Жүдочдод байрны батламж гардууллаа

Хуучирсан мэдээ: 2011.03.30-нд нийтлэгдсэн

Жүдочдод байрны батламж гардууллаа

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж өнөөдөр өглөө Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Х.Цагаанбаатар, М.Бундмаа болон шигшээ багийн ахлах дасгалжуулагч Ч.Насантогтох нарыг Хууль зүй, дотоод хэргийн яамны байранд хүлээн авч, уулзан байрны батламж гардууллаа. Монголын жүдо бөхийн өнгө төрхийг тодорхойлж, оролцсон тэмцээн бүртээ өндөр амжилт гаргаж буй олимпийн наадмын хүрэл медальт, дэлхийн аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, ШШГЕГ-ын харьяа “Сүлд” спорт хорооны тамирчин Х.Цагаанбаатарт гурван өрөө байр, дэлхийн аваргын хүрэл медальт, Монгол Улсын гавьяат тамирчин, ЦЕГ-ын харьяа “Хүч” спорт хорооны тамирчин М.Бундмаа болон Ардын багш Ч.Насантогтох нарт тус тус хоёр өрөө байрны батламж гардуулсан юм. Тэдний орон сууц энэ оны сүүлээр ашиглалтад орох ажээ.

Ч.Насантогтох, Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарын сэтгэгдлийг сонслоо.

Х.Цагаанбаатар: Миний хувьд үнэхээр сэтгэл өндөр байна. Урмыг минь сэргээж, сэтгэлийг минь бадраасан Хууль зүй, дотоод хэргийн яам, Ц.Нямдорж сайд, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны баг, хамт олон, бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Намайг үргэлж тусалж, дэмжиж байдагт талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Цаашид хичээж, эх болсон сайхан орныхоо уул ус үргэлж түшиж, өвөг дээдсийн минь хийморь сүлд, буян заяа ивээж, Монголын маань тамирчид 2012 оны Лондонгийн олимпод Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлэх байх гэж бодож, зүтгэж байна.

Ч.Насантогтох: Ц.Нямдорж сайд бидэнд байр өгсөн явдалд маш их баярлаж байна. Одоо хүртэл сэтгэл тайвширч чадахгүй л байна. Үнэхээр их баярлаж байна. Ёстой нөгөө “Зүүд биш байгаа даа” гэдэгчлэн би хоёр өрөө байртай боллоо. Ар гэрийн байдлыг төр засаг маш сайн ойлгож, мэдэрч, бодож явдаг юм байна гэсэн сайхан сэтгэгдэл төрж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ, ЦЕГ-ын хамт олонд маш их баярлалаа. Зөвхөн миний төдийгүй хань, үр хүүхдийн минь хувьд насан туршдаа амьдрах сайхан гэр орон бэлэглэсэнд баяртай байна. Үүний хариуд 2012 оны Лондонгийн олимпийн наадамд улам илүү хөдөлмөрлөж, Бээжингийн олимпийн амжилтаа бататгахын төлөө баг тамирчдынхаа хамт зүтгэх болно гэдгээ хэлэхийг хүсч байна.

М.Бундмаа: Үнэхээр их баяртай байна. Тамирчин бид бүхнийг ойлгож, дэмжиж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, “Хүч” спорт хороондоо маш их баярлаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Спорт гэдэг мэдээж хатуу. Тиймээс тэвчээртэй, хатуужилтай байж, амжилт гаргавал төр засгаас амжилтыг тань үнэлж, ингэж урамшуулдаг юм байна гэдгийг залуу тамирчдадаа хэлмээр санагдлаа.

С.Цэлмэг

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж