Өмнийн говийг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх план

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Өмнийн говийг бүс нутгийн хэмжээнд хөгжүүлэх план

Оюутолгой орд, бусад уурхай, барилгажилт, бү­тээн байгуулалтыг дагаж Өмнөговийн хүн амын тоо нэмэгдсээр байна. Үүнтэй холбоотойгоор  тухайн орон нутгийн нийгмийн хангамж, нийтийн аж ахуйн үйлчилгээ, эмнэлэг, боловсролын салбарт ачаалал үүсгэхээр байгаа юм. Тиймээс “Оюутолгой” ХК нийг­мийн өмнө хүлээх ха­риуцлагынхаа хүрээнд хүн амын огцом өсөлтөөс үүсэх сөрөг нөлөөллийг бууруулах, зохицуулах, уур­хайн хөрөнгө оруулалтаас тухайн орон нутагт хүртээх үр ашгийг нэмэгдүүлэх төсөл хэрэгжүүлж эхэллээ.

БҮС НУТГИЙН ТӨЛӨВЛӨЛТ, ДЭД БҮТЦИЙН ХӨТӨЛБӨР

Уурхайн үйл ажил­ла­гаанаас үл  хамааран тогт­вортой орших, эрүүл орчин бүхий суурин газар байгуулах зорилгоор тодорхой төслийг са­наачлан хэрэгжүүлсэн бай­­на. Тэдгээрийн нэг нь Бүс нут­гийн төлөвлөлт, дэд бүт­цийн хөтөлбөр юм. Энэ­хүү хөтөлбөрийн хүрээнд юу­ны өмнө Өмнийн говийн бү­сийн хөгжлийн зөвлөлийг бай­гуулжээ.
Зөвлөлийн эхний ху­рал өнгөрсөн оны ар­ван­хоёрдугаар сард хуралдсан байна.

Хурлаар бүтэц, зохион бай­гуулалтын асуудлыг хэлэлцэж, Удирдах зөвлөлөө сонгон, энэ онд хийх ажлынхаа төлөвлөгөөг баталжээ. Орон нутгийн дэд бүтцийг сайжруулах ажлын хүрээнд Оюутолгойн нөлөөллийн бүсийн хот суурин газрын цахилгаан, эрчим хүч, дулаан үйлдвэрлэх техник, эдийн засгийн урьдчилсан үнэлгээг хийж, өнгөрсөн хоёрдугаар сард дуусгасан байна. Энэхүү үнэлгээг “Мон-Энержи консалт”, “НьюКом” компанитай хамтран хийжээ. Ингэснээр Оюутолгой төслийн хүрээнд болон улсын төсвийн хөрөнгө оруулалтаар сумдыг дулаан хангамж, эрчим хүчээр хангах оновчтой шийдэл, зарцуулах хөрөнгийн хэмжээ, нийгэм, эдийн засгийн үр өгөөжийг тооцон гаргасан байна.

Мөн Ханбогд сумын төвийн цэвэр усны хангамжийн эх үүсвэрийн байршлыг тогтоох геофизикийн судалгааг “Гео Мастер” компани гүйцэтгэсэн. Түүнчлэн дээрх хөтөлбөрийн хүрээнд Баян-Овоо сумын төвийн спорт цогцолборыг шинээр барьж байгуулахаар орн нутгийн захиргаантай ярьж тохиролцон зураг төслийг нь хийж дуусгаад байгаа юм. Спорт цогцолборын барилгын ажлыг инженерийн хангамжийн эх үүсвэрийн  хамт энэ ондоо багтаан эхлэхээр төлөвлөжээ. Оюутолгой төслийн шууд нөлөөлийн бүс болох Ханбогд сумын хот төлөвлөлтийг зохион байгуулах, сайжруулах ажлыг “Монголын хот байгуулалтын хүрээлэн” ХХК гүйцэтгэсэн байна.

Бүс нутгийн төлөвлөлт, дэд бүтцийн хөтөлбөрийн хүрээнд 2009-2010 оны газар өмчлөлийн үйл ажиллагаанаас хүлээгдэж байсан 400 айл, энэ онд олгох 300 айлын газрын хэмжилтийг хийжээ. Цаашид энэ ажлыг бие даан гүйцэтгэхэд “Sokkia” фирмийн электрон теодолит, зураг төсөл болон газрын мэдээллийн санг ажиллуулах зориулалттай өндөр хурдны компьютер, техник хэрэгслүүд, “Trimble” цирмийн GPS, барилгын ажилд хяналт тавих багаж хэрэгслээр хангасан байна.

ОРОН НУТГИЙН БИЗНЕС, ЭДИЙН ЗАСГИЙГ ДЭМЖИХ ХӨТӨЛБӨР

“Оюутолгой” ХК-ийн Орон нутгийн харилцаа, тогтвортой хөгжлийн хэлтсээс бизнес, эдийн засгийг дэмжих “Говийн шим” хөтөлбөр боловсруулан амжилттай хэрэгжүүлж байна. “Говийн шим” хөтөлбөрийн зорилго нь зах зээлийн зарчим суурилсан, уул уурхайгаас хараат бус, бие даасан бизнесийг хөгжүүлэх замаар орон нутгийн эдийн засагт хувь нэмрээ оруулахад чиглэжээ. Энэ нь айдас дагуулсан “Голланд өвчин” сэргийлэх жорын үндэс суурь болох сайн талтай. Уул уурхайг түшиглэн уул уурхайгаас бусад салбарыг хөгжүүлэх замаар эдийн засгаа сэргээх талаар Норвегийн туршлагыг хэрэглэх хамгийн тохиромжтой бүс нь Өмнөговь аймаг яах аргагүй мөн. Хэрэв энэ туршлагыг бүс нутагтаа амжилттай хэрэгжүүлбэл улс орны хэмжээнд өргөжүүлэн хэрэглэх боломжтой.  Орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих хөтөлбөрийн үндсэн үйл ажиллагаа нь бизнесийг хөгжүүлэх, байгаль орчинд ээлтэй шинэ арга технологи нэвтрүүлэх, бараа бүтээгдэхүүний өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх талаар бүх талын туслалцаа дэмжлэг үзүүлэхэд чиглэжээ. Мөн орон нутгийн бизнес эрхлэгчдэд зориулсан сургалт зохион байгуулж, арилжааны банкнаас зээл авахад нь туслах, техникийн туслалцаа үзүүлэх зэргээр үйл ажиллагааг нь идэвхжүүлэхийг чухалчилж байна.

Ялангуяа малын түүхий эд боловсруулах чиглэлийн үйлдвэрийг хөгжүүлэхэд онцгой анхаарч байгаа ажээ. Түүнчлэн үзэсгэлэн худалдаа, зах зээлийн өдөрлөг зохион байгуулах замаар алслагдсан нутгийн үйлдвэрлэгчдийг зах зээлтэй нь холбох талаар олон ажил зохион байгуулжээ. Энэ талаар нутгийн бизнесмэнүүд ам сайтай байгаа. Тэд “Орон нутгийн төдийгүй нийслэлийн , гадаадын худалдан авагчтай болгон холбож өгсөн, туршлага солилцоход тусалсан энэ хөтөлбөр орлогоо нэмэгдүүлэхэд ихээхэн нөлөөлсөн. Хамгийн гол нь орон нутгийн бизнес, эдийн засгийг дэмжих хөтөлбөр нь Орон нутгийн бэлтгэн нийлүүлэгчдийг дэмжих хөтөлбөртэй хамтран жижиг, дунд бизнес эрхлэгчид, малчдад зориулан хөнгөлөлттэй зээлийн хөтөлбөр байгуулсанд маш их баярлаж байна” хэмээн ярьж байна. Хөтөлбөр гэж юуг хэлдэг, ямар үр ашигтай байдгийг одоо л мэдэрч байна гэх тэдний яриа энэхүү хөтөлбөрийн үр дүнг тодорхойлох биз ээ. Учир нь зээлийн хөтөлбөрийг орон нутаг дах арилжааны зарим банктай хамтран хэрэгжүүлж эхэлснээр ганцхан хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай зээл авах боломжийг энэ цаг үед чамлах аргагүй билээ. Гэхдээ мэдээж зээлийн шалгуур нь өндөр. Тухайн банкны шалгуур үзүүлэлтэд нийцсэн, эдийн засгийн үндэслэл сайтай, хэрэгжих боломжтой бизнес төлөвлөгөөтэй, бараа бүтээдэхүүний чанар өндөр байх  ёстой. Үүнтэй холбоотойгоор бизнес эрхлэгчид ч бизнес төлөвлөгөө боловсруулах, тооцоолон бодох, эрсдлээ урьдчилан харж чаддаг байх зэрэгт суралцаж байна.

У.ОРГИЛМАА


Зохиогчийн эрх:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж