Ч.Насантогтох, Х.Цагаанбаатар, М.Бундмаа нарын сэтгэгдлийг сонслоо.
Х.Цагаанбаатар: Миний хувьд үнэхээр сэтгэл өндөр байна. Урмыг минь сэргээж, сэтгэлийг минь бадраасан Хууль зүй, дотоод хэргийн яам, Ц.Нямдорж сайд, ШШГЕГ-ын “Сүлд” спорт хорооны баг, хамт олон, бие бүрэлдэхүүнд маш их баярлалаа. Намайг үргэлж тусалж, дэмжиж байдагт талархаж явдаг шүү гэдгээ хэлмээр байна. Цаашид хичээж, эх болсон сайхан орныхоо уул ус үргэлж түшиж, өвөг дээдсийн минь хийморь сүлд, буян заяа ивээж, Монголын маань тамирчид 2012 оны Лондонгийн олимпод Төрийн дууллаа дахин дахин эгшиглүүлэх байх гэж бодож, зүтгэж байна.
Ч.Насантогтох: Ц.Нямдорж сайд бидэнд байр өгсөн явдалд маш их баярлаж байна. Одоо хүртэл сэтгэл тайвширч чадахгүй л байна. Үнэхээр их баярлаж байна. Ёстой нөгөө “Зүүд биш байгаа даа” гэдэгчлэн би хоёр өрөө байртай боллоо. Ар гэрийн байдлыг төр засаг маш сайн ойлгож, мэдэрч, бодож явдаг юм байна гэсэн сайхан сэтгэгдэл төрж байна. Хууль зүй, дотоод хэргийн яам, ШШГЕГ, ЦЕГ-ын хамт олонд маш их баярлалаа. Зөвхөн миний төдийгүй хань, үр хүүхдийн минь хувьд насан туршдаа амьдрах сайхан гэр орон бэлэглэсэнд баяртай байна. Үүний хариуд 2012 оны Лондонгийн олимпийн наадамд улам илүү хөдөлмөрлөж, Бээжингийн олимпийн амжилтаа бататгахын төлөө баг тамирчдынхаа хамт зүтгэх болно гэдгээ хэлэхийг хүсч байна.
М.Бундмаа: Үнэхээр их баяртай байна. Тамирчин бид бүхнийг ойлгож, дэмжиж байгаа Хууль зүй, дотоод хэргийн яам, ЦЕГ, “Хүч” спорт хороондоо маш их баярлаж байгаагаа хэлэхийг хүсч байна. Спорт гэдэг мэдээж хатуу. Тиймээс тэвчээртэй, хатуужилтай байж, амжилт гаргавал төр засгаас амжилтыг тань үнэлж, ингэж урамшуулдаг юм байна гэдгийг залуу тамирчдадаа хэлмээр санагдлаа.