Соёлын өдрүүд оюуны таашаал өгөх болно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Соёлын өдрүүд оюуны таашаал өгөх болно

Сүхбаатар аймгийн Засаг даргын орлогч Доржпүрэвийн Хосбаяртай ярилцлаа.

-Сүхбаатар аймгийн соёлын өдрүүд Нийслэл Улаанбаатар хотноо тун удахгүй болох гэж байна. Та болох арга хэмжээний талаар мэдээлэл хүргээч?

-Сүхбаатар аймгийн соёл урлагийнхан маань санал тавьсны дагуу Засаг дарга мөрийн хөтөлбөртөө тусгаж ийнхүү бид 46 жилийн дараа соёлын өдрүүдээ зохион байгуулах гэж байна. Өмнө нь 1965 онд Сүхбаатар аймаг соёлын өдрүүдээ нийслэл хотод зохион байгуулж байсан юм. Ийм арга хэмжээ нь соёлын өв, дурсгалаа үр хойчдоо таниулах, хөгжүүлэх, уран бүтээлчдийнхээ ур чадварыг дээшлүүлэх, урын санг нь нэмэгдүүлэх боломжийг олгодог. Бид ч энэ арга хэмжээг зохион байгуулахдаа өмнөө олон зорилтыг тавьсан.  Соёлын өдрүүд нэг сарын хугацаанд үргэлжлэх бөгөөд гол арга хэмжээ нь ирэх дөрөвдүгээр сарын 1-нээс эхэлнэ. Манай аймаг яруу найрагчдын өлгий нутаг. Монголын ард түмэн Д.Гомбожав, Д.Шагдарсүрэн, О.Дашбалбар, Д.Нямсүрэн, О.Мэнд-Ооёо, И.Батсүх нарын олон найрагчдын бүтээлийг шимтэн унших дуртай. Соёлын өдрүүд маань “Чингис” зочид буудалд дөрөвдүгээр сарын 2-ны өдөр яруу найргийн арга хэмжээгээр эхэлнэ.  “Сүхбаатар аймгийн яруу найрагчдын Монголын  утга зохиолд оруулсан хувь нэмэр” сэдвээр утга зохиол судлаач, доктор Магсаржав илтгэл тавих юм. Залуу яруу найрагчдаас гадна Монголын үе, үеийн найрагчид цугласан уянгатай үдэш болно гэдэгт итгэлтэй байна. Аймаг маань зөвхөн яруу найрагчдын өлгий нутаг биш. Зураач, урчууд, уран дархчуудын өлгий нутаг гэдгийг нотлон харуулсан үзэсгэлэн Занабазарын музейд долоо хоногийн турш явагдана. Ардын зураач Амгалан агснаас эхлээд 50 гаруй зураачдын бүтээлийг толилуулна. Мөн аймгийн угсаатны зүйн музейн шилдэг 200  үзмэр тавигдах юм.

-Аймгийн уран бүтээлчид Улаанбаатарын тайзнаа урлагийн тоглолт хийх гэж байгаа нь их сонирхолтой санагдаж байна?

-Хөдөө орон нутгийн уран бүтээлчид Улаанбаатарын тайзнаа тоглолт хийж байгаа нь нэг талаар зориг гаргаж байгаа хэрэг. Гэхдээ зориг гаргахгүй бол юм яаж хөгжих билээ. Манайхан энэхүү тоглолтонд удаан хугацааны туршид бэлдэж, нийслэлийнхэндээ толилуулах гэж байна. Аймгийн хүүхэд, багачуудын “Алтанхан тал нутаг мину” концерт Монголын хүүхдийн ордонд болно. Манай дунд сургуулиудын дуу хөгжмийн багш нар мөн уригдаж очсон төрийн соёрхолт С.Сүхбаатар, Хүүхдийн ордны багш Д.Ганчимэг, СТА, бүжиг дэглээч Б.Суурьбат нарын найруулга, удирдлага дор 100 гаруй хүүхэд оролцох бөгөөд хүүхдүүдийн энэ тоглолт маш сонирхолтой болно гэдгийг онцолмоор байна. “Жаахан шарга” театрын уран бүтээлчдийн нэгдсэн тоглолт Дуурь бүжгийн Эрдмийн театрт тоглогдох зэрэг өргөн хүрээтэй олон арга хэмжээ зохион байгуулж байна. “Хаана урлаг байна, тэнд л жинхэнэ амьдрал байна” гэдэг сайхан үг бий. Өнөөдөр уул уурхайн шинэ ордууд нээгдэж, улс орны эдийн засаг тэлж, хэдэн жилийн дараа Монгол Улс мөнгөтэй баян орон болж, хүн ард нь хангалуун амьдрах боломж харагдаж байна. Гэхдээ хүнд мөнгө эд хөрөнгөөс илүү оюун санааны таашаал эрхэм. Хүний энэ чухал хэрэгцээний төлөө хийгдэж байгаа энэ үйл ажиллагаандаа манай соёл урлагийн салбарынхан, ажлын хэсгийнхэн сэтгэл хангалуун байгаа. Дэмжлэг ч их байгаа.

-Соёлын өдрүүдтэй холбогдуулан нутагтаа  цөөнгүй арга хэмжээ болохоор тусгагдсан харагдана.  Нутгийн  ард түмний сэтгэл санаа хэр өндөр байх шиг байна?

-Манай аймаг 600 хүний суудалтай том сайхан театртай. Энэ театртаа  орон нутгийн болон төвөөс ирсэн соёл урлагийн тоглолтууд, соёлын арга хэмжээнүүдийг идэвхтэй үзэж сонирхдог. Сүхбаатар аймгаас нийслэл рүү чиглэсэн соёлын өдрүүд  болж байгаа ч орон нутагт болох арга хэмжээ бас бий. Яруу найрагч О.Мэнд-Ооёо гуайн яруу найргийг каллиграф урлагтай холбосон сонирхолтой үзэсгэлэн болохын зэрэгцээ яруу найрагч нутагтаа “Зөөлөн ай” нэртэй яруу найргийн уншлагаа зохион байгуулахаар болсон. Ирэх жил Сүхбаатар аймгийн 70 жилийн ой тохионо. Тэр үед аймгийнхаа яруу найрагчдын 70 шилдэг бүтээлийг гаргах шийдвэр гарсан байгаа. Соёл урлагийн өдрүүдийн бэлтгэл ажлын үеэр О.Мэнд-Ооёо гуайтай уулзаж байхад нэг сонирхолтой зүйл өгүүлснийг энд хэлмээр байна. О.Дашбалбар агсан “Амьддаа бие биеэ хайрла” шүлгээ дөнгөж цэл залуухан 23 насандаа биччихээд хаана л бол хаана өнөө шүлгээ уншдаг байж л дээ. Хүмүүс тухайн үед тэгтлээ сайн хүлээж авдаггүй байсан нь 23 настай жаахан залууг  гүн ухааны сургаал шинжтэй шүлэг уншаад байхаар нь нэг их тоодоггүй байжээ.  Гэтэл энэ шүлэг цаг улирах тусам утга төгөлдөр агуулгатай болж Монголын ард түмний нийтийн хүртээл болсоор байна. Оросын зохиолч М.Шолохов “Дөлгөөн дон” романаа бас 23 настайдаа бичсэн гэдэг. Олон хүн үүнд нь нэг их итгэдэггүй гэсэн. Монголын яруу найрагч О.Дашбалбар  хүмүүст гүн ухаарал өгсөн алдарт шүлгээ 23-тайдаа бичсэн нь үнэн юм чинь би лав хувьдаа М.Шолоховыг дэлхийд нэртэй романаа 23-хан насандаа бичсэн гэдэгт нь итгэх боллоо. Яруу найрагчид тал талаасаа цуглаж ийм халуун яриа олон өрнөж, Сүхбаатар нутгийн сод билэгт яруу найрагчдийг бүгдийг нь сайн мэдэх Б.Магсаржав докторын илтгэл сонирхолтой болж, Чингис зочид буудалд зохион байгуулагдах манай яруу найргийн арга хэмжээ сайхан болох байх гэдгийг би дахиад хэлмээр байна.  Яруу  найргийн энэ арга хэмжээн дээр ардын жүжигчин Шархүүхэн, Ш.Чимэдцэеэ, Батсайхан нарын Сүхбаатар нутгаас төрсөн урлагийн алдартнууд мөн залуу уран бүтээлчид маань уран бүтээлийнхээ дээжээс өргөн барина гэдгийг хэлэхэд таатай байна.

-Нутгийнхаа найрагчийн тухай их сайхан дурсамж хүүрнэлээ. Танай аймгийн Дарьганга хийц Монголд төдийгүй дэлхийд гайхагддаг. Та уран дархчуулын өв соёлын талаар сайхан түүх ярихгүй юу?

-Мөнгөн урлалаар Монголд Дарьганга хийц, Говийн ноён сэврээ хийц  алдартай гэдэг. Хоёр давхар хээг цохиж сүлжиж хийдэг манай Дарьганга урлан гайхагддаг. Дархцуул нь ихэвчлэн үе дамжсан байдаг. Дөрөв дэх үеийн дархан Н.Амартайван гэдэг залуу өнөөдөр орон нутагтаа уран бүтээлээ туурвиж байх жишээтэй. Манай аймаг мөн модон урлалаараа алдартай. Уран Монхоорой, Яринпил , Уран Цагаан Банзай зэрэг олонд гайхагдсан дархцуул саяханыг болтол амьдарч байсан. Энэ домогт дархцуул цөм манай аймгийн Түвшинширээ сумынх юм. Мөн Халзан сумын морин тэрэгт Банзрагч гэж алдартай дарханы тухай ч би сонсож байсан.

-Сая Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж зүүн аймгуудад албан томилолтоор ажиллахдаа Сүхбаатар аймгийг хөгжлийн өнгө төрхөө олж яваа гэж ихэд магтаж байсан. Орон нутагт залуу хүмүүс оройлон гарч ирснээр шинэ өнгө төрх нэмж байна уу. Аймагт хийгдэж байгаа шинэчлэлийн ажлуудаасаа танилцуулахгүй юу?

-Өнгөрсөн 2010 он сүхбаатарчуудын хувьд бүтээн байгуулалтаар дүүрэн жил байлаа. Мал сүрэг маань ч өслөө. Мал нь таван төрөл дээрээ өссөн ганцхан аймгаар шалгарсан. Хамгийн гол зүйл болох хүн ам өсч, өрх гэрийн тоо нэмэгдлээ. Хөдөөнөөс хот руу олноороо нүүж байсан тэр үе ард хоцорч харин хот  болон бусад газраас шилжин ирэгсдийн тоо сүүлийн үед нэмэгдэж нийт хүн ам маань 55 мянга хол давж байна. Аймагт олон нийтэд хамгийн хэрэгтэй гэдэг үүднээс авто вокзал, орчин үеийн худалдааны төв барилаа. Шинээр засмал замууд тавих гэж байна. Хүн амын орон сууцны хэрэгцээг хангах үүднээс харьцангуй бага өртөгтэй орон сууцны барилгын ажлуудыг эхлүүллээ. Цэцэрлэгт хүрээлэн, ногоон байгууламж барих ажиллагааг эхлүүлээд байна. Хөдөө сумдад цэцэрлэг, сургууль, соёлын төв, эмнэлгийн барилгууд шинээр баригдаж, зарим нь их засварт орлоо. Улсын төсвийн хөрөнгөөр энэ онд Баруун-Урт хотод 1000 хүний суудалтай спорт цогцолбор, 150 хүүхдийн цэцэрлэг, 680 хүүхдийн сургууль баригдахаар төлөвлөгдсөн байгаа. Орон нутаг болон төсвийн хөрөнгө оруулалт мөн гадаадын зээл тусламж хөтөлбөрийн хүрээнд ийм ажлууд хийгдэж байгаагаас гадна олон жил яригдаж байсан Ази Европыг холбосон төмөр зам манай нутгаар дайран өнгөрөх болж өмнөд далайтай холбогдсон төмөр зам манай урд хил Бичигтийн боомтон дээр энэ онд хүрч ирэх гэж байна гэсэн сайхан мэдээнүүдэд бид сэтгэл хангалуун байгаа.

-Улаанбаатар хотноо зохиогдож байгаа соёлын өдрүүдэд аймгийн гаралтай хүмүүс хэр их санал санаачилгатай оролцож байна?

-Манай аймгийн гаралтай төдийгүй эх орны соёл урлагийг дэмжигч олон компани, аж ахуйн нэгж хувь хүмүүс асар их дэмжлэг үзүүлж байна. Ерөнхий ивээн тэтгэгчээр “Дамдины Сүхбаатар сан”, “Бодь” групп, “Энгүй тал” ХХК, “Цайрт Минерал” ХХК, “Интертранс” ХХК зэрэг байгууллагууд оролцсон. Ер нь олон ивээн тэтгэгч нар байгаа. Манай бусад ивээн тэтгэгчдийн нэрс соёлын өдрүүдийн арга хэмжээнүүдийн үеэр олон нийтэд тодорхой сурталчлагдана. Хязгаар нутагт ажиллаж, амьдарч байгаа уран бүтээлчдээ сэтгэл харамгүй дэмжиж байгаа бүх хүмүүстээ баярласан талархсанаа илэрхийлье. Бид Сүхбаатар аймгаас төрөн гарсан төрийн цолтон, шагналтнууд, урлаг соёлын нэрт зүтгэлтнүүддээ бүгдэд нь соёлын өдрүүдийн арга хэмжээний урилгуудыг хүргүүлж байгаа. Энэ арга хэмжээ нь зөвхөн Сүхбаатар аймгийн соёлын томоохон арга хэмжээ төдийгүй Монгол Улсын соёл урлагийг сурталчлах ажлын нэг хэсэг юм. Иймд бид манай улсын соёл урлагийн холбогдох дээд байгууллага болох БСШУЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл урлагийн хороо, Урлагийн ажилтны холбоо зэрэг газруудад албан ёсоор мэдэгдэж, хөтөлбөр танилцуулгыг хүргүүлсэн байгаа. Бид ийнхүү 2011 онд хийж байгаа соёлын өдрүүдийнхээ арга хэмжээг хойч үедээ түүхэн баримтат кино болгож үлдээнэ. 

-Ерөнхий ивээн тэтгэгчдийн дотор “Дамдины Сүхбаатарын сан” яваа юм байна. Д.Сүхбаатарын хөшөөг Нийслэлийн төвөөс холдуулах тухай нэг хэсэг газар авлаа. Ер нь энэ тал дээр аймгийнхан ямар бодолтой явдаг хүмүүс вэ?

 -Д.Сүхбаатарын намтар түүхтэй холбоотой янз янзын мэдээлэл сүүлийн үед маш их гарсан. Олон ч хүн эмзэглэсэн байх. Намайг өрөөндөө сууж байтал “Сүхбаатарын хөшөөг өөрчлөх эсэх дээр аймгийн удирдлагууд ямар бодолтой байна вэ” гэж хотоос хүн утсаар асууж байсан. Би тэр үед хариулж байсан хариултаа хэлмээр санагдлаа. Сүхбаатар жанжин бол түүхэнд гарамгай үүрэг гүйцэтгэсэн Монголын эрэлхэг зоригт хөвгүүдийн нэг. 1921 оны Ардын хувьсгалыг үндэслэгчдийн нэг. Сэлэм зүүсэн, өндөр гоолиг эр фото зурган дээр бодитойгоор үлдсэн байгаа. Эх орны тусгаар тогтнолын төлөө амь биеэ үл хайрлан явсан нь нэгэнт тодорхой байхад янз бүрээр ярих нь дэмий хэрэг. Сүхбаатар аймаг бол дарьганга, халх, үзэмчин олон ястны нутаг. Монголын бусад аймгууд шиг өргөн уудам нутагтай. Энэ өргөн уудам нутаг дээр 55 мянган хүн амьдарч байна. Гэвч хоёр сая малтай, газрын хэвлийн арвин их баялагтай. Газар зүйн болоод байгаль цаг уурын маш таатай нөхцөлтэй.  Ийм болохоор бид хөгжих ёстой. Энэ хүслээрээ ч жигүүрлэж амьдардаг. Улс орноо хөгжүүлэхийн төлөө нэгэн  үзүүр сэтгэлээр зүтгэж яваа сүхбаатарчууд биднийг “Сүхбаатар” гэдэг нэр нэгтгэдэг бөгөөд энэ нэрээрээ бахархдаг.

Д.МӨНГӨНДАЛАЙ
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж