Малчид бэлчээрийн даац хэтэрснийг анхаарууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Малчид бэлчээрийн даац хэтэрснийг анхаарууллаа

Төрийн ордонд өчигдөр “Монгол мал үндэсний хөтөлбөр-Хөдөөгийн хөгжил” төвийн бүсийн зөвлөлгөөн боллоо. УИХ-аас малчдын хөдөлдмөр эрхлэлтийг нэмэх, амьдрах орчныг сайжруулах, мал аж ахуйг нийгмийн хөгжлийн чиг хандлагад тулгуурлан, эдийн засгийн үр ашигтайгаар хөгжүүлэхийн  тулд “Төрөөс малчдын талаар баримтлах бодлого”, “Монгол мал” үндэсний хөтөлбөрийг батлан гаргасан билээ. Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамнаас уг баримт бичгүүдийг амьдрал дээр хэрэгжүүлэхэд төр засгийн бодлогын хажуугаар аймаг орон нутгийн удирдлага, мал аж ахуйн мэргэжилтэн, малчдын оролцоо хамгийн чухал хэмээн үзэж байгаа аж. Үүний дагуу Монгол Улсын Ерөнхий сайдын ивээл дор баримт бичигт тусгасан төлөвлөгөөг хэрхэн хэрэгжүүлэх, зохион байгуулах үйл ажиллагааны чиглэл, арга замыг тодорхойлох уулзалтыг  бүс тус бүрээр зохион байгуулахаар шийдвэрлэсэн. Төвийн бүсийн зөвлөлгөөнөөр уг арга хэмжээний нээлт ийнхүү эхлэв. 

“Монгол мал үндэсний хөтөлбөр-Хөдөөгийн хөгжил” төвийн бүсийн зөвлөлгөөнд Дорноговь, Дундговь, Өмнөговь, Сэлэнгэ, Дархан-Уул, Төв аймгийн малчид, Хүнс, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд зэрэг холбогдох албаныхан нийлсэн 500 гаруй төлөөлөгч хүрэлцэн ирсэн байлаа. Зөвлөлгөөний үеэр мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний үзэсгэлэнг гаргасан. Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Т.Бадамжунай зөвлөлгөөнөөс гарсан зөвлөмж, саналыг хөдөөгийн малчдад хүргэх хэрэгтэйг онцолж байлаа. Арга хэмжээг нээж Монгол Улсын Ерөнхий сайд С.Батболд үг хэлсэн юм. Тэрбээр бэлчээрийн мал аж ахуй эрхлэх уламжлалт аргыг улам боловсронгуй болгон нийгмийн болон улсын эрэлт хэрэгцээ, чиг хандлагатай уялдуулан мал аж ахуйн салбарын үйл ажиллагааг эрчимжүүлэх шаардлага тулгарч байгааг онцоллоо.

Өнгөрсөн оны сүүлчээр хийсэн мал тооллогоор улсын хэмжээнд 32.7 сая толгой мал тоолуулсан. Нийт малыг сүргийн бүтцээр нь авч үзвэл зохистой харьцаа алдагдсан байна. Сүүлийн жилүүдэд ноолуурын үнэ өндөр байгаагаас үүдэлтэйгээр ямааны тоо толгой л гэхэд нийт сүргийн 42.4 хувийг эзэлжээ. Зөвлөлгөөнд оролцож буй аймаг, сумын Засаг дарга, хөдөө аж ахуйн газрын мэргэжилтнүүд ч үүнийг онцолж байсан. Дорноговь аймгийн Эрдэнэ сум 70 мянган орчим малтайгаас 30 мянга нь ямаа гэнэ. Тиймээс “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд хийх нэг чухал зорилт нь мал сүргийн бүтцийг зохистой харьцаанд хүргэх ажил байх аж. Ерөнхийдөө “Монгол мал” хөтөлбөрийн үндсэн чиглэлд малын чанар, ашиг, шимийг нэмэгдүүлэх, үүнд малчид, холбогдох төрийн захиргааны бүх шатны байгууллагын үүрэг, оролцоо ямар байх вэ зэрэг асуудал багтаж байгаа юм байна.

Зөвлөлгөөний үеэр малчид, мэргэжилтнүүд бэлчээр ашиглалтад санаа зовниж буйгаа онцолж байлаа. Малчин иргэдийн олонхи нь Бэлчээрийн тухай хуульд аймаг, сум алгасан отор хийж, харьяалалгүй сум, орон нутгийн газрын бэлчээрийг ашигладаг явдлыг хориглох заалт оруулахыг хүсч байгаагаа илэрхийлсэн. Мал аж ахуйг хөгжүүлэхэд бэлчээрийн хил, заагийг тогтоох явдал чухал болсон гэнэ. Гэхдээ бэлчээр газрыг тойруулж хашаа, хороо барьдгийг  эсэргүүцэх хүн ч байсан гэдгийг онцолъё.

Дорноговь аймгийн Эрдэнэ сумын малчин У.Энхболд

-Би аймгийн сайн малчин хүн. Нийт 800 гаруй толгой малтай. Малчдын хувьд малынхаа үүлдэр угсааг сайжруулах, ашиг шимийг дээшлүүлэхэд анхаарлаа хандуулж эхэлсэн. Манайх л гэхэд Сүхбаатар аймгаас үзэмчин угшлийн хонь авчирч сүрэгтээ нийлүүлсэн. Махны хэвшлийн хонийг өсгөхийг зорьж байгаа юм. Орон нутагт бэлчээрийн даац хэтэрч байгааг төр засаг анхааралдаа авах хэрэгтэй.  Үүнд нэг талаар малчдын буруу ч бий. Малчид нэг газраасаа холдож, нүүхээ больсон байна. Гэтэл зарим нь өөр аймаг, сумын нутагт малаа оторлож байгаа нь бэлчээрийн даац хэтрэхэд нөлөөлж байна.

Доктор, профессор С.Жигжид­сүрэн:

-Монгол Улсын хэмжээнд бэлчээрийн даац хэтэрч байгаа. Энэ нь “Монгол мал” хөтөлбөрийн хүрээнд шийдэх хамгийн гол асуудал. Малын тоо толгойг өсгөх гэж яарах хэрэг огт байхгүй. Бэлчээр байвал мал сүрэг аяндаа өснө. Одоогийн байдлаар нийслэлийг тойрсон аймаг, аймаг тойрсон сум, хөдөөд худаг, усны ойролцоох газруудад бэлчээрийн доройтол хамгийн их ажиглагдах боллоо. Уг нь бэлчээрийг  малын хөлөөс 2-3 жил чөлөөлөхөд эргэн сэргэдэг байсан. Гэтэл одоо дундаас дээш хэмжээгээр малын хөлд талхилагдсан газрууд огт нөхөн сэргэхгүй байна. Ийм болсон бэлчээрийг сэргээхэд асар их хэмжээний хөрөнгө хэрэгтэй. Аймаг, сумдын хэмжээнд газар ашиглалтыг зөв зохион байгуулах нь чухал. 

Орон нутгаас ирсэн төлөөлөгчид мал, малчдад чиглэсэн бодлогыг хэрэгжүүлэхдээ өөрсдийнх нь саналыг сонсч байх хэрэгтэй хэмээн холбогдох албаныханд хэлсэн.  Мөн мал аж ахуйд түшиглэсэн дайвар бүтээгдэхүүн үйлдвэрлэх жижиг үйлдвэрийг сумдад байгуулах, сум, орон нутагт байхгүй зүйлээ өөрт байгаа зүйлсээр сольж авдаг болох зэрэг олон саналыг малчид хэлж байсан юм. Манай улсын эдийн засгийн хөгжил уул уурхайн салбартай салшгүй холбоотой. Гэхдээ уул уурхайн баялаг хэзээ нэгэн цагт дуусахад Монгол Улсын эдийн засгийн гол ачааг мал аж ахуйн салбар үүрнэ гэдгийг зөвлөлгөөнд оролцогчид онцолж байсан. Тиймээс  уул уурхайгаас орж  ирж буй, зах зээлд шингэхгүй байгаа мөнгийг мал аж ахуйн салбарт зарцуулах хэрэгтэйг ч онцолсон. Энэ салбараас экспортын нийт орлогын 10 орчим хувийг бүрдүүлдэг. Мөн Монгол Улсын нийт хүн амын бараг гуравны нэг нь зөвхөн мал аж ахуйн орлогоор амьдардаг. Тиймээс мал аж ахуйг хөгжүүлэх бодлогыг зөвхөн энэ салбарынх нь хувьд биш хөдөөг хөгжүүлэх бодлоготой уялдуулах нь чухал ажээ.

Т.УРАНГЭРЭЛ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж