Дэмчиг дацанг сэргээнэ | News.MN

Дэмчиг дацанг сэргээнэ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Дэмчиг дацанг сэргээнэ

Архангай аймгийн Эрдэнэмандал сумын нутгийн зөвлөлийн өргөтгөсөн хурал болж,  тус сумын нутагт 1737-1939 онуудад  шашин соёлын төв болж байсан Дэмчиг дацан хийдийг дахин сэргээн босгох шийдвэрийг санал нэгтэй баталлаа.
Хуучнаар "Сайн ноён хан" аймгийн нутаг Эрдэнэт дэнж хэмээх газар Хан-Өндөр хайрханы урд  Хануйн голоор эмжигдсэн байгалын үзэсгэлэнт газарт  байрлах  Дэмчиг дацан  хийд нь Заяын шавийн хойд бүс нутгийг хамарсан Заяын шавийн салбар дугана шашин соёлын төв байжээ.   

 1655 онд Халхын анхдугаар Зая бандидаг тодруулж, Лувсанпэрэнлэйг арван гурван настайд ширээнд залжээ.   1737 онд Халхын Зая бандида, Эрдэнэ мэргэн хутагт Лувсанпэрэнлэйд Сайн ноён хан аймгаас зарим хошуудыг тасалж, шавь отог үүсгэж өгөхөд, өөрийнх нь нутаг болох одоогийн  Эрдэнэмандал   сумын газар нутгийг хамруулан оруулсан байна.   Баруун тийш одоогийн Бичигт хангай, Бор бургасны гол, зүүн тийш Хонгоржийн тал, Хар овоот, Хар тогоо хүрч, хойшоо Мухар хужиртын рашаан, урагшаа Тээлийн давааны сэтэрт мод, Хүнүйн гол хүртэлх газар нутгийг хамрагдаж байсан байна.

Дэмчиг дацангийн төв нь Заяын хүрээнд байрладаг бөгөөд, Өлзийт дэнжид салбар дуган байгуулан, шавь ардын эргэл мөргөл үйлдэх, маани мэгзэм хөгжөөх, буян хийхээс гадна,  засаг захиргааны үйл ажиллагааг удирдан төвлөрүүлж байсан. Дацан-Дуган сургууль байжээ. Дэмчиг бурханы нэрийг өгсөн гэх ба Өлзийт дэнжид байрлавал маш олон хүмүүс цугларч ирнэ хэмээн зурхайн номд бууснаар нь бэлэгдэн байгуулсан байна.

Дэмчиг дацангийн гэр дуган нь маш том бөгөөд долоон зуу орчим лам сууж хурал ном хурдаг байсан гэдэг. Дуганын дэргэд гурван жижиг байшин байх ба түүний нэгийг Дарь эхийн дугана гэж нэрийдэх ба мөнхийн зул өргөдөг, байнгын гониртой байжээ.

Цаашид сүм хийдийг сэргээн босгож  түмэн олонд сэтгэл зүйн дэмжлэг таашаал авах, чөлөөт цагаа үр ашигтай өнгөрүүлэх, алжаал тайлах, уламжлалт түүхийн дурсгалтай танилцах, олон нийтийн сэтгэл татсан соёл үйлчилгээний төв, улмаар  аялал жуулчлалын цогцолбор болтол  нь хөгжүүлэх, зорилгын үүднээс энэхүү  барилгажилтын ерөнхий төлөвлөгөөний зургийг Хасу групп боловсруулжээ.
 Эрдэнэ-Мандал сумын Эрдэнэт дэнж одоогийн сумын төвийн зүүн талд Хануйн голын хойд дэнж дээр байх байгалын үзэсгэлэн бүрдсэн тайлбайг энэ зориулалтаар ашиглаж байгал болон сумын төвийн тохижилттой уялдуулан гадна талбайг Хануйн гол хүртэл цэцэрлэгт хүрээлэн болгон тохижуулна. Энэхүү талбайд Эхний ээлжинд  108 багана бүхий хашаатай, урд талдаа гол хаалгатай, хойд талдаа тээврийн хэрэгсэл, үйлчилгээний зориулалтын хаалгатай байна. Хашааны төв хэсэгт гол суврага, гол сувраганы хоёр талд жижиг 8 суврага байрлахаар төлөвлөжээ. Дацанг барихад нутгийн олон түмний хандив тусламжаар босгохоор төлөвлөж байгаа юм.

Б.Мандах

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж