Испани, Голланд 100 хувийн амжилттай

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Испани, Голланд 100 хувийн амжилттай

Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний финалд өрсөлдсөн Испани болон Голландын шигшээ багууд “Евро-2012”-ын сонгон шалгаруулалтад 100 хувийн амжилтаар хэсгээ тэргүүлж байна. Өнгөрсөн шөнө буурал тивийн хөлбөмбөгийн ногоон талбайд 2012 оны Европын аварга шалгаруулах тэмцээний урьдчилсан шатны ээлжит тоглолтууд болсон бөгөөд дэлхийн аварга Испанийн шигшээ Литвийн багийг, харин Голланд Унгарын шигшээг буулган авч, тэргүүллээ бататгажээ.

I группт өрсөлдөж буй тив, дэлхийн аварга Испани Каунас хотноо Литвийн шигшээг 3:1 харьцаатай хожсоноор таван тоглолтоос 15 болж, Чехийн багаас зургаан онооны илүүгээр хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Чехийн баг хувьд өнгөрсөн шөнө Лихтенштейнг 2:0 харьцаатай хожжээ.

Харин Е хэсэгт багтсан “Нисдэг голландууд” өнгөрсөн шөнө Унгарын багийг талбайдаа 5:3-аар буулган авсан. Бямба гаригт болсон тоглолтод Унгарыг талбай дээр нь 4:0-ээр бут ниргэсэн Голландын шигшээ өдгөө Е хэсгийг 18 оноогоор тэргүүлж байна. Харин өнгөрсөн шөнө Молдавын багийг 2:1-ээр хожсон Швед 9 оноотой хоёрдугаарт бичигдсэн бол Унгар ижил оноотой боловч гоолын зөрүүгээр хүснэгтийн гуравдугаар эгнээг эзэлж байна.

Мөн өнгөрсөн шөнө А хэсэгт Бельгийн шигшээ Бруссель хотноо Азербайжаны багийг 4:1 харьцаатай хожсон бол Гүүс Хиддинкээр удирдуулсан Туркийн шигшээ талбайдаа Австрийн багийг 2:0 харьцаатай хожсон байна. “Германы машинууд” таван онооны давуугаар энэ хэсгийг манлайлж байгаа юм.

Харин С хэсгийн хоёр тоглолт болсон нь хоёул тэнцээгээр өндөрлөжээ. Эстонийн Таллинн хотноо болсон Эстони, Сербийн багийн тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол Хойд Ирланд талбайдаа Словенийг хүлээн авч, хуурай тэнцсэн байна. Түүнчлэн F хэсэгт Израйль 1:0-ээр Гүржийн багийг хожсон бол D хэсэгт Румыны баг 3:1-ээр Люксембургийн багийг буулган авчээ.

“Евро-2012” тэмцээний урьдчилсан шатны дараагийн тоглолтууд зургадугаар сарын 3-7-ны хооронд болно.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж