Эмийн зохисгүй хэрэглээ түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлдөг

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Эмийн зохисгүй хэрэглээ түрүү булчирхайн үрэвсэлд нөлөөлдөг

Сүүлийн үед манай эрчүүдийн дунд түрүү булчирхайн өвчлөл их тохиолдох болсон. Иймээс түрүү булчирхайн архаг үрэвслийн талаар салбартаа 36 жил ажиллаж байгаа Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын уугуул Монгол Улсын төрийн шагналт, хүний гавьяат эмч, анагаах ухааны доктор, профессор, Улсын клиникийн төв эмнэлгийн Бөөрний мэс засын тасгийн эрхлэгч, Бөөр шилжүүлэн суулгах багийн ахлагч Д.Нямсүрэнтэй дээрх өвчний талаар ярилцлаа.


-Юуны өмнө та манай уншигчдад түрүү булчирхай гэж юу болох талаар ойлголт өгөөч?

-Түрүүн булчирхайн тухайд миний хувьд зөндөө л ярьдаг. Гэхдээ энэ удаа бас ярья. Түрүү булчирхай бол эрэгтэй хүмүүст байдаг нэлээд чухал эрхтэн. Тодруулбал, манжин хэлбэртэй давсагны гарах хэсэг, шээсний сүвний амсар, умдагны ард байрладаг булчирхайлаг, булчинлаг эрхтэн байдаг. Энэ нь эрүүл хүнд 2.5-3 см диаметртэй байх ёстой. Үрийн шингэний нэгээхэн хэсэг буюу 30 хувийг үйлдвэрлэдэг ба эр бэлгийн эсийн хөдөлгөөнтэй байх, амьдрах орчин нь болж өгдөг. Хоёр үндсэн том хэлтэнтэй. Энэ хэлтэн нь 30 жижиг хэсэгтэй. Бүх хэсгээс нь шүүрэл ялгарч байдаг. Бас мэдээж хүний биед нэн чухал үүрэгтэй. Бэлгийн ажил хийх үед, үрийн шингэнийг гадагш цацаж, дур тавихад чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ мэтээр яриад байвал дуусахгүй олон юм байна.

-Энэ эрхтэн нь ямар, ямар хэлбэрээр өвчилдөг вэ. Бас сүүлийн үед нэлээд өсөх хандлагатай байгаа гэсэн. Энэ талаар?

-Энэ нь нөхөн үржихүйн буюу 20-45 насныханд түрүү булчирхайн архаг үрэвсэл, 50-70, 80 насныхны зонхилох хувьд нь хоргүй хавдар тохиолддог. Дээр нь хоргүй хавдрын 5-10 хувийг эзлэх хортой хавдар байна. Ер нь сүүлийн жилүүдэд түрүү булчирхайн хорт хавдар ихсэх хандлагатай байгаа. Хорт хавдар нь 10, 20 жилийн өмнө хоргүй хавдрынхаа дөрвөн хувийг эзэлж байсан бол одоо зургаа, долоо зарим жил 10 хувийг эзлэх болоод байна. Харин түрүү булчирхайн мэс заслын хувьд зөвхөн энд хийгддэг. Хааяа нэг аймгуудад манай шавь нар хийж, оролдох тохиолдол бий. Түрүү булчирхайн хагалгаа жилд 500-600 удаа хийгдэж байна.

-Түрүү булчирхайн үрэвсэл юунаас болж үүсдэг вэ. Яагаад өсч байгаа юм бол?

-Нөхөн үржихүйн насныхны хувьд нэгдүгээрт, нянгийн гаралтай, хоёрдугаарт, бэлгийн замын янз бүрийн өвчнөө дутуу эмчлүүлснээс болж, гуравдугаарт, ямар ч халдвар, нянгүйгээр үрэвсэл үүсч болно. Тэгэхээр янз бүрийн шалтгаантай байна гэсэн үг. Даарч, хөрөх мөн архинаас ч болж үрэвсэж болно. Хамгийн гол нь бэлгийн харьцаанд тогтмол орж байгаад, больчихвол түрүү булчирхайн шүүрэл, генийн судас, үрийн шингэн, тунгалгийн шингэний зогсонгишлоос үүдээд нянгүйгээр түрүү булчирхай үрэвсэх тохиолдол бий. Тэгэхээр түрүү булчирхайн үрэвсэл заавал бэлгийн замын эсвэл нянгийн гаралтай байх албагүй. Үүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй.

-Та сая архидалт гэж хэллээ. Архи хэрэглэх нь үрэвсэл үүсгэдэг гэсэн үг үү?

-Архаг архидалт, мөн эмийн замбараагүй хэрэглээ нь үрэвсэлд нөлөөлдөг. Өнөөдөр л гэхэд Хятадад 1100 хуурамч эмийн үйлдэрийг хаалаа. Хуурамч эм нь нөхөн үржихүйн эрхтэн, ходоод зэргийг асар их хордуулж, өвчлүүлдэг. Тэр үр дагавар нь тухайн үедээ болон хожуу гарч ирэх аюултай учраас хааж байна. Гэтэл манайхан ямар ч улсын бүртгэлд ороогүй, хараа хяналтгүй, эм нь ч юм уу, хор нь ч юм уу мэдэгдэхгүй юмыг гадны юм сайн гэж хэрэглэдэг. Ингэж сайн гэсэн бүхнийг савардаж, ам руугаа чихээд байхгүй, эмчийн заавраар эм хэрэглэх хэрэгтэй байна.

-Эмнээс гадна орчин нөхцөл, хоол хүнс нөлөөлдөг үү?

-Нөлөөлж болно. Хотын агаар, ус маш бохир байна. Байранд амьдардаг нь хуучирсан цоргоноос зэвтэй ус уудаг. Дээр нь усны ариутгалын хлорын хэмжээ өсчихөөд байна. Гэр хорооллын айлуудын худаг, жорлон хоёр нь зэргэлдээ байж байдаг. Энд мөн хөрсний нэвчилт явагдаад, ус нь бохирдож байна. Наад захын Туул гол руу цэвэрлэх байгууламжийн ус орж байгаа. Харин түүнийг уусан хүн, мал хордоно. Бид 50, 60 жил цэвэр мах, унды ус хэрэглэж байсан. Өнөөдөр эргээд харахад байгалийн унаган төрх, идэж ууж байгаа бүх юм өөрчлөгдсөн. Үндсэндээ экологийн цэвэр бүтээгдэхүүн гэж байхгүй болоод монголчуудын хэлдгээр бүх юм бузартаж, бузарлагдаж, ариун дагшин байдлаа алдчихаад байна. Маландаа л гэхэд сүүний гарц, тарга хүчийг нь дээшлүүлэх гэж янз бүрийн тариа хийдэг болсон. Энэ бүгд түрүү булчирхай ч гэдэг юм уу, бусад эрхтэн системийн хөгжилд нөлөөлөхгүй гэсэн баталгаа байхгүй.

-Түрүү булчирхайгаа үрэвссэн гэдгийг яаж мэдэх вэ. Шинж тэмдгийн хувьд?

-Архаг үрэвсэлтэй хүний хувьд давсаг, умдаг, хярзан, шодойны уг, төмсгөөр битүү өвддөг. Үргэлж зовиур шаналгаатай болно. Цаашилбал бэлгийн сулралд орж, бүр даамжирвал үргүйддэг. Энэ нь эргээд нийгэмд аюултай, гарз хохиролтой байдалд хүргэж байгаа юм. Ер нь гэр бүл салах, хүүхэд өнчрөхөөс эхлээд зовлонтой болж ирдэг.

-Энэ өвчнийг яаж эмчилдэг вэ?

-Монголчууд түрүү булчирхайг янз бүрээр л эмчилж байх шиг байна. Манай бөөрний мэс заслын тасгийн эмч нар евро стандарт буюу дэлхийн стандартын дагуу эмчилгээ хийдэг. Манай бусад эмнэлэг хэрэгтэй, хэрэггүй янз бүрийн аргаар л эмчлэх гэж оролдож байна. Гэхдээ түрүү булчирхайн архаг үрэвслийг долоо, 14 хоног, сарын хугацаанд эмчилдэггүй л байхгүй юу. Хамгийн багаар бодоход 3-6 сар, ихдээ гурван жилийн дотор л сайн эмчлэгдэнэ. Гэтэл зарим нь өргөс авж байгаа юм шиг байдлаар хандаж байна. Тэгэхээр тогтсон нэг стандартаар эмчлэх тал дээр анхаарахгүй бол эрүүл мэндийн боловсрол багатай эрчүүд, залуучууд янз бүрийн байдлаар хохирох тохиолдол харагдаж байна.

-Зөв эмчлэх юм бол бүрэн эдгэрнэ биз дээ?

-Сайн хичээгээд эмчлүүлэх юм бол эдгэрнэ. Харин эмчилгээн дундуураа гам алдаад даарч, хөрөх, архи уух, халуун ногоотой хоол идэх зэргээр болохгүй гэсэн бүгдийг хэрэглээд байвал эмчилгээ биш болно. Эмч юу гэж заасан тэр дэглэмийг сайн биелүүлэх хэрэгтэй. Тэр тусмаа түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй хүмүүс эмчилгээ хийлгэж байх үедээ архи уух юм бол хамгийн аюултай.

-Эцэст нь эрчүүддээ хандаж, хэрхэн урьдчилан сэргийлэх талаар зөвлөгөө өгөөч?

-Өргүй бол баян, өвчингүй бол жаргал гэдэг. Юуны өмнө эрүүл мэндийн тухайн салбарыг хариуцсан эмч нарын хувьд нэлээд чадваржих хэрэгтэй байна. Эмч нар нь сайн чадваржаад ирвэл гайгүй болно. Нөгөө талаасаа залуучууд буюу нөхөн үржихүйн насныхан маань замбараагүй бэлгийн хавьталд орох, архи, эм хамааүй хэрэглэх. Дээр нь даарч, хөрөх энэ бүхэн нь түрүү булчирхайн архаг үрэвсэлтэй болох үндэс мөн. Тэгэхээр хувь хүн өөрийн хариуцлагаа өндөржүүлж, эрүүл мэндээ хамгаалах ёстой. Эрүү мэндийнхээ төлөө тэмцэх хэрэгтэй.

-Ярилцсанд баяраллаа

Эх сурвалж: "ӨГЛӨӨНИЙ СОНИН"


NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж