Сирид дахин нэг хотыг бөмбөгджээ

Хуучирсан мэдээ: 2012.08.16-нд нийтлэгдсэн

Сирид дахин нэг хотыг бөмбөгджээ

Өчигдөр Сирийн байлдааны хоёр онгоц босогчдын байрлаж байсан Аазаз хэмээх жижиг хот руу агаараас гэнэтийн дайралт хийсэн байна. Энэхүү гэнэтийн бөмбөгдөлтөнд хотын иргэд айн сандралдан, гэр орноосоо дүрвэн, том хад чулуун дунд нуугджээ. Уг агаарын дайралтын улмаас Туркийн хилийн ойролцоо найман хүн нас барж, олон хүн шархтаж, гэмтсэн байна. Хохирогчдын ихэнх нь хүүхдүүд байжээ.

Энэхүү дайралт нь НҮБ-ын мэдэгдэл хийсэн өдөртэй давхцан гарсан байна. НҮБ “Өнгөрсөн тавдугаар сард Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын цэргийнхэн болон тэдний дэмжигчид Хуола тосгонд дайралт хийж 100 гаруй энгийн иргэдийг хөнөөсний  бараг тэн хагас нь хүүхдүүд байсан” гэж мэдэгджээ.

Аазаз хотод цугласан олон тооны босогчдын ихэнхи нь Калашников буунаас өөр зэвсэггүй байна. Эхний онгоц хотын дээрээс бөмбөг хаясны дараа маш том утаан үүл үүссэн байна. Харин удалгүй дараагийн онгоц хотын төв хэсэгт бөмбөг хаяжээ. Тус хотын иргэдийн ихэнх нь Туркийн хил рүү зугтсан байна. Сүүлийн хэдэн долоо хоногийн турш Сирийн Ерөнхийлөгч Башар аль-Ассадын цэргүүд босогчдын хорогдож буй томоохон хотууд руу байлдааны онгоц болон нисдэг тэргээр дайралт хийсээр байгаа билээ.

Б.АНХТУЯА

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж