Зардал бууруулах боломжийг судалж байна

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Зардал бууруулах боломжийг судалж байна

Лондоны хөрөнгийн биржийн баг Монголын хөрөнгийн биржид сарын хугацаанд ажиллахаар ирэх сард ирнэ.  Тэд энэ хугацаанд ажиллах зардал болон Хөрөнгийн биржийн технологийн шинэчлэл хийхэд зориулж 15 сая ам.доллар шаардлагатай гэсэн тооцоог гаргаж, энэ саналаа холбогдох байгууллагад нь хүргүүлээд байгаа. Зардлын талаар ТӨХ-ны мэргэжилтэн, Монголын хөрөнгийн биржийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Чинзориг ийнхүү ярьсан юм.

-Лондоны хөрөнгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржийг шинэчлэх ажилд 15 сая ам.доллар шаардлагатай гэдгийг мэдэгдсэн. Энэ мөнгийг ямар зориулалтаар ашиглах юм бол оо?

-Одоогоор Лондоны хөрөнгийн биржийнхэнтэй боловсронгуй үйлчилгээний гэрээ буюу “Master service agreement”-ийг үзэглэхээр хэлэлцэж байна.  Энэхүү гэрээний төсөлд Лондоны хөрөнгийн биржийнхэн Монголын хөрөнгийн биржийн программыг шинэчлэх болон багынхаа санхүүжилтэд зориулж 15 сая ам.доллар хэрэгтэй гэж тусгасан. Харин гэрээг үзэглэхээс өмнө тэдний санал болгосон зардлын мөнгөн дүнг манай талд аль болох ашигтайгаар шийдэхээр хэлэлцэж байна. Гэрээг эцэслэн баталсны дараа дээрх мөнгийг ямар зориулалтаар яаж ашиглах нь тодорхой болно.

-15 сая ам.долларыг багасгах боломж бий эсэхийг ярилцаж байна гэсэн үг үү?

-Лондоны хөрөнгийн биржийнх­ний тавьсан саналын үндэслэлийг судалж үзсэний үндсэн дээр 15 сая ам.доллараар тогтох уу, бууруулах уу гэдгийг шийднэ. 

ТӨХ-ны мэргэжилтэн  дээрх хариултыг өгч байна. Монголын хөрөнгийн биржийн гүйцэтгэх захирлын үүрэг гүйцэтгэгч Х.Алтай энэ талаар ямар нэгэн байр суурь илэрхийлэхийг хүсээгүй юм.  Харин зарим эдийн засагч “Бид гадны туршлагатай багтай хамтран ажиллах гэж байгаа бол тэдний өгсөн үнийн саналыг бууруулах гэж зүтгэх хэрэггүй. Чанар дагаж үнэ гэсэн зарчмыг баримтлах нь зөв. Өөрөөр хэлбэл, англичууд үзүүлсэн үйлчилгээнийхээ чанарт нийцсэн төлбөр нэхэх нь аргагүй” гэсэн өнцгөөс хандаж байна. 

Р.САРАНГОО


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж