Монголчуудын биелээгүй мөрөөдөл хийн хоолой

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Монголчуудын биелээгүй мөрөөдөл хийн хоолой

Хэдхэн жилийн өмнө юмсан. ОХУ-аас  Хятад руу татах хийн хоолойн тухай амтай болгон ярьж байв.  Хоолойг хаагуур тавих, нэг шоометр хийн үнэ ханш ямар байх гээд олон зүйл тов тодорхой байлаа. Тэр хоолойг Монголын нутгаар дайруулан тавина. Монголчууд нутаг дэвсгэр дээгүүрээ хий дамжуулах хоолой тавиулснаар  тэрхүү хийнээс бараг үнэгүй, эсвэл маш хямд үнэтэйгээр  ашиглан эрчим хүчнийхээ хэрэгцээг хангах боломжтой болно гэцгээн хөл хөөрцөг болж байлаа. Хий дамжуулах хоолой тавих хоёр ч хувилбарыг санал болгож байв. Хамгийн их сонирхол татсан нь Алтанбулагаас Замын-Үүд хүртэлх төмөр зам дагуух маршрут байлаа. Арга ч үгүй. Нийслэл Улаанбаатараас эхлээд Сүхбаатар, Дархан, Зүүнхараа, Чойр, Сайншанд, Замын-Үүд гээд  хүн ам олноор төвлөрсөн, үйлдвэрлэл илүү хөгжсөн  цэгүүдийг дайрч өнгөрөх учраас тийн баярласан хэрэг. Гэтэл…

 Уг нь  манайхан тэр үед  оросуудтай хэл амаа олигтойхон ололцсонсон  бол  энэ нь огт бүтэхгүй зүйл ч байсангүй. Гэтэл монголчууд болсон хойно хойд хөршийнхөнд  элдэв болзол тавиа биз. Хорхой хүртэл биедээ хүрэхээр атирдаг болохоор оросууд бас нэгийг бодсон байж таарна. Тухайн үед ОХУ-ын Ерөнхийлөгчийн албыг хашиж байсан В.Путин БНХАУ-д айлчлахдаа  хийн хоолойг Монголоор биш, Алс Дорнод, Манжуураар дайруулан тавих гэрээнд гарын үсэг зурлаа. Хийн хоолойг ингэж тавьснаар БНСУ зэрэг Азийн орнууд руу хийгээ экспортлох  өргөн боломж бий болж буй юм. Мөнгөтэй нь хөгжмөө захиалдаг болохоор ОХУ-ын удирдлагын энэ шийдвэрийг буруутгах нь утгагүй хэрэг. Харин өөрсдөөсөө л бурууг хайлтай. Тухайн үед Ерөнхийлөгчийн алба хашиж байсан П.Очирбат, Н.Багабанди, Засгийн газрыг тэргүүлж байсан Н.Энхбаяр  нарын халирамхай, хулчгар, нэгдмэл биш  байр суурийн улмаас хийн хоолойг Монголоор дайруулан тавихаа больсон юм гээд хэлчихвэл хатуудахгүй л болов уу. Одоо хийн хоолойн барилга байгууламж ид дундаа өрнөж байна. Харамсалтай нь, тэр хоолой Монголын нутгаар дайрсангүй. Уг нь газрын ойр, зардал төсвийн хямдыг бодсон ч Монголоор дайруулах нь ОХУ-д ашигтай. Эрүүл ухаантай хэн ч үүнтэй маргахгүй биз ээ. Гэтэл манайхан арай ч дээ. Аманд орсон шар тосыг хэлээрээ түлхэв гэдэг л болж. Одоо тэр шар тос түлхсэнийхээ горыг амсч байна. Юу гэвэл, Монгол улс шатахууныхаа хэрэглээг гаднаас хангадаг. Тодруулбал, хэрэгцээт шатахууныхаа 95 хувийг ОХУ-ын “Роснефть” компаниас худалдаж авдаг юм. “Роснефть” саяхан шатахууныхаа үнийг нэмлээ. Газар тариалангийн улирал эхэлж буйтай холбоотойгоор гэж ил тод  мэдэгдэж байгаад л үнээ  нэмж байна. Чадаж байгаа юманд аргагүй  гэдэг дээ.Тэд шатахууныхаа үнийг нэмж байна. Энэ нь газар тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүдэд л хүндээр тусах байх даа. Хэдэн үр газарт булах гэж өчнөөн шатахуун гарзаддаг улс, тэд.  Нэг баррель газрын тос өчигдрийн байдлаар 97 “ногоон”-ы үнэтэй байна. Энэ ханш нэг их буурах ч үгүй, өсөх ч үгүй гэж мэргэжилтнүүд таамаглаж байна. Уг нь Монгол Улс нефтийн нөөцөөрөө дэлхийд 39 дүгээрт жагсдаг аж. Энэ бол муугүй үзүүлэлт. Зөвхөн Дорнод аймгийн Тамсагийн сав  Тосон уул орчимд гэхэд л 119 сая тонн  газрын тосны нөөц бий гэх. Дорнод, Дорноговь, Сүхбаатар, Баянхонгор, Говь-Алтай, Ховд зэрэг аймгийн 22 ордод 6-8 их наяд баррель газрын тосны нөөц байгаа гэнэ. Статистик мэдээнээс үзвэл, манай улс өнгөрсөн жил 150 сая ам.долларын түүхий нефть экспортолсон байна. Уг нь энэ хэмжээний газрын тосыг Монголдоо боловсруулбал шатахууныхаа ихэнхийг дотооддоо үйлдвэрлэх боломжтой юм. Гэвч газрын тос боловсруулах үйлдвэр байхгүй. Уг нь ийм үйлдвэр байгуулах талаар арав гаруй жилийн өмнөөс ярьж эхэлсэн боловч  одоо хүртэл ажил хэрэг болоогүй л байна. Дархан хавьцаа нэг тийм үйлдвэр байгуулах юм гэсэн сураг төдий л байна. Биднийг ярьсаар хэлэлцсээр суутал хийн хоолой Хятад хүрнэ биз дээ. Ярихын “ашиг” чухам үүнд л байх шиг. 
 
 Уг нь оросуудтай хэл амаа ололцоод хийн хоолойг нутаг дээгүүрээ дайруулсан бол унац нь дэндүү их байлаа. Хойд хилээс урд хил хүртэл наад зах нь мянга гаруй километр урт хоолой тавьсны төлбөрт хэдэн зуун мянган “ногоон” урсаад л  орж ирнэ. Тавдугаар цахилгаан станцаа хаана, хэзээ, хэнээр бариулах  вэ,   атомын цахилгаан станц барих уу яах вэ гэж  толгойгоо гашилгах хэрэггүй л байх байж. Жил бүр өмнөд хөрш рүү 16 сая тонн нүүрсийг хямдхан үнээр  гаргах ч шаардлагагүй байж. Ийм л алтан боломжийг алдсан юм даа, бид. Өнгөрсөн борооны хойноос цув нөмрөв гэдэг шиг одоо яагаад ч нэмэргүй болжээ. Хэтэрхий хожимдож.  

Б.БАТБИЛИГ

Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж