“Фукушима Дайчи” цөмийн үйлдвэрийн орчимд их хэмжээний хорт бодис цацагдсанаас болж хэд хэдэн ажилчин хордож, эмнэлэгт хүргэгдсэн. Үүнтэй зэрэгцээд хүн хөл ихтэй. Японы загасны хамгийн том захууд худалдан авагчгүй эл хуль болсон. Үүнийг цацраг идэвхт бодис алдагдсан бүс нутгуудаас ирэх загасны нийлүүлэлт зогссонтой холбон тайлбарлаж байна. Японы тодорхой хэсгийнх нь эдийн засаг газар тариалан, загас агнуурын салбараас хэт их хамааралтай байдаг. Тиймээс одоогийн нөхцөлд Япон дотоод зах зээлээсээ гүн хямралд орж эхлэн улмаар энэ нь эдийн засагт нь хүнд цохилт болно хэмээн шинжээчид таамаглаж байгаа юм. Японы ард түмэн цөмийн хор хөнөөлийн аюулаас болгоомжилж, айдас түгшүүрт автаж байгаа энэ үед гадны орнууд, тэр дундаа эдийн засгийн хувьд хүчирхэгт тооцогддог их гүрнүүд хамгийн түрүүнд санаа зовж эхэлсэн бололтой.
АНУ-ын хувьд Японоос импортолж буй хүнсний бүтээгдэхүүнд хориг тавих шийдвэрийг нэлээд эрт гаргасан боловч нөхцөл байдал цаашид хэрхэхийг хэд хоног харзнасан аж. Энэ талаар Цагаан ордны төлөөлөгчид мэдээлж байв. Харзнасан шалтгаан нь хэрэв АНУ шийдвэр гаргавал түүнийг бусад улсын Засгийн газар ч дуурайх болно хэмээн болгоомжилсонтой холбоотой. Гэвч одоо “Фукушима Дайчи” үйлдвэрийн орчимд цацраг идэвхт бодисын түвшин хэвийн үеийнхээс 100 мянга дахин ихэсчихээд байгаа. Түүгээр ч үл барам цаг уурын нөхцөл байдал, салхины чигээс хамаараад хаа байсан Лас Вегаст хүртэл хорт бодис илэрсэн явдал нь нэлээд санаа зовоосон асуудал болжээ. Тиймээс Японоос импортлох хүнсний бараа, бүтээгдэхүүнд хориг тавих нь өөрийн орны ард түмнийг бодсон эн тэргүүний шийдвэр байлаа хэмээн АНУ-ын төлөөлөгчид тайлбарласан юм. Магадгүй энэ бүхэн нь дөнгөж эхлэл байж болох талтай. Учир нь Японы эрх баригчид цацраг идэвхт бодисын тархалтыг зогсоож чадахгүй байгаа. Цөмийн реакторуудыг хөргөх ажилд далайн ус ашиглаж буй нь богино хугацаанд үр дүнгээ өгөөгүй. Энэ бүхнээс хамаараад цаашдаа Японоос экспортоор гарч буй хүнсний бүтээгдэхүүн гэлтгүй, бусад бараанаас ч цацраг идэвхт бодис илрэх аюултай юм. Тиймээс экспортод түшиглэсэн эдийн засагтай Япон улсаас авах импортоо бууруулснаар энэ нь тус улсын эдийн засагт маш хүнд тусах нь ойлгомжтой юм. Өнгөрсөн хоёрдугаар сард Японы экспорт есөн хувиар өссөн. Үүнийг шинжээчид Наото Каны Засгийн газрын авч хэрэгжүүлж буй арга хэмжээтэй холбон тайлбарлаж, эерэг үнэлгээ өгч байв. Гэвч одоо юун есөн хувьтай манатай болж байна. Нөгөө талаас, энэ бүхэн нь Японы экспортын орон зайг хоосон болгож, бусад орны хувьд нэг шинэ боломжийг нээж өгч байгаа юм.
Сүүлийн хоёр жил гаруйн хугацаанд Хятадтай тэмцэлдэж, экспортоо нэмэхийг хичээсэн АНУ, дотоод зах зээлийнх нь эрэлт хумигдаж, гадагшаа гарах худалдааг дэмжих замаар эдийн засгаа сэргээхийг оролдож байгаа Евро бүсийн орнууд аль, аль нь Японы экспортын орон зайд орж ирэхийг хичээх нь дамжиггүй юм. Үүнийг эдийн засагчид нотолж байна. Ямартай ч Японы нийлүүлэлт буурсны дараа Автсрали, Норвегийн загасны экспорт эрс нэмэгдэж эхэлжээ. Олон улсын агаарын тээврийн компаниуд Токио руу нислэг хийхээс татгалзах болсноос Японы цунамид өртөөгүй бүс нутгийн экспорт буурах хандлага ажиглагдаж байна. Цацраг идэвхт бодисын тархалтаас болж импортлогч орнууд Япон гэхээс илүү Өмнөд Солонгосыг нэлээд сонирхох болж. Энэ бүхэн нь Японы үйлдвэрлэгчдийн байгуулсан урт хугацааны гэрээнүүдийг цуцлах аюул дагуулж байгаа юм.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин