Улс төрийн хүрээнийхэн Б.Мөнхбаатарыг Баянзүрх дүүргийн Засаг дарга байхаас нь мэдэх болсон. Хожим нь 2008 оны сонгуулийн дараахан Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллах болов. Телевизээр бөх байрын биетэй, бурхан багш шиг царайтай, хав дөрвөлжин эр англи хэлээр олон цагийн турш яриад байсан нь мөнөөх Б.Мөнхбаатар байлаа. Манайдаа л англи хэлээр толгой цохидог гэж зарим сайд хүртэл түүний ярианы чадварт атаархсан гээд бод доо. Дараа нь нийслэлийн Ардын намын хорооны дарга болов. Т.Билэгт саналаараа огцрохдоо нутгийн дүүгээ гаргаж ирлээ гээд тэр үед шуугиж байсан. Гэтэл одоо болохоор албыг нь буцаагаад авчихлаа. Лав л Б.Мөнхбаатар, Г.Мөнхбаяр ахыгаа татлаа гэж ярих аргагүй. Нутгархах ч боломжгүй.
Яагаад Б.Мөнхбаатар хөшигний цаана, хоёрдугаар эгнээнд алхаж явдаг юм бол. Цаг нь болоогүй юу. Эсвэл хэд хэд шанаадуулж байгаад гарч ирдэг “байгалийн шалгарлын хууль” үйлчлээд байна уу. Энэ удаад ч мөн л “Чи хойшоо бол” гэсэн зарчмаар ажлыг нь авахдаа үзгийг нь авахын чинээ ч хүндэтгэлтэй хандсангүй. Тэгж яривал цагтаа нийслэлийн Ардын намын хорооны даргын хувьд Н.Энхбаяр, С.Баяр, М.Энхболд нарын ах нараа ч даргалах эрх түүнд байв. Тэр хэнд таалагдсангүй вэ. Гэтэл бас мөрөөрөө сурч, ажиллаж явсан чадварлаг энэ залууг хэн заавал улс төрд бай гэсэн юм бол.
Н.Энхбаяр УИХ-ын 2000 оны сонгуулийн өмнөхөн зангиатай, англи хэлтэй баахан залуусыг бөөндөж ирсний дотор өнөөдрийн Г.Мөнхбаатар явж байв. Тэгэхээр тэр одоогийн Ерөнхий сайд болон УИХ-ын гишүүн Ц.Мөнх-Оргил нартай нэг “торонд баригдсан” гэсэн үг. Сонирхолтой нь үеийнхэнтэйгээ адил албан тушаалаар барин тавин наймаалцана гэж улайрсангүй. Өгснийг нь аваад, өгөхгүй бол дуугүйхэн, “номоо уншаад” сууж байя гэсэн байр сууринаас хандсаар өдий хүрчээ. Оюутан байхаасаа хуучин МАХН-тай амьдралаа холбосон, 25-тайгаасаа Намын хорооны тэргүүлэгч гишүүн, бусад удирдах албан тушаал хашсан гээд түүнд дутуу юм үгүй санагдана. Өдгөө дөч хүрэх гэж яваа эрийг жаахан хүүхэд хэмээн хадгалаагүй нь лав. Харин амбицалж, хэл ам хийдэггүй болохоор нь “элэг бариад” байдаг юм болов уу. Хэрэв Ардын нам боловсон хүчний асуудалдаа хуучны энэхүү марзан зарчмаараа хандсаар байх юм бол горьгүй дээ. Хэрвээ боловсон хүчний зах гэж байдаг бол Б.Мөнхбаатар овоо үнэ хүрмээр юм. Харин сайн борлогдох, өрсөлдөх чадвартай “бүтээгдэхүүн”-ээ зөв үнэлэх менежментийн бодлого л Ардын нам гэгч “компани”-д дутаад байх шиг санагдана.
Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин