Спортын яамнаас их зүйл хүлээж байна

Хуучирсан мэдээ: 2012.08.23-нд нийтлэгдсэн

Спортын яамнаас их зүйл хүлээж байна

Спортын яам байгуулагдаж байгаад спортын салбарынхан их баяртай байна. Дөрвөн жил тутамд байгуулагддаг Засгийн газар болгоны бүтцийн төсөлд “Спортын яам”-ыг аль нэг чиглэлийн газруудтай хамтатган байгуулах талаар тусгагддаг байсан боловч байнга хасагдаж ирсэн удаатай. Заримдаа ор тас мартан агентлаг ч үгүй үлдээсэн удаа бий.

Харин Ардчилсан Засгийн газар гарч ирж “Эрүүл хүн 2020” бодлогын хүрээнд спортын яам байгууллаа. Байгуулах нэг хэрэг. Зөв бодлого барьж, ажиллуулах нь чухал. Мэдээж энэ яамыг байгуулахын өмнө “Биеийн тамир, спортын хууль”-д олон өөрчлөлт хийж өмнө нь БТС-ын ажлыг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг хариуцна гэж заасан бол одоо “төрийн захиргааны төв байгууллага” удирдна хэмээн олон зүйлийг өөрчлөн найруулжээ. Ингэснээр ЗГХА-БТСГазар татан буугдсан. Мэдээж шинээр байгуулагдаж байгаа яаманд агентлагаас зарим нэгэн хүн нь шилжин очиж ажиллаж таарна. Дийлэнх хэсэг нь Спортын төв ордондоо үлднэ. За энэ ч яахав бусад татан буугдаж байгаа 15 агентлагийн адил болдгоороо л болно.

Шинэ яамны сайд нь улс төрч хүн УИХ-аас томилогдлоо. Харин дэд сайд нь спортын хүн байх юм уу, эсвэл соёл урлагийн хүн байх юм уу гэсэн асуулт гарч ирж байна. Сураг дуулахад урлагийн хүн дэд сайд болохоор яригдаж байгаа юм байна. Энэ бол сонирхолтой асуудал. Ер нь яагаад нэг дэд сайд байх ёстой гэж.  Мэдээж сайд нэг байж таараа. Тэр нь мэргэжлийн бус улс төрч хүн байгаа. Энэ олон улсад хэрэглэгддэг л юм.

Харин дэд сайд нар нь салбар, салбараа хариуцсан мэргэжлийн хүмүүс яагаад байж болохгүй байна вэ. Шинэ байгуулагдсан яам “Соёл, спорт, аялал жуулчлал”-ын яам /ССАЖЯ/ гэж байгаа. Тэгэхлээр 3 салбарын асуудал энд яригдах нь. Гурван дэд сайд байж тус тусын салбарын ажлаа сайдын өмнө хариуцах уу. Эсвэл соёл хариуцсан дэд сайд нөгөө нь спорт хариуцсан дэд сайд гэсэн 2 дэд сайд байх уу. За яахав аялал жуулчлал нь  2004-2008 онд Зам, тээвэр, хот байгуулалтын яаманд, 2008-2012 онд Байгаль орчны яаманд нэг газрын 10 гаруй хүн шилжээд нүүгээд явж ажлаа амжуулдаг, заавал дэд сайдтай байх шаардлага үгүй байх. Харин соёл урлаг, спорт нь тус тусдаа тодорхой, томоохон онцлог бүхий үйл ажиллагаатай салбар юм. Эртнээс тусдаа бие биеэнээс өөр яам, агентлагын бүтэцтэй байгууллагууд явж ирсэн.

Гэтэл ССАЖЯ-д нэг дэд сайд байгаад тэр нь урлагын хүн байвал спортынхон хэзээ ч ойлгож хүлээж авахгүй. Арга ч үгүй юм, спортын нарийн ширийн асуудал мэдэхгүй, ажлаа ойлгохгүй, спортын хэл яриа, дохио зангаа сайн мэдэж, салбараа ойлгодог хүн байх хэрэгтэй. Спортын нэр нүүр, олимпийн амжилтаас улбаалан энэ яам байгуулагдах болсон. Ард түмэн ч тэгж ойлгож хүлээж авсан. Тэд өөрийн салбарын дэд сайдаа нэхэж л таарна. Яагаад гэвэл ажил нь тун их, тухайлбал 100 орчим төрлийн олон зуун тэмцээн, наадам дотоод болон гадаадад явагддаг, тэр болгонд хүрэхийг чармайх хэрэгтэй. Ер нь яам бодлого барьдаг юм бол салбар хариуцсан дэд сайдууд байх нь зүйтэй. Тэр хүн сайдын өмнө хариуцлагаа хүлээнэ. Дэд сайдын ажил ч тодорхой, цэгцтэй болно. Иймэрхүү бөөр бөөрөө нийлсэн нарийн чиглэлийн асуудал, салбарын яамны дэд сайдууд нь улс төрч биш харин мэргэжлийн, салбараа мэддэг, танигдсан, удирдах, боловсруулах ажлын өндөр ур чадвар, туршлагатай хүн тавих хэрэгтэй. Ажлын шаардлагаар албан тушаалтаныг тавьж ажиллуулах нь зүйн хэрэг. Тэгэхлээр дэд сайд нь гангараа төдий зүйл биш байгаа биз.

Биеийн тамир, спортын салбарын ажил өнгөрсөн 10 гаруй жилд ахиц дэвшилтэй явагдаж ирснийг хэлэх хэрэгтэй. Олимпийн наадмын амжилтаар жишээ авахад 2000 оны Сиднейн олимпод Монголын тамирчид медаль авч чадаагүй хоосон ирсэн бол 2004 онд 1 хүрэл авсан, 2008 оны олимпоос 2 алт, 2 мөнгө авсан, саяны Лондонгын олимпод 2 мөнгө, 3 хүрэл медаль авч чанарын өөрчлөлтүүд гарсан. Ард иргэд, төр засгаас спортыг ойлгож, дэмжих явдал нэмэгдсэн. Ардчилсан нам спортын агентлагийг яам болгон шинэ бүтцээр ажиллаад 2016 оны Бразилийн Рио Де Жанеоро хотноо болох наадамд Монголын баг тамирчидын хүрсэн амжилтыг бууруулж болохгүй юм. Ард түмэн үүнийг хүлээн зөвшөөрөхгүй байх. Мөн монголын иргэд улам бүр эрүүл чийрэг, идэвхтэй болж, БТС-оор тогтмол хичээллэгсдийн тоо өсөн нэмэгдэх ёстой байдаг.

Спортын салбарт хийгдэх олон ажил хүлээгдэж байгаа нь ойлгомжтой. Яам байгуулагдснаар юуны түрүүнд нийтийн биеийн тамирыг Монгол орондоо эрчимтэй хөгжүүлэх, ард иргэдийг эмнэлэгт очихооргүй эрүүл чийрэг болгох, цэцэрлэгт хүрээлэн, спортын шинэ байгууламж, усан бассейн, гүйж, дугуйгаар явах зам талбай барьж байгуулах, спортоор хичээлэх нөхцлийг бүрдүүлэх, хүүхэд залуучуудыг ЕБС,ИДС-иудад спортоор сайвтар хичээллүүлж бэлтгэх, секц дугуйланг олноор нээх, энэ чиглэлд дасгалжуулагч, арга зүйчдийг бэлтгэн ажиллуулах, салбарын боловсон хүчнийг сургах, төв, орон нутгийн спортын байгууллага, холбоодыг төрөөс дэмжих зэрэг олон ажил байна.

Их спортын чиглэлд олимпийн наадам болгоноос аварга төрж байхаар тамирчидаа бэлтгэх, сургах, дасгалжуулах, бэлтгэлийн тодорхой системтэй байх, нөөц тамирчдыг төрүүлэх, спортын төрлүүдийн бэлтгэлийн тусгай төвтэй болгох, спортын шинжлэх ухааныг хөгжүүлэх, өндөр зэрэглэлийн тамирчдын нийгмийн халамжыг нэмэгдүүлэх зэрэг олон талт арга хэмжээ үгүйлэгдэж байгаа юм. Энэ бүх ажлыг хэрэгжүүлэхэд 2003 онд батлагдсан “БТС-ын тухай хууль”, “Биеийн тамир, спортыг хөгжүүлэх талаар төрөөс баримтлах бодлого” /2009 он/ зэрэг баримт бичгийг бодитойгоор хэрэгжүүлэх алхамуудыг хийх, эрх зүйн орчныг сайжруулах, нэмэлт өөрчлөлтүүд оруулах, спортын олон улсын стандартуудыг нутагшуулан тогтоох зэрэг шаардлагууд байна.

Иймээс ССАЖЯам нь бусад 15 яамнаасаа онцлоготой 2 салбарын асуудал нийлсэн яам болох тул тус тусдаа дэд сайд байх нь зүйтэй. Хоёр дэд сайд тавиад л энэ асуудлыг зохицуулах шаардлагатай юм байна гэсэн гаргалгаа үүнээс харагдаж байна. Үүнийг Засгийн газар дээр шийдэх бүрэн боломжтой юм.

Б.ГЭРЭЛТ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж