МАХН гэдэг товчлол хэний халаасанд байна вэ?

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

МАХН гэдэг товчлол хэний халаасанд байна вэ?

МАХН гэдэг товчлол хэний халаасанд байна вэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийнход уу. Аль эсвэл Ц.Нямдорж сайдын халаасанд уу. Ийм нэгэн яриа улс төрийн хүрээнийхэн дунд газар авчээ. Учир нь МАХН-ын дээр МАНАН бий. Харин Үндсэн хуулийн Цэцийн дээр эрх баригч хүчнүүдийн нэгдмэл ашиг сонирхол залраастай.

Экс Ерөнхийлөгч Н.Энх­баярын эрин үе сэргэж, улс төрд МАХН гэдэг нам мандан бадрах эсэхийг Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийнхэн үзэгнийхээ үзүүрээр шийдэх болчихоод байна. Гэвч тэдэнд ийм эрхийг чухам хэн өгч болно гээч. Ардын нам ба Ардчилсан намынхан. Засаглалыг гар барилцан бүрдүүлсэн хамтрагч хүчнүүдэд Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийнхнийг хөдөлгөх шидэт дохиур бий. Хамгийн сонирхолтой нь Н.Энхбаярын эрин үед Үндсэн хуулийн Цэцийн гишүүн болсон нөхөд энэ цаг үед түүнийг дахин “амилуулах” уу, үгүй юү гэдгээ шийдэх гэж байна.

Үндсэн хуулийн Цэц есөн гишүүнтэй. Тэдний ихэнх нь Н.Энхбаярыг Ерөнхийлөгчийн алба хашиж байх үед энэ албанд ажиллах “виз” авсан. Харин үүнийг улс төрийн нөлөөт толинд харвал тэд Ц.Нямдоржийг УИХ-ын дарга байхад эцэг хуулийн “манаач” болсон билээ. Гэвч Цэцийн гурван гишүүний бүрэн эрхийн хугацаа өнгөрсөн нэгдүгээр сард дуусгавар болсон. Тэднийг албанд нь улираан томилох уу, өөрчлөх үү гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэднэ. Учир нь энэ бол Төрийн тэргүүний мэдлийн гурван суудал. Улсын дээд шүүх ч Төрийн тэргүүний мэдлийн институци. Чухам ийм л учраас Цэц болон Улсын дээд шүүхийнхэн МАХН гэдэг товчлолоос үүдэлтэй маргааны хайнааг хагалахдаа хөөсөн бөмбөлөгт зүү хүргэх гэж буй мэт болгоомжтой хандаж байна. Ерөнхийлөгч тэдэн рүү хэрхэн харц хаяж, эцэг хуулийг сахигчид ямар тамга дарахаас бүх зүйл шалтгаалах болчихоод байгаа юм.

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж бол ард түмний эв нэгдлийн бэлгэ тэмдэг. Нам бус. Гэвч хувь улстөрчийн хувьд анти коммунист үзэлтэй. Тийм учраас нэгэн үе Монголын улс төрд дарангуйллын гол бэлгэ тэмдэг болж байсан МАХН гэдэг товчлолыг бүрмөсөн хориглож ч болно. Бас үгүй ч байж мэднэ. Ц.Нямдоржийн тухайд ч сонирхолтой гаргалгаа хийж болох юм. Түүний хувьд, лидер улстөрч болсон замнал нь МАХН-аас эхлэлтэй. Харин одоо МАХН гэдэг товчлолыг дайсагнагч хүчнийхэн нь гартаа оруулах гээд байдаг. Тэр тусмаа түүнийг УИХ-ын дарга байх үед Үндсэн хуулийн Цэцийн гишүүнээр ажиллах томилолт өвөртөлсөн хүмүүс МАХН-ыг Ардын намын өмчлөлд үлдээх үү, эс үлдээх үү гэдгийг шийдэх гэж байна. Н.Энхбаяр болон МАХН хэмээх товчлолын хувь заяа Цэц болон Улсын дээд шүүхийнхний мэдэлд шилжсэн энэ цагт Ардын намыг ирэх сонгуулиас өмнө аврах үүрэг Ц.Нямдоржид оногдлоо.

Хамгийн сонирхолтой нь Ц.Нямдорж парламентыг даргалж байхад УИХ, Үндсэн хуулийн Цэц хооронд улс төрийн шинжтэй үл ойлголцол даамжирсан. УИХ-ын гишүүд 2007 онд тойрог тус бүртээ 250 сая төгрөг хуваарилах үед, Улс төрийн намын тухай хуулийг 2005 онд шинэчлэх үед Цэц хориг тавьж байв. УИХ, Үндсэн хуулийн Цэц хооронд зургаан жилийн өмнө өрнөж байсан маргаан МАХН гэдэг товчлолоос үүдэн дахин сэдрэх нь тэр. Парламент Улс төрийн намын тухай хуульд өөрчлөлт оруулж, МАХН гэдэг товчлолыг дахин сэргээх асуудалд 25 жилийн хугацаатай хориг тавьсан. Гэвч тэр үед нэгэн иргэн “Үзэл бодлоороо эвлэлдэн нэгдсэн хүмүүс нам байгуулдаг. Тэд намаа хэрхэн нэрлэхээ өөрсдөө шийднэ. Бусдын “голсон” нэрийг авч ч болно, үгүй ч байж болно. Хэрхэх нь тэдний эрх. Түүнээс биш МАХН гэдэг товчлолыг хэн нэгэн өмчлөх эрхгүй” хэмээн Үндсэн хуулийн Цэцэд өргөдөл гаргасан удаатай. Цэц үүнийг нь хэлэлцэж, эрх баригч хүчний эрх ашигт нийцсэн тэрхүү заалтыг цуцлуулсан билээ. Чухам ийм л учраас “МАХН гэдэг товчлолыг Н.Энхбаяр өмчлөх эрхтэй. Үгүй ээ, энэ бол Ардын намын өмч” гэх маргаан эцэс төгсгөлгүй өрнөх болов.

Тийм ээ, Ц.Нямдорж алхныхаа тогшилтоор Цэцийн гишүүдийг томилсон. Цэцийн гишүүд хариуд нь түүнийг УИХ-ын даргын албанаас унагасан. Хэдийгээр Үнд­сэн хуулийн Цэц тухайн үед “УИХ-ын дарга Ц.Нямдорж зарим хуулийг дур мэдэн засварласан нь Үндсэн хууль зөрчсөн үйлдэл мөн” хэмээх шийдвэр гаргаж, Ц.Нямдорж төд удалгүй албан тушаалаасаа огцрохоо мэдэгдсэн билээ. Харин хөшигний ард институци хоорондын зөрчилдөөн даамжирч, мөнөөх “Урт шар дээлт” Цэцэд нөлөөлсөн учраас мань улстөрч суудлаа тавьж өгсөн удаатай. Улс төрийн цаг Н.Энхбаяр, Ц.Нямдорж хоёроор дэндүү даажигнаж байна. Тэрхүү цаг өдгөө Н.Энхбаярын талд зүүгээ чиглүүлэх үү, аль эсвэл Ц.Нямдоржоор дамжуулж Ардын нам тийш хандах уу гэдэг нь нэн сонирхолтой.

Ингэхэд Н.Энхбаяр Ц.Эл­бэг­доржтой тохиролцоо хийх үү. Сониуч улстөрчид иймэрхүү өнгө төрхийг дурандаа буулгаж эхэлжээ. Ц.Элбэгдоржийн дохио зангаагаар Үндсэн хуулийн Цэц, Улсын дээд шүүхийнхэн МАХН гэдэг товчлолыг Н.Энхбаярт өгвөл яах вэ. Тэд өөр зуураа ийм асуулт тавьж байх юм. Тэгмэгцээ “За, Ц.Элбэгдорж Н.Энхбаярыг өршөөж, түүнд МАХН гэдэг товчлолыг өгдөг юм байж. Тэгвэл Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны сонгуульд Ардын намаас С.Баяр, Ардчилсан намаас Ц.Элбэгдорж, МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвшвэл яах вэ” хэмээн зөгнөж байна. Харин Ц.Элбэгдорж, Н.Энхбаяр, С.Баяр нар энэ тухайд юу гэж бодож байгаа бол. Ардчилсан намын дарга Н.Алтанхуяг нэгэнтээ “Бид тухайн үеийн МАХН-тай хамтарч Засгийн газар байгуулсан ч Ц.Элбэгдоржийн хэлсэнчлэн тэрхүү “өндөг”-өө алдаж хагалсан удаатай. Гэвч энэ удаад бол тэгж гэнэ алдахгүй шүү” хэмээн Ардын намын 90 жилийн ойн баярын хурал дээр хэлсэн билээ. Гэвч МАХН гэдэг товчлол Н.Энхбаярын мэдэлд шилжвэл хамтарсан Засгийн газар хэмээгч “өндөг”-ийг хагалах зүү түүний гарт орлоо гэсэн үг. Хамгийн сонирхолтой нь тэр зүү яг одоо хэний халаасанд байна вэ. Ц.Элбэгдоржийнход уу, аль эсвэл Ц.Нямдоржийнход уу.     

С.БАТТУЛГА


Зохиогчийн эр:
"Улс төрийн тойм" сонин

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж