Эргэлтийн талбай 584 мянган га-д хүрчээ

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Эргэлтийн талбай 584 мянган га-д хүрчээ

Хүнс хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамнаас энэ хаврын тариалалтын  урьдчилсан мэдээг гаргасан байна. Улсын хэмжээнд 281.2 мянган га-д үр тариа, 23.9 мянган га-д төмс, 7.4 мянган га-д хүнсний ногоо, 12-13 мянган га-д малын тэжээлийн ургамал тарьж, нийтдээ 315 мянган га-д тариалалт хийхээр төлөвлөсөн  байна. “Атрын III дахь аян” үндэсний хөтөлбөрийн хүрээнд улсын хэмжээнд 2010 онд нийтдээ 312.2 мянган га талбайд тариалалт хийснээс  355.1 мянган тонн үр тариа, 168 мянган тонн төмс, 82.3 мянган тонн хүнсний ногоо хураан авч, хэрэгцээт буудай болон төмсийг 100 хувь, хүнсний ногооны 60 гаруй хувийг  дотоодын үйлдвэрлэлээр хангасан байна. Ийнхүү тариалсан талбайн нийт хэмжээ 2009 оныхоос 11.4  хувиар  өсч,  атаршсан болон өнжсөн талбайгаас нийт 255.3 мянган га талбайг ашиглалтад оруулснаар эргэлтийн талбайн хэмжээ 584.0 мянга га-д хүрсэн аж. Газар тариалангийн салбарын хөгжлийг цаашид эрчимжүүлэх зорилгоор зүүн бүсэд ”Халх гол” төслийг хэрэгжүүлэхээр Засгийн газрын шийдвэр гарсан. Ингэснээр манай улсын зүүн бүсэд мал аж ахуй, газар тариалангийн салбарыг байгалиас хараат бус, байгальд ээлтэй, экспортын баримжаатай салбар болгон хөгжүүлж, бүс нутгийн хүнсний баталгаат байдал хангагдан, экологийн цэвэр бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд нийлүүлэх анхны алхам бүрдэж байна хэмээн мэргэжилтнүүд дүгнэж буй.

Ж.ГЭГЭЭ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж