Шинэчлэлийн Засгийн газрын танхим бүрдлээ

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Шинэчлэлийн Засгийн газрын танхим бүрдлээ

Монгол Улсын 27 дахь Ерөнхий сайд Н.Алтанхуягийн “шинэчлэлийн” гэх тодотголтой танхим шинэ долоо хоногийн ажлын эхний өдөр бүрэн бүрэлдэхүүнээрээ бүрдэв. Энэ Засгийн газрын хамгийн содон онцлог нь сайд нар сөрөг хүчингүй талбарт мэндэлж буй явдал. Ерөнхий сайдыг томилоход ч, АН-ын 13 сайдыг албанд нь оруулахад ч, “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ын үлдсэн таван сайдыг бүрдүүлэхэд ч сөрөг хүчин болох МАН дуу хоолойгоо гаргасангүй. Сайд томилох асуудал бүрийн өмнөтгөлд УИХ-ын аль нэг дэд даргыг сонгох юм уу, чөлөөлөх тухай ярилцах хэрэг гардаг. Тэр бүрт МАН-ын гишүүд өөрсдийнхөө бүлэг байгуулж чадахгүй байгаа асуудлаар тулгалт хийж, УИХ-ын даргыг хууль бусаар сонгосон гэсэн бүтэн сарын улигт яриагаа эхлүүлж, Өвөрхангайн тойргийн маргааныг сануулчихаад хурал орхидог нь гэм биш зан болов. Сүүлийн таван сайдыг томилох асуудал ч ялгаагүй яг ийм нөхцөл байдал дунд боллоо. Өмнөх хуралдаан дээр УИХ-ын дэд даргаар С.Баярцогтыг сонгох асуудал эхлэхэд бүлэг байгуулах асуудлаа нэхсэн МАН-ын гишүүд энэ удаа УИХ-ын дэд даргаас Ч.Улааныг өөрийнх нь хүсэлтээр чөлөөлөх асуудлыг мэдэгдэл хийхдээ “дөрөөлөв”.

МАН-ын гишүүдийн дарга Н.Энхболдын хэлсэн ганц шинэ мэдээлэл нь Өвөрхангайн тойргийн маргааныг нийслэлийн Хан-Уул дүүргийн шүүхээр бус харьяаллын дагуу Өвөрхангай аймгийн шүүхэд шилжүүлэхээр болсон явдал байв. МАН-ын гишүүд бүлэггүй тул завсарлага авах эрхгүй. Тиймдээ хуралд оролцмооргүй бол зүгээр л орхиод гардаг тэр зарчмаараа энэ удаа ч сайд нарыг томилох асуудлыг орхиж явлаа. Хэдий тийм ч УИХ-д олонхийг бүрдүүлж байгаа АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан ирцээ бүрдүүлэн, Засгийн газраа элэг бүтэн болгох асуудлыг шийдлээ.

Өмнөх долоо хоногийн баасан гаригт шөнийн 23.40 цаг хүртэл хуралдан АН-ын харьяалалтай 13 сайдыг томилсон бол өнөөдөр буюу шинэ долоо хоногийн даваа гаригт үлдсэн таван сайдыг 17.30 цаг гэхэд гүйцээн томилсон юм.

МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл өөрт ногдсон дөрвөн сайд, ИЗНН нэг сайддаа хэний нэрийг дэвшүүлэхээ өнгөрсөн долоо хоногт эцэслэн шийдэж чадаагүйгээс ийнхүү хоёр хоногийн дараа таван сайд томилогдов. Ерөнхий чиг үүргийн яам болон зэрэг дээшлээд буй Байгаль орчин, ногоон хөгжлийн яамыг УИХ-ын гишүүн С.Оюунаар толгойлуулахаар ИЗНН шийдсэнийг байнгын хороод, анхдугаар чуулганаар хэлэлцэн ёсоор болголоо.

Харин МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл сайд нараа тодруулахад дотооддоо яльгүй зөрчилтэй байжээ. Эвслийг бүрдүүлэгч хоёр нам сайдын дөрвөн суудлаа хоёр хоёроор авахаар ярилцаж байсан ч сүүлдээ 3:1 гэсэн харьцаагаар хуваарилахаар шийдвэр гаргасан байна. Мэдээжээр эвслийг овоглон сонгуульд оролцож амжилт гаргахад нөлөөлснөөрөө МАХН гурван сайд, МҮАН нэг суудал авахаар эцсийн байдлаар тохирч чаджээ. Эвслийнхээ эв нэгдлийг хадгалах үүднээс ийм шийдвэрт хүрснээ УИХ дахь “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга хэлсэн юм. МҮАН-ын зүгээс М.Энхсайханыг Засгийн газарт оруулж Шадар сайд юм уу, Сангийн сайдад нэр дэвшүүлэх саналтай байсан. Гэхдээ МҮАН-д сайдын ганц  суудал ногдсон тул М.Энхсайхан өөрөө нэрээ татсан байна. Уг нь МҮАН-ын хувьд М.Энхсайханыг Засгийн газарт хэрэгтэй, нийгэм, эдийн засгийг өргөн хүрээтэй харж чаддаг, түшиг болох хүн гэж үзэж байсан ч экс Ерөнхий сайд М.Энхсайхан нэрээ татан журмын нөхөр М.Сономпилийг дэмжжээ. Ингэснээр М.Энхсайханд ирэх байсан Сангийн сайдын сэнтий МАХН-ын Ч.Улаанд шилжиж, М.Сономпил гишүүнд Эрчим хүчний сайдын суудал ирлээ.

МАХН-аас шадар сайдад Д.Тэрбишдагва, Сангийн сайдад Ч.Улаан, Эрүүл мэндийн сайдад Н.Удвал, МҮАН-аас Нрчим хүчний сайдад М.Сономпил нарын нэрийг дэвшүүлэн УИХ-аар томилуулснаар Засгийн газрыг бүтэн болгох ажил шуударч Н.Алтанхуягийн гэх шинэтгэлийн Засгийн газрын танхим жигдрэв.

Энэ удаагийн хамтарсан Засгийн газар 16 яам, 19 сайд, 28 агентлагтай. 19 сайдын 17 нь парламентын гишүүн, хоёр нь буюу Эрүүл мэндийн сайд Н.Удвал, Зам тээврийн сайд А.Гансүх нар л гаднаас орж ирж байгаа юм. Засгийн газрын шинэ танхим Ц.Оюунгэрэл, С.Оюун, Н.Удвал гэсэн гурван бүсгүй сайдтай боллоо. АН-ын Ц.Оюунгэрэл Соёл, спорт, аялал жуулчлалын, ИЗНН-ын С.Оюун Байгаль орчин, ногоон хөгжлийн, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн Н.Удвал Эрүүл мэндийн сайдаар тус тус ажиллана. Үүгээрээ Н.Алтанхуягийг хамгийн жендэр мэдрэмжтэй Ерөнхий сайд гэсэн үнэлгээг аваад амжлаа.

Шинэчлэлийн Засгийн газар авлигатай тэмцэхээс ажлаа эхлэхээ андгайлсан. Энэ Засгийн газар сар бүр нэг шинэчлэл хийнэ. Сайд нартаа хатуу шаардлага тавьж байгаагаа Ерөнхий сайд Н.Алтанхуяг цаг үргэлж сануулж байгаа. Өдөрт 12-оос доошгүй цаг ажиллаж, Засгийн газрын хуралдааныг бямба гаригт хийж байхаар болов. “Ням гариг бүрт харьяа газар, байгууллага, хөдөө орон нутагт ажиллаж гадаадад албан томилолтоор жилдээ хоёроос илүү явахгүй” гэсэн бичигт танхимын гишүүдээрээ гарын үсэг зуруулаад буй. 

Ийнхүү шинэ долоо хоногийн эхэнд шинэтгэлийн Засгийн газар элэг бүтэн болж үйл ажиллагаа нь жигдэрлээ. Эрч хүч, ихийг бүтээх тэмүүлэл, зарчимч шударга ажиллагааг шинэ сайд нараас хүлээх үлдлээ.

                            Д.ОЮУНЦЭЦЭГ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж