БНСУ 300 сая ам.долларын зээл олгоно

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

БНСУ 300 сая ам.долларын зээл олгоно

Ерөнхий сайд С.Батболд БНСУ-ын Ерөнхий сайд Ким Хван Шигийн урилгаар энэ сарын 23-26-ны өдрүүдэд тус улсын албан ёсны айлчлал хийсэн. Айлчлалын мэдээллийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Ерөнхий сайдын гадаад бодлогын зөвлөх О.Оч, Гадаад харилцааны яамны Азийн газрын захирал Б.Ганболд нар өчигдөр өглөө. Ерөнхий сайд С.Батболд БНСУ-д хийсэн албан ёсны айлчлал хоёр орны болон бүс нутгийн асуудлаар санал солилцсон гэдгийг Гадаад харилцааны сайд Г.Занданшатар хэллээ. Тэрбээр “Хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа улс төр, худалдаа эдийн засаг, соёл, хүмүүнлэг, батлан хамгаалах гээд бүх салбаруудад амжилттай хөгжиж байгаа. Харин айлчлалын үеэр хоёр орны харилцааг шинэ шатанд гаргах хэрэгтэй гэж үзсэн. Үүний тулд “Дунд хугацааны хөтөлбөр”-ийг ойрын хугацаанд хэрэгжүүлэхээр тохиролцсон. Энэхүү хөтөлбөрийн хүрээнд харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар яриа хэлэлцээр хийлээ” гэсэн юм. Мөн хоёр орны Ерөнхий сайд нар харилцаагаа улам өргөжүүлэхийн тулд Гадаад харилцааны сайд нарын яриа хэлэлцээрийн давтамжийг нэмэгдүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Харин БНСУ-ын тал хүний хөгжил, эдийн засгийн өсөлтийг дэмжих, агаарын бохирдлыг арилгах болон бусад тэргүүлэх ач холбогдолтой төслүүдэд 300 сая ам.долларын зээл, 23 сая ам.долларын буцалтгүй тусламж олгохоор шийдвэрлэжээ. Айлчлалын үеэр хэлэлцсэн нэг чухал асуудал бол хоёр орны иргэдийн харилцан зорчих нөхцөлийг хөнгөвчлөх тухай юм. Энэ нь тодорхой хугацааны дараа визгүй болох зорилтын суурийг тавьсан яриа хэлэлцээр болж чадсан хэмээн Гадаад харилцааны сайд Г.Занданшатар онцолж байлаа. Ерөнхий сайд С.Батболд Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Ли Мён Багт бараалхсан. Харин Ли Мён Баг манай улсад энэ онд айлчлахаа мэдэгдсэн нь чухал ач холбогдолтой төдийгүй дээрх яриа хэлэлцээрүүдийг айлчлалын үеэр эцэслэн шийдвэрлэнэ гэдэгт итгэж байгаа юм. Мөн манай улсын Эрүүл мэндийн яам Өмнөд Солонгос улсын Эрүүл мэндийн яамтай хамтран ажиллахаар болсныг Эрүүл мэндийн сайд С.Ламбаа дуулгалаа. Тэрбээр “Энэ айчлалын үеэр эрүүл мэндийн салбарын олон асуудлыг хөндсөн. Манай улсын Эрүүл мэндийн яам, Өмнөд Солонгосын Эрүүл мэнд, нийгмийн хамгааллын яамтай таван жил хамтран ажиллахаар гэрээнд гарын үсэг зурсан. Энэхүү гэрээнд Монголын эрүүл мэндийн салбарын бодлогын төлөвлөлт, даатгалын тогтолцоо, биотехнологийн хамтарсан үйлдвэрлэл байгуулах, хоёр орны эмнэлгүүдийн хооронд шууд хамтын ажиллагааг хөгжүүлэх талаар тусгасан. Өнгөрсөн онд 45.1 сая ам.долларын санхүүжилтээр Үндэсний оношлогооны зураг төслийг Өмнөд Солонгосын талтай хамтран хийсэн. Энэхүү зураг төслийг хэрэгжүүлэхэд шаардлагатай 45.1 сая ам.долларыг шийднэ гэдгээ Өмнөд Солонгосын Ерөнхий сайд амласан” гэв.

Ц.ЭНХЦЭЦЭГ


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж