УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт зочиллоо

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл Ховд аймагт зочиллоо

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл энэ сарын 28-нд Ховд аймгийн Алтай сумын иргэдтэй уулзаж, Бодончийн хавцлыг дайруулан тавих Тэмээн хүзүүтээс Бага улаан даваа хүртэлх 110.8 км хатуу хучилттэй замын шав тавих ёслолд оролцлоо.

Мөн Үенч суманд хүрэлцэн ирж, иргэдтэй уулзан цаг үеийн асуудлаар мэдээлэл өгч, тус сум дахь цэргийн ангийн ажилтай танилцав. Тэрээр өчигдөр Булган сум дахь хилийн Ярант боомтын ажилтай танилцаж, боомтын ажлын хэсгийн хуралдаанд оролцлоо. Энэ үеэр Ховд аймгийн Засаг дарга Г.Нямдаваа, МХЕГ-ын дарга Р.Содхүү, ХХЕГ-ын дэд дарга бригадын генерал М.Заяабаатар, ГЕГ-ын дэд дарга Д.Оюунчимэг нарын хүмүүс УИХ-ын даргыг дагалдан ажиллаж, холбогдох мэдээллээр харилцан санал солилцсон юм.

Ярант боомт нь Булган сумын төвөөс 45 км-ийн зайтай оршдог бөгөөд 2011 оны нэгүгээр сарын 13-наас байнгын ажиллагаатай болжээ. Цаашид тус боомтыг олон улсын чанартай болгохоор төлөвлөж байгаа юм байна. Ингэхийн тулд юуны өмнө олон улсын стандартад нийцсэн орчин үеийн иж бүрэн лабораторитой болох зайлшгүй шаардлагатай байгааг ажлын хэсгийн хуралдааны үеэр ярилцлаа. Одоо Ярантаас Улаанбайшинт хүртэл 700 гаруй км үргэлжлэх автозам тавигдаж байгаа аж. Энэ зам ашиглалтад орвол зам дагасан амьдрал сэргэж, эдийн засгийн хувьд хаа хаанаа ач холбогдлоо өгөх бөгөөд Ярантыг олон улсын чанартай боомт болгоход түлхэц өгнө гэдгийг ч албаны хүмүүс хэлж байлаа. Түүнчлэн Ярант боомтод нүүрсний гарц шинээр байгуулах талаар ярилцлаа.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж