Хөрөнгийн зах зээл давамгайлсан орон болох уу

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Хөрөнгийн зах зээл давамгайлсан орон болох уу

Банкны  тухай хуулийн шинэчилсэн найруулгаар арилжааны банкууд хөрөнгийн зах зээлээс мөнгө босгох эрхтэй болсон. Тэд Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны “овоо хараа”-н дор хөрөнгийн зах зээлийн үйлчилгээнд оролцох юм. Монгол Улсын мөнгөний зах зээлийн 95 орчим хувь нь банкны системд тулгуурласан байдаг ч сүүлийн үед хөрөнгийн зах зээлийн хөгжлийн эрин үе Монголд ирж байгааг Монгол хүн бүр мэдэрч байгаа. Тиймээс ч бүгд хөрөнгийн зах зээлийг хүссэн хүсээгүй сонирхох болсон. Үүний жишгээр даатгалын салбарынхан ч хөрөнгийн зах зээл хэмээх “амтат бялуу”-наас хувь хүртэхийг хүсч эхэлсэн. Даатгалын салбарынхны удирдах ажилтны зөвлөлгөөн өчигдөр болж, хөрөнгийн зах зээлд даатгагчдын оролцох боломжийг нээж өгөхийг хүссэн саналыг Санхүүгийн зохицуулах хороонд уламжилсан байна. Тэд Даатгалын тухай хуулийн 27.1.1-д заасан “Даатгагч нь хувьцаа худалдаж авах, арилжих, мөнгө зээлүүлэх, өөрийн үнэт цаасыг төлбөрийн баталгаа болгож урьдчилгаа авах нь хориотой” гэсэн заалтад өөрчлөлт оруулах хүсэлтэй байгаа аж. Үүнээс гадна брокер дилерийн компаниуд ч үйл ажиллагаагаа идэвхжүүлж, хувьцаа эзэмших хүсэлтэй иргэдийг өөрсдөдөө татах төлөвлөгөө боловсруулж эхэллээ. Ямартай ч хөрөнгийн зах зээлийн сэргэлтийн бэлтгэлийг монголчууд дор бүрнээ хангаж эхэллээ. Харин тэдний хүлээсэн зах зээл бий болох уу гэдэг асуулт хэвээрээ үлдэж байгаа юм.  

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж