МАХН-МҮАН албан тушаалын хуваарилалтаас болж нэгдэх үү?

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

МАХН-МҮАН албан тушаалын хуваарилалтаас болж нэгдэх үү?

УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга, МАХН-МҮАН-ын Улс төрийн холбооны дэд дарга Ц.Цолмон сэтгүүлчдэд мэдээлэл хийж МАХН, МҮАН гэсэн хоёр намыг “МАХН-МҮАН” гэсэн нэртэй нэг нам болгохыг уриалж буйгаа мэдэгдлээ.

МАХН, МҮАН хоёр нам УИХ-ын 2012 оны сонгуульд  “Шударга ёс” эвсэл байгуулан хамтран оролцож парламентад 11 суудал авсан. Мөн хоёр нам 2021 он хүртэл есөн жил хамтран ажиллах урт хугацааны гэрээ байгуулсан. АН-тай хамтарч УИХ-д олонх болж Засгийн газрыг 75:25 гэсэн харьцаагаар бүрдүүлэн байгуулахаар болоод байгаа. Энэ үндсэн дээрээ хоёр намыг нэгтгэн хүчийг нь нийлүүлж “МАХН-МҮАН” нэртэй нэг нам болгон байгуулахыг Ц.Цолмон гишүүн уриалж буйгаа сэтгүүлчдэд мэдэгдлээ.

Эрхэм гишүүн Ц.Цолмон хоёр намыг нэгтгэх хэд хэдэн үндэслэлийг дэвшүүлсэн юм. Юуны өмнө хоёр намын дарга нар сонгуулийн өмнө “Хоёр нам сонгуульд ялбал нэг улс төрийн хүчин болж ажиллана” гэсэн ам тохироо хийж байсныг албан ёсны болгох цаг ирлээ гэж тэрбээр мэдэгдлээ. Хоёр намыг “Монголоо аврах таван хувьсгал” гэсэн мөрийн хөтөлбөр, Монголын улс төр, төр, засгийг тогтвортой байлгаж улс орноо хөгжүүлэхийн төлөөх үзэл баримтлал нэгтгэж байгааг мөн санууллаа. Үндэсний ухаарлыг эрхэмлэгчдийн улс төрийн нэгдэл болох МҮАН, социал длемократ чиглэлтэй МАХН хоёр олон талаар ижил төстэйг ч хэлж байв.

Гишүүний хэлснээс үзвэл хоёр намын “Шударга ёс” эвслийг албан тушаал хуваарилах квотын систем нь эрүүл бус байдалд хүргэдэг бололтой. Квотын систем эвслийн дотор үл ойлголцол, талцал, шударга бусаар өрсөлдөх зэрэг эрүүл бус харилцааг үүсгэдэг нь нууц биш гэдгийг хэлсэн юм. “Хоёр нам нэгдсэнээр тухайн албанд илүү хариуцлагатай, чадварлагаар ажиллах хүнийг эвслийн хүрээнээс чөлөөтэй сонгох бололцоо бүрдэнэ. Нэгдсэний эхний жилд намын удирдлага хоёр намын гишүүдээс 50:50 харьцаагаар ажилд томилох нь шилжилтийн үеийн онцлогт тохирно” гэж эрхэм гишүүн Ц.Цолмон хэллээ.

Хэдийгээр хоёр намаас бүрдсэн “Шударга ёс” эвслийнхэн АН-тай хамтарсан Засгийн газрын 25 хувийг бүрдүүлэхээр гэрээ байгуулсан ч ногдсон 25 хувийг 100 хувь гэж үзвэл түүний 70 хувийг МАХН, 30 хувийг МҮАН-д хуваарилахаар дотроо шийджээ. Одоогийн байдлаар “Шударга ёс” эвсэлд Засгийн газрын шадар сайд, гурван яам оногдохоор болж буй. Тэгвэл энэ суудлаас МАХН-д гурав, МҮАН-д нэг суудал ногдохоор эвсэл дотроо ярьж байгаа нь хоёр намыг нэгтгэн томилгоог хоёр намд ижил 50:50 гэсэн харьцаагаар хуваарилах уриалгыг МҮАН-ын талаас гаргахад хүргэсэн бололтой. Мэдээлийн дараа эрхэм гишүүн Ц.Цолмон сэтгүүлчдийн асуултад хариуллаа.

-Хоёр нам нэгдвэл “Шударга ёс” эвсэл задрах уу. Хэрэв тэгвэл УИХ дахь эвслийн бүлэг байхгүй болно. Үүнийг юу гэж үзэж байгаа вэ?

-Эвслийг бүрдүүлж байгаа намууд тасарч салж байгаа биш нэгдэж байгаа тохиолдолд бүлэг тарахгүй. Эвслээс аль нэг нам гарч эвсэл задарвал бүлэгүй болно.

-Нам нэгтгэх асуудлыг МАХН-ын талд тавьсан уу?

-Хараахан тавиагүй байна. Хоёр намын дарга уулзаж үүнийг албан ёсоор яриагүй.Энэ асуудлыг хоёр намын бүх шатны байгууллага авч үзэж хэлэлцэх ёстой. Хоёр нам нэгдсэнээр эвслийн гэрээнд сөрөг нөлөө үзүүлэхгүй. Урьд МҮАН /ҮШН/-д дөрвөн жил болсон хүний хувьд одоо хоёр намыг нэгтгэх цаг болжээ гэж үзэж байна. Уриалгыг одоо МАХН-д хүргүүлнэ.

-МАХН арай зүүний, МҮАН барууны үзэл баримтлалтай байх. Энэ зөрүү намуудыг нэгтгэхэд сөрөг нөлөө үзүүлэх үү. Бас “Шударга ёс” эвсэл барууны үзэл баримтлалтай АН-тай хамтарч Засгийн газарт ороход бэрхшээл гарах уу?

-Миний хувьд  МҮАН-ыг ч, АН-ыг ч барууны нам гэж үзэхгүй байна. Сонгодог утгаараа Монголд баруун, зүүний нам байхгүй. Үйл ажиллагааны мөрдлөгийн хувьд зүүний, зүүн төвийн үзэл баримтлалтай намууд гэж үздэг. МҮАН бол үндэсний бахархал, соёл, уламжлалыг дээдэлдэг нам. Цаашдаа Монголд хоёрхон нам үлдэнэ. Нэг нь Монголоороо үлдье, нөгөө нь Монголоо даяаршуулъя гэсэн хоёр хүч үлдэж ээлжээр засгаа бариад явах нь ашигтай. АНУ-д хоёр нам ээлжилж засаг барьдаг шиг болох байх гэлээ.

                            Д.ОЮУН

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж