Хятад, Монголын харилцаа хамгийн сайн үед байна

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Хятад, Монголын харилцаа хамгийн сайн үед байна

БНХАУ-ын Төрийн зөвлөлийн гишүүн ноён Дай Бингуо Монгол Улсын шинэ Засгийн газрын анхны зочин болон энэ сарын 22-25-нд Монгол Улсад айлчилж байна. Тэрбээр айлчлан ирэхийнхээ өмнөхөн ГХЯ-аар дамжуулан Монголын сэтгүүлчдээс бичгээр асуулт авч түүндээ хариулт ирүүлээд байна. Ноён Дай Бингуогийн асуултад хариулан бичгээр өгсөн ярилцлагыг хүргэж байна.

-Монгол Улсын шинэ парламент, Засгийн газар байгуулагдаж буй үед Та Монголд айлчлал хийж байна. Та айлчлалаас ямар үр дүн хүлээж байна вэ? Монгол, Хятадын харилцааны цаашдын хэтийн төлөвийг хэрхэн төсөөлж байна вэ?

-Саяхан Монгол Улсад Улсын Их Хурлын сонгууль амжилттай явагдаж, шинэ парламент, шинэ Засгийн газар байгуулагдсан нь монголчуудын хувьд давхар тэмдэглэлт үйл явдал боллоо. Найрсаг харилцаатай хөрш, чухал түншийн хувьд БНХАУ энэ үйл явдалд баяр хүргэж байгаа бөгөөд шинэ парламент, шинэ засгийн газрынхаа удирдлагаар улс орныхоо хөгжлийн аливаа үйлсэд улам их амжилтыг олохыг Монголын ард түмэнд хүсэн ерөөж байна.

Хятадын тал Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрх, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдал, Монголын ард түмний сонгосон хөгжлийн замыг хүндэтгэдэг. Хятад, Монголын сайн хөршийн найрсаг харилцааг тасралтгүй бэхжүүлэн хөгжүүлэх нь Хятадын Засгийн газрын тууштай баримталж ирсэн стратегийн чиглэл бөгөөд энэ нь Хятад, Монгол хоёр улс, ард түмнүүдийн үндсэн эрх ашигт нийцдэг билээ. Өнөөдөр Хятад, Монголын харилцаа түүхийнхээ хамгийн сайн үед байна. Өнгөрсөн 2012 онд хоёр улсын хооронд стратегийн түншлэлийн харилцаа тогтоосноос хойш Хятад, Монголын харилцаа хурдацтай хөгжиж, өндөр дээд төвшний харилцан айлчлал тогтмолжиж, улс төр, эдийн засаг, хүмүүнлэгийн зэрэг салбарын харилцаа, хамтын ажиллагаа улам бүр гүнзгийрч, хоёр талын харилцаа шинэ шатанд гарав. Хятад, Монголын харилцааны үндэс суурь бат бэх, хамтын ажиллагааны боломж их, хөгжлийн төлөв нь ирээдүйтэй сайхан байна гэдэгт би гүнээ итгэж байна.

Энэ удаагийн айлчлалаар Монгол Улсын шинэ Засгийн газартай харилцаа холбоо тогтоож, харилцан ойлголцлоо гүнзгийрүүлж, хоёр талын харилцаа, хамтын ажиллагаа хийгээд харилцан сонирхсон бүс нутаг, олон улсын асуудлаар санал солилцож, хоёр улсын харилцааг урт хугацаанд эрүүл саруул, тогтвортой хөгжүүлэхийг хүсч байна.

-БНХАУ эдийн засгаа таван жилээр төлөвлөдөг. Өнгөрсөн жил 12 дугаар таван жилийн төлөвлөгөөгөө баталсныг бид мэднэ. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан арга хэмжээг хэрэгжүүлэхэд хөрш орнуудтай, түүний дотор Монгол Улстай ямар чиглэлээр хамтран ажиллах боломж байгаа вэ?

 -12 дугаар таван жилийн хугацаанд БНХАУ эдийн засгийн хөгжлийнхөө  арга хэлбэрийг өөрчилж, шинэчлэл, нээлттэй байх бодлогыг гүнзгийрүүлж, иргэдийнхээ амьдралыг баталгаажуулан сайжруулж, дунд зэргийн чинээлэг нийгмийн бүтээн байгуулалтыг бүх талаар урагшлуулан хөгжүүлэхийг зорьж байна. Цаашид бид сайн хөршийн найрсаг харилцаатай хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа харилцах бодлого, харилцан ашигтай, хамтдаа хожих нээлттэй стратегийг тууштай баримтлан хөрш зэргэлдээ улс орнуудтай хамтран энх тайван, тогтвортой бүс нутгийн орчныг бий болгож, бэхжүүлэх болно. Бид мөн гадаадад нээлттэй байдлаа улам гүнзгийрүүлж, гадаад худалдааны бүтцийг сайжруулан, хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа худалдаа, хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааг эрчимжүүлэн, эрчим хүч, байгалийн баялгийн салбарын харилцан ашигтай хамтын ажиллагааг өрнүүлэн, хил орчмын бүс нутгийг улам нээлттэй болгон, хөрш орнуудтай харилцан холбогдох дэд бүтцийг эрчимтэй бүтээн байгуулан, дэлхийн эдийн засгийг хэвийн болгох үйл ажиллагаа, бүс нутгийн хамтын ажиллагаанд идэвхтэй оролцон, худалдааны протекционизмын аливаа хэлбэрийг эсэргүүцэн, "чөлөөт худалдааны бүс"-ийн стратегийг эрчимтэй хэрэгжүүлэн, хил орчмын бүс нутгийн эдийн засгийн хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлэн, хөгжиж буй улс орнуудад үзүүлэх эдийн засгийн тусламжаа нэмэгдүүлэх болно.

 “Айл хүний амь нэг, саахалт хүний санаа нэг” гэдэг. Хятадын хөгжил нь хөрш зэргэлдээ улс орнуудад тулгуурлахын зэрэгцээ тэдгээрийн хөгжил цэцэглэлтэд эрч хүчийг өгч байгаа билээ. Хятад, Монгол хоёр улс нь уул усаар холбогдсон, соёл, ёс заншлын хувьд ойролцоо, эдийн засгийн хувьд харилцан нөхөх чанартай бөгөөд харилцаа, хамтын ажиллагаа хөгжүүлэх нэн таатай нөхцөлтэй, асар их нөөц бололцоотой юм. Хятадын 12 дугаар таван жилийн төлөвлөгөөний хэрэгжилт нь Хятад, Монголын хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд ховор боломж, өргөн уудам орон зайг бий болгож байна. Бид энэ таатай завшааныг ашиглан Монголын талтай хамтран хамтын ажиллагааны шинэ салбар, түүнд хүрэх арга замыг ажил хэрэгчээр, нээлттэй байдлаар эрэлхийлж, уул уурхай, эрчим хүчний бүтээгдэхүүнийг гүн боловсруулах, харилцан холбогдох дэд бүтцийг барьж байгуулах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, цэвэр, ногоон эрчим хүчийг ашиглах зэрэг салбарт харилцан ашигтай хамтын ажиллагааг эрчимтэй хөгжүүлж, хамтын хөгжилд хүрэхийг хүсч байна.

-БНХАУ хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх, эрх тэгш харилцан ашигтай байх, хамтран хөгжих бодлого баримталж ирсэн. Энэ бодлого хэр үр дүнд хүрч байна вэ. Ямар хүндрэл бэрхшээл тулгарч байна вэ?

 -БНХАУ нь энх тайвнаар хөгжих замаар тууштай замнаж ирсэн. Ингэхдээ юуны өмнө хөрш зэргэлдээ улсуудтайгаа харилцах харилцаандаа энэ бодлогыг баримталдаг нь хөрш улсуудад ч ашиг тусаа өгч байгаа. Хятад улс хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах, түншлэх бодлогыг тууштай баримталж, тэдний хамтаар энх тайван, аюулгүй, хамтдаа хожсон, хамтдаа цэцэглэн хөгжсөн, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахыг зорьж байна.

БНХАУ-аас хөрш орнуудтай тогтоосон харилцаа амжилттай хөгжиж байна. Өндөр, дээд төвшний харилцаа холбоо өдрөөс өдөрт гүнзгийрч, бараг бүх хөрш орнуудтай өндөр, дээд төвшний харилцан айлчлал хийж ирлээ. Улс төрийн харилцан итгэлцэл тасралтгүй гүнзгийрч ирсэн бөгөөд олон чухал асуудлаар бие биеэ харилцан дэмжиж, хамтран ажиллаж байна. Эдийн засгийн ашиг сонирхол улам бүр нийлж, Хятад улс нь хөрш орнуудынхаа худалдааны хамгийн том түнш болов. Хүмүүнлэгийн солилцоо улам өргөжиж, ард түмнүүдийн харилцан ойлголцол, найрамдал нөхөрлөл гүнзгийрч ирлээ. Өнөөдөр олон улсын санхүүгийн хямралын уршиг мэдрэгдсэн хэвээр, дэлхийн эдийн засгийн сэргэлт удаан байгаа ч Ази, Номхон далайн бүс нутаг харьцангуй тогтвортой, хурдацтай хөгжлийн хандлагаа хадгалж, цаашид улам бүр хөгжих ирээдүй нь дэлхий нийтэд харагдаж байгаа нь дэлхийн эдийн засаг сэргэн өсөхөд чухал үүрэг гүйцэтгэж байна. Хөрш орнуудтайгаа найрсгаар харилцах Хятад улсын энэ бодлого нь тус бүс нутгийн ард түмнүүдийн энх тайвныг эрхэмлэх, хамтын ажиллагааг эрмэлзэх, хөгжлийг түргэтгэх нийтлэг хүсэл эрмэлзэлтэй нийлж, бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтэд чухал хувь нэмэр оруулж буйг бодит жишээ, баримтууд нотолж байна.

 Бүс нутгийн улс орнуудын дүр төрх өөр өөр, хөгжлийн төвшин харилцан адилгүй байгаагаас зарим улс орны хооронд зөрчил маргаан оршсоор байна. БНХАУ болон зарим хөрш орны хооронд газар нутгийн болон далай тэнгисийн эрх ашгийн маргаантай асуудал байгаа. Хятад улс яриа хэлэлцээ, зөвшилцлийн замаар, энх тайвны аргаар олон улсын аливаа зөрчил маргааныг шийдвэрлэхийн төлөө байдаг. Ялангуяа хөрш орнуудтайгаа харилцахдаа бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг сахин хамгаалах зорилгоор дээрх зарчмыг баримталж, бүх талууд хүлээн авахуйц зохистой арга замыг эрж олохын төлөө байдаг юм. Цаашид нөхцөл байдалд ямар ч өөрчлөлт гарсан бид энэ л байр сууриа баримтлах болно. Хятадын талтай хамтран хамтын хүч чармайлт гаргаж, улам нягт харилцахыг бид холбогдох улсуудаас хүсч байна. Бүс нутгийн улс орнууд холбогдох асуудлыг шийдвэрлэх ухаан, чадавхтай байж, янз бүрийн эрсдэл, сорилтыг хамтдаа даван туулж, бүс нутгийн гэрэлт ирээдүйг мөр зэрэгцэн бүтээнэ гэдэгт бид итгэлтэй байна.

-Асар том зах зээлтэй Хятад улстай хил залгаа оршдог нь Монгол Улсын хувьд эдийн засгаа хөгжүүлэх сайхан боломжийг олгодог. Монгол Улс экспортын барааныхаа дийлэнхи хувийг Хятадад гаргаж байгаа нь ч үүнийг нотолж байна. Гэхдээ манай экспортод түүхий эд, боловсруулаагүй уул уурхайн бүтээгдэхүүн зонхилдог. Монголд нэмүү өртөг шингээсэн бүтээгдхүүн үйлдвэрлэхэд хоёр талд харилцан ашигтай байдлаар хамтран ажиллах боломж бий юу? 

 -Хятад, Монгол хоёулаа хөгжиж буй орнууд бөгөөд хөгжлийн чухал шатандаа явж байгаа билээ. Хоёр улсын хөгжил хөгжлийн сайхан боломжийг харилцан олгож байна. Хятадын тал эрх тэгш хамтран ажиллах, харилцан ашигтай байх, хамтдаа хожих, хамтран хөгжих зарчмаар Монгол Улстай худалдаа, эдийн засгийн харилцаагаа гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд бэлэн байна. Хоёр улс тус тусынхаа нөхцөл байдалтай уялдуулан давуу талаа ашиглаж, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхийг хүсч байна.

 Сүүлийн жилүүдэд Монгол Улс уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх бодлого хэрэгжүүлж, өөрийн нөхцөл байдалд нийцсэн замаар замнан, эдийн засгаа хурдацтай хөгжүүлж ирлээ. Хятадын эдийн засаг цаашид ч тогтвортой, хурдацтай өсөлтөө хадгалах болно. Энэ бүхэн нь хоёр талын эрх ашиг улам ойртож, ажил хэрэгч хамтын ажиллагааг улам гүнзгий, өргөн хүрээнд хөгжүүлэхэд түлхэц үзүүлэх нь дамжиггүй.

 Дэлхийн эдийн засгийн даяаршил тасралтгүй гүнзгийрч байгаа өнөө үед олон улсын хөдөлмөрийн хуваарь, аж үйлдвэрийн шилжилт улам бүр эрчимтэй явагдаж байна. Монгол Улс өөрийн аж үйлдвэрийн бүтцийн түвшинг дээшлүүлэх зайлшгүй шаардлагатай. Энэ нь Хятад төдийгүй хөгжиж буй бүх улс оронд тулгардаг нийтлэг асуудал мөн. Уул уурхайд түшиглэн улс орноо хөгжүүлэх Монгол Улсын бодлогыг БНХАУ тууштай дэмжин, идэвхтэй оролцож, уул уурхайн түүхий эдийг гүн боловсруулж эцсийн бүтээгдэхүүн болгон гаргах аж үйлдвэрийн сүлжээ бий болгоход дэмжлэг үзүүлнэ. Энэ чиглэлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх замаар Монгол Улсын аж үйлдвэрийн салбарын түвшинг дээшлүүлэхэд дэмжлэг үзүүлж, хоёр улсын хамтын ажиллагааны үр өгөөжтэйг улам дээшлүүлэн, хоёр улс, хоёр ард түмэнд тустай үйлс илүү ихээр бүтээх болно.

 -Манай хоёр улс бүс нутаг, олон улсын тавцанд хамтран ажиллаж буй байдлыг Хятадын тал хэрхэн дүгнэдэг вэ?

 -Монгол Улс бол НҮБ-ын чухал гишүүн орон бөгөөд бүс нутгийн нөлөө бүхий улс юм. Өнгөрсөн урт хугацааны туршид Монголын тал тус бүс нутаг хийгээд даян дэлхийн энх тайван, хөгжил цэцэглэлтийг сахин хамгаалахын төлөө хүч чармайлт гаргаж, бүс нутгийн халуун цэгийн асуудлыг шийдвэрлэхэд идэвхтэй оролцож,  цаг уурын өөрчлөлт зэрэг чухал асуудлаар их ажил хийж ирснийг Хятад улс сайшаан үздэг.

 Хятад, Монгол хоёр улс олон улс, бүс нутгийн олон чухал асуудлаар ижил буюу төстэй байр суурь, санал бодолтой байдаг бөгөөд НҮБ-ын хүрээнд үр дүнтэй зөвшилцөл, зохицуулалт хийж ирсэн билээ. Монгол Улс нь Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын анхны ажиглагч улс бөгөөд тус байгууллагын хүрээнд Хятадын талтай нягт хамтран ажилласаар ирсэн. АСЕМ, АСЕАН, Алтайн бүс нутгийн хамтын ажиллагаа, “Их Түмэн” төсөл зэрэг бүс нутаг, дэд бүс нутгийн хүрээн дэх хоёр талын хамтын ажиллагаанд ч томоохон ахиц гарч байна.

 Эдүгээ дэлхий дахинд гүнзгий өөрчлөлт явагдаж байна. Хятад, Монгол хоёулаа хөгжиж буй орны хувьд олон улс, бүс нутгийн үйл ажиллагаанд өргөн нийтлэг эрх ашигтай, хамтын үүрэг хариуцлагатай оролцдог. Хятадын тал Монголын талтай хамтран олон улс, бүс нутгийн үйл ажиллагаан дахь хэлхээ холбоо, уялдаа зохицуулалт, хамтын ажиллагаагаа улам бэхжүүлж, Хятад, Монголын стратегийн түншлэлийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд түлхэц үзүүлж, бат бөх энх тайван, хамтын хөгжил цэцэглэлт, эв зохист бүс нутгийг бүтээн байгуулахын төлөө хүч чармайлт гаргахад бэлэн байна.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж