Авлигыг хэрхэн бууруулах вэ?

Хуучирсан мэдээ: 2012.08.24-нд нийтлэгдсэн

Авлигыг хэрхэн бууруулах вэ?

Монголын залуучуудын өдрийг тохиолдуулан Авлигатай тэмцэх газар, Монголын залуучуудын холбоо хамтран “Авлигын эсрэг төр болон иргэний байгууллагын түншлэл” нээлттэй хэлэлцүүлгийг Иргэний танхимд өнөөдөр зохион байгууллаа. Хэлэлцүүлэгт Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Засгийн газар, Улаанбаатар хотын захирагчийн ажлын алба болон бусад төрийн болон төрийн бус байгууллагуудын төлөөлөгчид оролцож авлигыг хэрхэн бууруулах боломжтой талаар ярилцсан юм.

Монголын Залуучуудын холбоо нь авлигатай тэмцэх чиглэлээр өнгөрсөн гуравдугаар сараас “Би авлига авахгүй, өгөхгүй” гэдэг хөдөлгөөн өрнүүлж, тоолуур ажиллуулжээ. Одоогийн байдлаар 2569 залуу эл хөдөлгөөнд нэгдэж, авлига өгөхгүй, авахгүй гэдгээ илэрхийлсэн аж. Гэхдээ энэхүү саналаа илэрхийлэх хөдөлгөөнд эмэгтэйчүүд, залуус хамгийн идэвхитэй оролцсон бол төрийн албан хаагчид болон 40-ээс дээш насныхан огт нэгдээгүй аж. Мэдээлэл дутмаг байлаа ч гэсэн ядаж дээрх төлөөллөөс нэг, нэг хүн хандаж нэгдэж болох боломжтой байсан ч хөдөлгөөнд нэгдээгүй юм байна.

Түүнчлэн холбооны зүгээс фэйсбүүкээр дамжуулан авлигатай хэрхэн тэмцэх талаар хэлэлцүүлэг өрнүүлэхэд маш олон залуучууд ханджээ. Тэр дундаа гадаадад амьдарч буй залуучууд “Авлига” нэртэй вэб сайт нээн ажиллуулах санаачлагыг гаргаж, одоо энэ нь бодит ажил болчихоод буй аж. Гэхдээ вэб сайтыг албан ёсоор олон нийтэд танилцуулаагүй байгаа боловч,  төрийн албан хаагчдад ямар шалтгааны улмаас авлига өгснөө иргэд цахим хуудсаар дамжуулан илэрхийлжээ. Нийт дүнгээрээ 150 сая төгрөгийн авлигын түүх тэрхүү вэб сайтад бичигдсэн байна. Тодруулбал, хүүхдээ цэцэрлэгт бүртгүүлэхийн тулд эрхлэгч, багш нарт авлига өгсөн, элсэлтийн ерөнхий шалгалтын оноогоо 800-д хүргэхийн тулд, тендэрт компаниа шалгаруулахын тулд төрийн албан хаагчдад тус бүр авлига өгсөн гэжээ. Судалгаагаар төрийн албан хаагчдын дунд авлига ид цэцэглэж буйг харуулж байгаа. Тиймээс энэхүү төрийн, эдийн засгийн, Засгийн газрын дайсан болж буй авлигатай тэмцэхийн тулд Монголын Залуучуудын холбооныхон олон нийтийн сүлжээ үүсгэн тэмцэхээр болжээ. Мөнгөгүй ч гэлээ санал нэгдсэн хүмүүс авлигыг устгахын төлөө зорилгоо нэгтгэн тэмцэхэд үр дүнд хүрнэ хэмээн үзэж буйгаа Монголын Залуучуудын холбооны ерөнхийлөгч А.Мөнхбат энэхүү хэлэлцүүлгийн үеэр онцолсон юм.

Г.ДАРЬ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж