Жүдочид нөгөөдөр Абу Дабиг зорино

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Жүдочид нөгөөдөр Абу Дабиг зорино

Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид тивийн аваргад зодоглохоор нөгөөдөр эх орноосоо мордох гэж байна. Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээн энэ жил Арабын нэгдсэн Эмиратын Абу Дабид дөрөвдүгээр сарын 5-7-ны өдөр болох бөгөөд Азийн жүдогийн холбоонд бүртгэлтэй 24 орны эрэгтэй 125, эмэгтэй 87 жүдоч эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон жинд өрсөлдөнө. Харин манай улсаас бүрэн бүрэлдэхүүнээр буюу эрэгтэй, эмэгтэй тус бүр долоон тамирчнаа тивийн аваргад сойх юм. Баг тамирчдыг жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлагч дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох ахална. Тэмцээний хуваарийн дагуу эхний өдөр буюу 5-нд эрэгтэйчүүдийн 60, 66, 73 кг, эмэгтэйчүүдийн 48, 52, 57, 63 кг-ын барилдаан болох бол хоёр дахь үлдсэн жингийн ангилалд медалийн эзэд тодрох юм. Харин сүүлийн өдөр буюу 7-нд багийн барилдаан болно.

Дашрамд сануулахад, өмнөх Азийн аварга буюу 2009 оны Тайваньд болсон Азийн АШТ-ээс Монголын тамичид нэг алт, хоёр мөнгө, есөн хүрэл медаль хүртсэнээр багийн дүнгээр тавдугаар байрт шалгарсан билээ.

Азийн АШТ-д зодоглох Монголын жүдочид:

Эрэгтэй: Д.Төмөрхүлэг /60 кг/, Х.Цагаанбаатар /66 кг/, Г.Одбаяр /73 кг/, Г.Түвшинжаргал /81 кг/, Э.Энхбат /90 кг/, Н.Түвшинбаяр /-100 кг/, Н.Батсуурь /+100 кг/

Эмэгтэй: М.Уранцэцэг /48 кг/, М.Бундмаа /52 кг/, Д.Сумъяа /57 кг/, Ц.Мөнхзаяа /63 кг/, Ц.Наранжаргал /70 кг/, П.Лхамдэгд /-78 кг/, Д.Цэрэнханд /+78 кг/

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж