Олимпийн цэнгэлдэхийн барилгын ажил дууслаа

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Олимпийн цэнгэлдэхийн барилгын ажил дууслаа

Лондонгийн зүүн хойд хэсгийн Стратфорд дүүрэгт сүндэрлэж буй Лондонгийн Олимпийн цэнгэлдэхийн барилгын ажил дуусчээ. Барилгын ажил эхэлсэн цагаас хойш гурван жил хүрэхгүй хугацааны дотор ийнхүү цэнгэлдэх хүрээлэн сүндэрлэсэн бөгөөд өчигдөр олон улсын ажиглагчид цэнгэлдэхийн зүлэгний хамгийн сүүлийн хэсгийг дэвссэн байна. Одоо тэд “Лондон-2012”-ын өмнө цэнгэлдэхийн бэлтгэл ажлыг эхлүүлэх юм. Гэхдээ өчигдрийн арга хэмжээний үеэр Лондонгийн олимпийн зохион байгуулах хорооны тэргүүн Себастьян Кое “Маргааш гэхэд л олимпийн наадмын хөнгөн атлетикийн тэмцээнийг хүлээн авахад бэлэн болсон гэж ойлгож болохгүй. Жил гаруй хугацааны дараа гэхэд энэ цэнгэлдэх үнэхээр гайхалтай бүтээн байгуулалт болсон байх болно” хэмээжээ. Цэнгэлдэх нийтдээ 700 гаруй өрөө тасалгаатай бөгөөд тэдгээрийн засварын ажил дуусаагүй байгаа юм. Түүнчлэн цэнгэлдэхийн гүйлтийн замын хучилтыг энэ жилийн сүүлээр хийх ажээ. Учир нь олимпийн наадын тэмцээн, уралдаан болон нээлт, хаалтын ёслолын ажиллагааны үеэр, мөн цаашид ч ашиглагдах гэрэлтүүлэг, тоног төхөөрөмж зэргийг суурилуулахад цэнгэлдэхэд өргөгч цамхаг оруулж ирэх шаардлага гарах учир гүйлтийн замыг сүйтгэх аюултай юм.

Дашрамд сануулахад, 80 мянган хүний суудалтай энэ цэнгэлдэх олимпийн наадмын дараа Английн Премьер лигийн “Уэстхэм” клубын эзэмшилд очих юм. Цэнгэлдэхийн барилгын ажил 2008 оны тавдугаар сард эхэлсэн бөгөөд 9,3 тэрбум фунтын төсөвтэй олимпийн төслийн нэгэн чухал хэсэг нь юм.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж