Төрийн өмчийн хорооны удирдлагатай уулзлаа

Хуучирсан мэдээ: 2012.08.22-нд нийтлэгдсэн

Төрийн өмчийн хорооны удирдлагатай уулзлаа

Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг өнөөдөр Төрийн өмчийн хорооны удирдлагуудыг хүлээн авч уулзаж, дараах үүрэг даалгаврыг өглөө. Төрийн өмчийн компаниудын үйл ажиллагаа, тэдний зарлаж байгаа тендер бүгд далд явагдаад байна, үүнийг олон нийтэд ойлгомжтой, ил тод явуулдаг байхыг Засгийн газрын тэргүүн эхлээд анхаарууллаа.

Алдагдалтай ажиллаж байгаа төрийн болон төрийн өмчийн оролцоотой компаниудын үйл ажиллагааг сайжруулах талаар дорвитой санал боловсруулж ойрын хугацаанд эргэж танилцуулахыг Ерөнхий сайд анхаарууллаа. Мөн эдгээр компаниуд гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу ногдол ашгаа хугацаанд нь төлөх ёстой. Энэ үүргээ биелүүлэхийг Төрийн өмчийн хороо компанийн удирдлагаас шаардах учиртай. Шаардлагыг биелүүлэхгүй аваас ажлаас нь өөрчлөх хүртлэх арга хэмжээ авч ажиллахыг Төрийн өмчийн хорооны удирдлагад Ерөнхий сайд Н.Алтанхуяг үүрэг болголоо.

Төрийн өмчийн компаниуд үр ашигтай ажилладаг байх ёстой. Ингэж ажиллаж чадахгүй бол тухайн компанийг хувьчлах хэрэгтэй гэдгийг Засгийн газрын тэргүүн Н.Алтанхуяг анхааруулаад ирэх долоо хоногт ажлаа танилцуулахдаа төрийн өмчийн томоохон компаниудын удирдлагуудыг байлцуулахыг даалгалаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албанаас мэдээллээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж