I группт өрсөлдөж буй тив, дэлхийн аварга Испани Каунас хотноо Литвийн шигшээг 3:1 харьцаатай хожсоноор таван тоглолтоос 15 болж, Чехийн багаас зургаан онооны илүүгээр хэсгээ итгэл төгс тэргүүлж байна. Чехийн баг хувьд өнгөрсөн шөнө Лихтенштейнг 2:0 харьцаатай хожжээ.
Харин Е хэсэгт багтсан “Нисдэг голландууд” өнгөрсөн шөнө Унгарын багийг талбайдаа 5:3-аар буулган авсан. Бямба гаригт болсон тоглолтод Унгарыг талбай дээр нь 4:0-ээр бут ниргэсэн Голландын шигшээ өдгөө Е хэсгийг 18 оноогоор тэргүүлж байна. Харин өнгөрсөн шөнө Молдавын багийг 2:1-ээр хожсон Швед 9 оноотой хоёрдугаарт бичигдсэн бол Унгар ижил оноотой боловч гоолын зөрүүгээр хүснэгтийн гуравдугаар эгнээг эзэлж байна.
Мөн өнгөрсөн шөнө А хэсэгт Бельгийн шигшээ Бруссель хотноо Азербайжаны багийг 4:1 харьцаатай хожсон бол Гүүс Хиддинкээр удирдуулсан Туркийн шигшээ талбайдаа Австрийн багийг 2:0 харьцаатай хожсон байна. “Германы машинууд” таван онооны давуугаар энэ хэсгийг манлайлж байгаа юм.
Харин С хэсгийн хоёр тоглолт болсон нь хоёул тэнцээгээр өндөрлөжээ. Эстонийн Таллинн хотноо болсон Эстони, Сербийн багийн тоглолт 1:1 харьцаатай тэнцээгээр өндөрлөсөн бол Хойд Ирланд талбайдаа Словенийг хүлээн авч, хуурай тэнцсэн байна. Түүнчлэн F хэсэгт Израйль 1:0-ээр Гүржийн багийг хожсон бол D хэсэгт Румыны баг 3:1-ээр Люксембургийн багийг буулган авчээ.
“Евро-2012” тэмцээний урьдчилсан шатны дараагийн тоглолтууд зургадугаар сарын 3-7-ны хооронд болно.