Монгол Ардын Хувьсгалт нам гэсэн нэрийг бүртгүүлэхээр МАХН-ын дарга Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр, УИХ гишүүн Ц.Шинэбаяр нар Улсын Дээд шүүхэд хандсан билээ. Улс төрийн нам бүртгэх тухай хуулийн 10.2 дахь хэсэгт заанаар нам бүртгэхээс татгалзсан хариултыг УДШ-ээс 30 хоногийн дотор өгөх ёстой аж. Уг хугацаа өнөөдрийн 11.00 цагаар дуусгавар болж байгаа аж. Харин тус шүүхээс МАХН-ын нэр бүртгэхээс татгалзсан хариултыг албан ёсоор өгөөгүй тул татгалзсан шийдвэр гараагүй гэж МАХН-ын удирдлагууд үзэж байна. Дөнгөж сая уг асуудлаар УИХ гишүүн Ц.Шинэбаяр, хуулийн зөвлөх О.Баасанхүү нарыг УДШ-ын Ерөнхий шүүгч Ц.Зоригт хүлээн авч уулзах болжээ.
Н.Түвшин