ үеэр Английн алдарт “Уэмбли” цэнгэлдэхэд өрнөсөн Англи болон Ганын шигшээ багийн тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөжээ. 90 мянган хүний суудалтай тус цэнгэлдэхэд цугласан үзэгчдийн 20 мянга орчим нь Ганын багийн фанатууд байсан юм. Английн хамгийн үнэтэй хөлбөмбөгч Энди Карролл тоглолтын эхэн үед гоолдож, “Гурван арслан” тоглолтыг тэргүүлж эхэлсэн ч Хар тивийн хүчирхэг баг эцсийн мөч хүртэл бууж өгөхийг хүссэнгүй. Улмаар эцсийн шүгэл дуугарахын өмнөхөн Премьер лигийн “Сандерлэнд” клубын харьяалалтай Асамоа Гьян тэнцээний гоолыг оруулсан байна.

Түүнчлэн Францын шигшээ баг талбайдаа Хорватын багийг хүлээн авч, хуурай тэнцсэн бол Уругвайн шигшээ Дублин хотноо Ирландын багийг 3:2-оор хожжээ. Мөн дэлхийн дөрвөн удаагийн аварга Италийн шигшээ баг Киев хотноо Украйны багийг 2:0-ээр буулган авсан байна.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж