Аж үйлдвэрийн салбарын борлуулалт өсчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Аж үйлдвэрийн салбарын борлуулалт өсчээ

Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас “ Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил”-ийн хүрээнд аж үйлдвэрийн салбарын талаарх мэдээллийг гаргасан байна. Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын борлуулсан бүтээгдэхүүн 2010 оны байдлаар 4468.2 тэрбум төгрөгт хүрчээ. Үүний 68.5 хувь буюу 3062.6 тэрбум төгрөгийн бүтээгдэхүүнийг гадаад зах зээл дээр борлуулсан байна.

Уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ 70.6 хувь болж, 2009 оны мөн үеийнхээс  4.7  пунктээр нэмэгдсэн бөгөөд уул уурхайн салбарын өндөр өсөлтөөс шалтгаалж боловсруулах аж үйлдвэрийн  салбарын   эзлэх хэмжээ 21.0 хувь болж 3.7 пунктээр, цахилгаан дулааны эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарын эзлэх хэмжээ 8.4 хувь болж 1.0 пунктээр тус тус буурсан байна. Энэ нь манай улсын нүүрс, төмрийн хүдрийн экспортын хэмжээ огцом нэмэгдэж байгаагаас гадна уул уурхайн салбарын бүтээгдэхүүний дэлхийн зах зээлийн үнэ өсч байгаагаас шалтгаалан борлуулалтын бүтцэд уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарын эзлэх хэмжээ нэмэгдсэнийг харуулж байгаа юм. Аж үйлдвэрийн бүтээгдэхүүний экспортод гаргаж борлуулсан хувийн жинг авч үзвэл, олборлосон газрын тосны бүтээгдэхүүнийг 100 хувь, металлын хүдрийн 92.9 хувийг, нүүрсний 89.4 хувийг, нэхмэлийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 64.2 хувийг, төмрийн үйлдвэрийн бүтээгдэхүүний 47.1 хувийг, хүнсний бүтээгдэхүүний 4.2 хувийг тус тус гадаад зах зээлд борлуулсан байна. Аж үйлдвэрийн салбарт ажиллагчдын тоо 2010 оны эцэст 54289 байгаа нь 2009 оныхоос 3.3 хувиар буюу 1715 хүнээр нэмэгдсэн байна. Аж үйлдвэрийн салбар дахь хөдөлмөрийн бүтээмж 2010 онд зэрэгцүүлэх үнээр 36.5 сая төгрөг болсон нь 2009 оныхоос 1.9 сая төгрөг буюу 5.5 хувиар өссөн байна. Хөдөлмөрийн бүтээмж уул уурхай, олборлох аж үйлдвэрийн салбарт 0.1 сая төг буюу 0.2 хувиар, боловсруулах аж үйлдвэрийн салбарт 2.0 сая төгрөг буюу 8.3 хувиар, цахилгаан, дулаан, эрчим хүч үйлдвэрлэлт, усан хангамжийн салбарт 0.8 сая төгрөг буюу 5.5 хувиар тус тус өсчээ.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж