Дэлхийн эдийн засаг товчхондоо

Хуучирсан мэдээ: 2012.08.20-нд нийтлэгдсэн

Дэлхийн эдийн засаг товчхондоо

Орос: Хөрөнгө оруулалтын “Морган Стэнли” банк Оросын эдийн засаг 2012 онд таван хувийн өсөлттэй байна хэмээн үзэж байсан бол энэ удаад урьдчилсан таамгаа  4.2 хувь  болгон багасгалаа. Тэдний үзэж байгаагаар манай хойд хөршийн  эдийн засаг энэ жил тооцоолж байснаас харьцагүй доогуур буюу өнгөрсөн жилийн өсөлтөөс харьцангүй саарсан үзүүлэлттэй гарахаар байгаа аж. Дээрх  банкны судалгаагаар тус улсын ДНБ-ий өсөлт энэ жил 4.2 хувиар ирэх жил 3.7 хувиар тус тус нэмэгдэх төлөвтэй  байна. Дэлхийн эдийн засгийн бууралт гүнзгийрч байгаатай холбогдуулан “Морган Стэнли” банк ийнхүү Оросын эдийн засгийг өөдрөг биш харахад хүрчээ. Мөн тус улсад хүнсний бүтээгдэхүүний үнэ нэмэгдэж, үр тарианы гарц хомсдосноос үүдэн инфляци 6.5 хувиас 7.2 хувь болж өснө хэмээн банкны зүгээс тооцоолжээ. Оросын экспортын голлох бүтээгдэхүүн болох Уралын түүхий нефтийн үнэ есөн хувиар доошилж энэ жилийн гуравдугаар сард үзүүлсэн хамгийн өндөр ханш болох 125.26 ам доллараас 114.24 ам.доллар болтлоо буураад байна.
 

Хойд Солонгос:  Хойд Солонгосын шинэ удирдагч Ким Жон Ун улс орноо эдийн засгийн зөв замд оруулах зорилгоор шинэчлэл хийхээр зорьж байгаа билээ. Тэгвэл Хятад Улс томоохон компаниудаа Хойд Солонгост хөрөнгө оруулах талаас дэмжин ажиллахаар төлөвлөж байгаагаа зарлаад байна. Одоогоос долоо хоногийн өмнө Ким Жон Уны ах Жан Сон Тэк Хятад улсад айлчилж хоёр орны хооронд эдийн засгийн түвшинд авч хэрэгжүүлэх гэж буй төслүүдийн талаар ярилцсан билээ. Урт хугацаанд уруудсаар өдийг хүрсэн Хойд Солонгосын эдийн засаг Хятадад ихээхэн найдлага тавьж байна. Тус улс цөмийн зэвсгийн олон төсөл хөтөлбөр хэрэгжүүлдэг. Тэгвэл үүнтэй холбогдуулан бий болсон олон улсын хориг саад нь Хойд Солонгосыг дэлхийн бусад улс орнуудаас бүрэн таслагдахад хүргэсэн юм. Өнгөрсөн саруудад Хойд Солонгос үер усны гамшигт нэрвэгдсэн учир хоол хүнсний тусламж хүсээд байсан. Жилийн өмнө байгуулсан Хятадын Hwanggumphyong хил ба  Хойд Солонгосын зүүн эргийн Расон хил дээр эдийн засгийн голлох хамтын худалдааны бүс төвлөрөх ажээ.

Хойд Солонгос саяхнаас зарим хөрш гүрнүүдтэйгээ харилцаагаа сайжруулахаар хичээж эхэлсэн. Түүний нэг илрэл нь өнгөрсөн дөрвөн жилийн хугацаанд анх удаа Япон улсын  албаныхантай энэ сарын сүүлээр Бээжинд уулзалт хийж дэлхийн хоёрдугаар дайны үеэр Хойд Солонгосын хойг орчим амь эрсэдсэн япончууд болон тэдний эд зүйлсийг эх оронд нь буцаах талаар ярилцахаар болсон явдал юм.
 
Хятадын Ерөнхий сайд Вэнь Зябао “Одоогийн байдлаар тулгарч буй асуудлуудыг үл харгалзан Бээжин эдийн засгийн төлөвлөсөн өсөлтдөө хүрэх ч гэлээ тус улсын эдийн засаг хүнд дарамтад байна” хэмээн мэдэгдлээ. Тэрбээр мөн хэлэхдээ инфляцийн тайван байдал бодлого тодорхойлогчдод бага ч гэсэн цаг өгч байгаа гэнэ.

Хятадын экспортын өсөлт энэ оны долдугаар сард их хэмжээгээр унасантай холбогдуулан импортын хэмжээ болон шинээр олгож эхэлсэн юанийн зээл ч тэр дагаад урууджээ. Тус улсын гадаадын улс орнууд руу гаргадаг ачаа тээвэрлэлт энэ оны зургаадугаар сард 11.3 хувиар өссөн дүнтэй гарч байсан бол долоодугаар сард ердөө л нэг хувиар өссөн гэдгийг Хятадын Гаалийн албанаас мэдээлсэн байна. Харин дотоодын мөнгөн тэмдэгтээр олгож эхэлсэн шинэ зээлийн хувьд зуны эхэн сард 919.8 тэрбум юань байсан авч зуны дунд сард буюу долоодугаар сард 540.1 тэрбум юань болтлоо буурсан болохыг тус улсын Төвбанк мэдэгдсэн юм. Үүний зэрэгцээ үйлдвэрлэлийн бүтээмж ч тэр санаанд оромгүйгээр уруудаж жилийн эхэн үетэй харьцуулахад 9.2 хувь болтлоо унасан байна. Энэ оны эхэнд Хятадын худалдааны ашиг 31.5 тэрбум ам.доллартай тэнцэж байсан бол долоодугаар сард  25.1 тэрбум ам.доллар болжээ.
 
Япон Улсын эдийн засаг евро бүсийн гүнзгийрч буй хямралаас үүдэн сүүлийн гурван сард илт удааширчээ. Блүүмберг агентлагийн судалгаагаар тус улсын ДНБ-ий өсөлт энэ жилийн эхний улиралд 4.7 хувийн өсөлттэй байсан бол хоёр дахь улиралд 2.3 хувь болж талаас илүү хувиар унаад байна. Харин Японы Засгийн газрын албан ёсны мэдээгээр ДНБ-ий өсөлт нь өнгөрсөн гурван сард 2.2 хувьтай гарчээ. Энэхүү өсөлтөд хамгийн их жин дарж байгаа хэсэг нь дотоодын эрэлт хэрэгцээ гэнэ.  Тус улсын зүгээс энэ оны сүүл гэхэд мөнгөний болон сангийн бодлогоороо эдийн засгийн өсөлтөө дэмжих бодлого баримталж эхлэхээр төлөвлөж байна. Блүүмберг агентлагаас цаашид Японы эдийн засгийн өсөлтийг дахин нэг хувиар буурна хэмээн таамаглаж байгаа аж.
 
Сингапурын газрын тосны бүтээгдэхүүнээс гаднах экспортын хэмжээ жилийн эхэн үетэй харьцуулбал 5.8 хувиар өсчээ.  Барууны орнуудын асуудал хүндэрч тэр зүгт чиглэх тээвэрлэлт илт багассан ч Азийн орнуудын тэр дундаа Хятад, Хонконг болон Өмнөд Солонгосын эрэлт хэрэгцээ нэмэгдсэнээр долоодугаар сар Сингапур улсын хувьд өсөлттэй сар байлаа.  Энэ нь эдийн засагчдын тооцоолж байснаас ч өндөр үзүүлэлт болсон юм. Сингапурын мэргэжилтнүүд тус улсын экспортын хэмжээг доод тал нь дөрвөн хувиар өснө гэж үзэж байгаагаа илэрхийлсэн нь гурван хувь хэмээх өмнөх таамаглалаа нэг хувиар өсгөсөн хэрэг боллоо. Сингапурын газрын тосны бүтээгдэхүүнээс гаднах экспортын бүтээгдэхүүнд электрон бараа, эмийн бүтээгдэхүүн голчилдог билээ. Гэвч тус улсын ДНБ энэ жилийн хоёр дахь хагаст эхний хагасаас 0,7 хувиар унасан үзүүлэлттэй гарчээ. Энэ нь тус улсын эдийн засаг мөн л адил саарч байгааг харуулж байна.

Б.ЭНХЦЭЦЭЦЭГ

Эх сурвалж: www.mongolianeconomy.mn

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж