Япон байлдааны бэлэн байдалд

Хуучирсан мэдээ: 2012.08.17-нд нийтлэгдсэн

Япон байлдааны бэлэн байдалд

Бага зэрэг амс хийсний дараа Хятад Япон хоёр газар нутгийн маргаан хурцдаж эхлэв. Маргааны бай болсон Сенкаку  арлуудын эргэн тойронд Хятад өдөөн хатгалтын шинэ үзүүлэлт хийсний дараа Японы эрх баригчид флотоо байлдааны өндөржүүлсэн байдалд оруулан Хятадын хөлөг онгоцыг усан буугаар буудан  хэд хэдэн хүнийг нь баривчилсан байна. Энэ зууо Япон энх тайванч улс гэдгээ мэдэгдэн зарлав.

Хятад газар нутгийн маргааны бай болсон Дяоюйдао (Сенкаку)  арлуудад хөлөг онгоцоо илгээсэн учраас Япон эргийн хамгаалалтаа байлдааны бэлэн байдалд оруулав.

“Бид байлдааны өндөржүүлсэн бэлэн байдалд байгаа ба тэднийг Японы газар нутгийн усан хил эсвэл аралд буулгахгүйн тулд үүнийг хийж байна.  Үүний зэрэгцээ мөргөлдөөн гаргахгүйн төлөө арга хэмжээ авч байна” хэмээн Японы албан тушаалтан хэлжээ.

Усан их бууны “усанд” өртөв

Гэсэн хэдий ч мэдээллийн агентлагуудын мэдээлснээр Японы засаг захиргаанд байдаг маргаантай арлуудын нэг дээр тийшээ очсон Хятадын идэвхтнүүд бууж чадсан бололтой. Хятадын таван хүнийг японы тал барьсан байна.  Гонконг дахь “Дяоюйдао арлуудыг хамгаалах үйл ажиллагааны хороо” сэтгүүлчдэд мэдэгдэхдээ Японы эргийн хамгаалалт Хятад хөлөг онгоцыг усан их буугаар буудсан гэжээ.

Японд эдгээр хэрэг явдлын улмаас ерөнхий сайд Ешихико Нодагийн дэргэд шуурхай штаб байгуулан ажиллуулахаар шийдээд ажилдаа оржээ. Хятадын идэвхтнүүдийн үйлдлийг “Японы зохих хууль дүрмийн дагуу хатуу чандаар шүүх болно” хэмээн Ешихико Нода мэдэгдсэн байна.

Өмнө нь Хятадын эрх баригчид өөрсдийн иргэдийн аюулгүй байдалд занал учруулах ямар нэгэн үйлдэл хийхгүй байхыг Японоос шаардсан юм. “Хятад Дяоюйдао арлуудын хамаарлын талаар тодорхой хатуу байр суурьтай. Хэрэг явдлын өрнөлтийг анхааралтайгаар харж байна. Хятадын тал БНХАУ-ын иргэдийн аюулгүй байдалд заналхийллээс хийсэн ямар нэгэн үйлдлээс татгалзахыг Японоос шаардаж байна” гэж БНХАУ-ын Гадаад хэргийн яамны албан ёсны төлөөлөгч Цинь Ган мэдэгдсэн юм.

Хятад “Баодяо” хөлөг онгоцоор Гонконгийн 14 идэвхтэн явж, тэд өөрсдийн үйл ажиллагаагаар маргаантай арлуудад Япон хяналт тавьж байгааг эсэргүүцсэн гэжээ. Японы Засгийн газар хувь хүнээс эдгээр арлуудыг худалдан авч нийгэмчлэх гэснээс хойш асуудал хурцадсан. Энэ нь эдгээр нутагт Токио өөрсдийн эрхийг бэхжүүлэхээр оролдож байна гэж Хятадын тал эсэргүүцсэн. Үүний зэрэгцээ Хятад Зүүн Хятадын тэнгист өргө хүрээний зургаа хоногийн хээрийн сургууль зарласан юм. Цэргийн шинжээчдийн үзсэнээр тэр хээрийн сургуульд тогтмол ажиллагаанаас гадна тэнгисийн десант буулгах шинэ элементийг оруулсан байжээ.

Сарын өмнө Хятадын хэд хэдэн хөлөг онгоц Сенкакугийн ойролцоох усан хилд орсон нь Японы зүгээс эсэргүүцэл илэрхийлэхэд хүргэсэн юм. Хятадын Гадаад хэргийн сайд Ян Зечи Японы Гадаад хэргийн сайд Коитиро Гэмбад хариу барин Дяоюйтай ольтриг нь эрт дээр цагаас Хятадын нутаг учраас Хятад түүнийг эзэмших бүрэн эрхтэй гэсэн байлаа. Дараа нь Япон өөрийн Элчин сайдаа Бээжингээс дуудан зөвлөлдөхөөр болсон байв.

Маргаант газар нутаг

Үүнтэй зэрэгцэн Япон болон Өмнөд Солонгосын газар нутгийн маргаан Токиогийн санаархдаг Токто арлын эргэн тойронд бослоо. Өнгөрсөн долоо хоногт Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Ли Мен Бак анх удаагаа тэнд очсон нь Токиогийн дургүйцлийг төрүүлэн Сөүлээс Элчин сайдаа дуудахад хүргэлээ.

Хариуд нь Ли Мен Бак гал дээр тос нэмэн Японоос Солонгосын хойгийг колончлон дээрэлхэж байсныхаа төлөө уучлалт гуйхыг шаардсан байна. Солонгосын рок дуучин Ким Чан Хуны тэргүүлсэн 40 солонгос идэвхтэн Токто арлыг Солонгосынх  болгон хүлээн зөвшөөрүүлэх арга хэмжээ хэмээн арлыг тойрон 200 км-ын буухиа сэлэлт хийхээр ажилдаа орсон байна.

Японы сайд нар Ясукуни сүмд мөргөл хийсэн ч эдгээр орнуудын харилцаанд сайн зүйлийг авчирсангүй. Дэлхийн дайнд амь үрэгдсэн япон цэрэг, жанжнуудынх нь нэрстэй самбар байдаг Ясукуни сүмд Японы Тээврийн сайд Юитиро Хата ба Хэрэглээний явдлын яамны төрийн сайд  Зин Мацубара нар лхагва гаригт очжээ.

Японы албан ёсны хүмүүс уг сүмд очихыг Өмнөд Солонгос ба Хятад эсэргүүцдэг. Бээжин, Сөүл хоёр уг сүмд дэлхийн II дайны үеэр хоёр орны нутагт цэргийн гэмт хэрэг хийсэн хүмүүсийг дурсан санаж, хоёр орны ард түмний үндэсний сэтгэл  санааг доромжилж байна гэж үздэг байна. Үүнтэй холбогдуулан Сөүл энэ арга хэмжээгээ болихыг Токиогоос шаардсан юм.

Энэ бүгдийн зэрэгцээ Японы эрх баригчид өөрсдийгөө энх тайванч гэдгийг үргэлжлүүлэн харагдуулахаар хичээв. Дэлхийн II дайнд бууж өгсний ойн дурсгалын ёслол дээр ерөнхий сайд Ешихико Нода Японы үйлдлээс болон хэлмэгдсэн бүгдэд харамсал илэрхийлэн хүлцэхийг хүслээ. “Дахин хэзээ ч байлдахгүй гэсэн тангарагтаа Япон үнэнч байна. Бид дэлхийн хамтын нийгэмлэгтэй хамтран энх тайвны сайн сайхны төлөө ажиллан дайн гаргуулахгүйн төлөө хүчин чармайлт гаргана” хэмээн ерөнхий сайд онцлов.

Гэсэн ч шинжээчид газар нутгийн маргаан цаашид хурцдана гэж үзэж байгаа. БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайд Вэнь Зябао өмнө нь байгалийн хийн нөөцөөр баян арлын бүсийг “Хятадын суурь сонирхлын бүс” хэмээн нэрлэснийг шинжээчид “Хятад энэ асуудлыг Түвдийн адил төрийн тэргүүлэх маш чухал төвшинд аваачсаныг харууллаа” гэжээ.

Зарим шинжээчид Японы эрх баригчид Хятадтай зэвсэгт мөргөлдөөн гарах хувилбарыг тооцоолсон гэж байна. Мөн хятадууд загасчдын дүрээр аралд өөрийн десантыг буулгаж болох талтайг тэд хэлж байгаа. Ийм тохиолдолд ойролцоох арлуудын цагдаа нараас гадна Японы өөрийгөө хамгаалах хүчнийхэн довтолгоог няцаахаар хөдлөнө гэж тэд дүгнэв.

“Гэхдээ талууд сөргөлдөөнийг бүс нутгийг дэлбэлэх хэмжээнд хүрэхгүй нь мэдээж. Япон нь АНУ-тай аюулгүй байдлын гэрээтэйг хятадууд ойлгож байгаа. Уг гэрээний дагуу АНУ нь Японыг гадны довтолгооноос хамгаалах үүрэгтэй”  хэмээн Оросын шинжээч Кистанов хэлжээ. Арлуудыг тойрсон маргаан 2010 онд хурцдахад АНУ гэрээндээ үнэнч, Японд туслана гэж байлаа.

Цэргийн сөргөлдөөнийг гаргуулахгүй байх эрүүл саруул ухаантай улстөрчид гурван оронд бий. Гэхдээ л сэтгэл зүйн хурцатмал байдал улс орнуудад бие биенийхээ эсрэг сөрөг санаа бодлыг нэмэгдүүлж байна. Япончуудын 80 хувь нь олон нийтийн санал асуулгын дагуу Хятадыг буруутай гэж байгаа. Хятадууд япончуудад хэрхэн ханддагийг хэлэх хэрэггүй биз. Тэнд үл ялих шалтгаанаар л Японы эсрэг үзэл санаа дүрэлзэх гээд байдаг юм.

Ш.МЯГМАР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж