Сая болоод өнгөрсөн “Эрүүл хүүхэд” аяны үеэр нэлээд олон хүүхэд шодойн толгойг бүрдэг тээрхийн арьс нь бүрэн эргэхгүй байна хэмээн оношлогдсон бөгөөд үүнийг нь арьсны нарийсал буюу пемоз гэж нэрлэдэг гэнэ. Тээрхийн арьс нь эргэхгүй тохиолдолд заавал мэс заслын аргаар эмчилдэг гэж ойлгож болохгүйг мэргэжлийн эмч нар зөвлөх ёстой байтал хувийн эмнэлэг нь орлогоо бодоод мэс ажилбар хийхийг илүүд үздэг байна. Мэдээж мэс ажилбар хийж буй тул “аюултай, эрсдэлтэй” зүйл хэмээн айлгах тактик хэрэглэдэг гэнэ. Гэтэл жинхэнэ мэргэжлийн эмч нь энэ талаар “Дөрөв хүртэлх насны хүүхдийн тээрхийн арьс чөлөөтэй эргэхгүй байх нь өвчин биш. Өсөлт хөгжил нь гүйцээгүй, арьсны хөгжил нь удаан байж болох талтай. Өөрөөр хэлбэл, шээхэд нь саадгүй, ямар нэг үрэвсэлгүй бол айх аюул огтхон ч байхгүй. Тээрхийн арьс эргэхгүй байх нь хэд хэдэн шалтгаантай байж болдог учраас заавал мэргэжлийн эмч ялгаж салган тохирсон эмчилгээ хийнэ. Бид ч эмчилгээндээ аль болох энэ арьсыг нь авахгүй байхыг зорьдог. Тусгай эмийн бодистой массаж эмчилгээ хийнэ. Тээрхийн арьсны дотор гадаргаас нь тусгай бодис ялгарч бэлэг эрхтний толгойн хэсэгт хамгийн зөв орчинг бүрдүүлж, гадны халдвар нянгаас хамгаалж байдаг. Дотор гадаргаас нь шүүрэл ялгарч тээрхийн арьс чөлөөтэй эргэх нөхцөл бүрдүүлдэг гэхчлэн онцгой ач холбогдолтой. Гэтэл зарим хүн энэ арьс хэрэггүй, авахуулах ёстой юм байна гэж ойлгодог нь буруу. Ялангуяа, Америк, Солонгос улсад амьдарч байгаад ирсэн хүмүүс зүгээр байхад нь хүүхдийнхээ тээрхийн арьсыг хувийн эмнэлгүүдэд очоод авахуулчихдаг. Энэ нь маш буруу. Зайлшгүй мэргэжлийн эмчид үзүүлж, таарсан эмчилгээг нь хийлгэх хэрэгтэй” хэмээн анхааруулж байгаа аж. Дэлхий дахинд үүнийг нь мэс заслын аргаар эмчлэх тохиолдол тун бага буюу нийт өвчилсөн хүүхдийн гурав орчим хувийг л эзэлж байхад манай хувийн эмнэлгүүд мэс ажилбарыг урьтал болгоод буй нь яавч эрүүл үзэгдэл биш. Үүнийг юу гэж ойлгох вэ, хүүхдийн эрүүл мэндээр бизнес хийж байна гэж болох уу.
Хүүхдийн эрүүл мэндээр бизнес хийхээ хэзээ болих вэ?
“Эцэг эхүүд хүүхдүүдээсээ мөнгө харамладаггүй юм. Тийм болохоор хүүхдийн эмнийхээ үнийг арай өндөр байлгадаг юм. Бүгд л тэгдэг шүү дээ” гэж эмийн санч найз маань үг унагаж билээ. Уг нь цаанаас оруулж ирдэг үнэ нь бусад эмнүүдээс тийм их ялгаатай биш ч үнийг нь хоёр гурав дахин өсгөөд зарсан ч хэрэглэгчид үнэтэй байна гэж заргалдаад байдаггүй гэнэ. Тэр тусмаа хүүхдийн эм авч буй эцэг эхчүүд нь хүссэн эм нь байгаа эсэхийг сонирхохоос биш ямар үнээр өгөхийг нь барагтай бол сонирхдоггүй аж. Энэ яах вэ, бага зэрэг ашиг хийгээ л биз гээд орхиход нялх хүүхдийн эрүүл мэндээр бизнес хийх өөр нэг зүйлийг зүгээр орхиж боломгүй аж. Эрт цагт толь үйлдвэрлэгчид хотын иргэдийн дунд “шинэ он гарахаас өмнө бүх толио хагалахгүй бол муу муухай бүхэн гэрт тань нүүрлэнэ” гэж цуурхал тарааж, үүнийхээ хэргийг гаргаж чамгүй олон толь зарсан тухай түүх байдаг. Яг үүн шиг сүүлийн үед эцэг эхчүүдийн ам дамжин яригдаж буй асуудал нь “бяцхан жаалуудын боожгой” болоод байгаа бөгөөд юу юугүй хувийн эмнэлэгт очоод мэс ажилбар хийлгэдэг болоод байна.
А.ШАРХҮҮ